Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 159/ШШ2021/0014

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, С.Ариунбатын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ариунбат 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2020 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байх хугацаандаа хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүйгээр ажилласаар ирсэн. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар 21 дугаар тогтоол гарч намайг хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн ба энэхүү тогтоол нь дараах хууль болон хуралдааны нийтлэг дэгийг зөрчсөн байна. Нэгдүгээрт:

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар

-Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай

-Жунмэй инженеринг ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хүсэлт

-Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнэ тарифыг шинэчлэн батлах тухай

-Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

-Баян хөгжил сан НҮТББ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх асуудлыг хэлэлцэхээр болсон ба хурлын даргыг чөлөөлөх асуудал дурдагдаагүй байхад хуралд шууд санал оруулж хэлэлцэж шийдвэрлэсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ... хурлын тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй ... 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан ... 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй... гэж заасныг зөрчсөн.

2.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолд ямар үндэслэлээр хурлын даргаас чөлөөлж байгаа талаар тусгаагүй, энэ талаар баримтжуулаагүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэгийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... хуралдаанаар холбогдох хууль журамд заасан шаардлагыг хангасан, хэлэлцэх асуудлын дараалалд орж батлагдсан асуудлыг хэлэлцэнэ ... гэж заасан байхад дээрх тогтоол нь хуралдааны нийтлэг дэгийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримталсан үндэслэлгүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэгийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь хуралдаанд оролцож буй намын бүлгийн гишүүд төлөөлөгч нь зөвхөн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээнд санал, дүгнэлт гаргах эрхийг тусгасан утгыг агуулсан байхад шууд бие дааж санал гаргаад түүнийг нь хурлаар хэлэлцээд шийдвэрлэх асуудал гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэгийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй боловч хуралдаанд асуудал санаачлан оруулах эрх бүхий этгээдээс хуралдааны хэлэлцэх асуудлын шаардлага хангасан цаг үеийн тулгамдсан асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гаргасан саналыг төлөөлөгчдийн олонх нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулж батлуулж болно гэж тусгасан боловч энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл хурлын дэгт тусгагдсан ... хэлэлцэх асуудлын шаардлага хангасан цаг үеийн тулгамдсан асуудал гэдэгт иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх асуудал хамаарахгүй юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхбат 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Уг нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарөх өдрөөр тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс С.Ариунбатыг олонхийн саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга албан тушаалаас нь буулгах санал гаргасныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхбат миний биеийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан нь С.Ариунбат нь өөрөө уг үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч С.Ариунбат, хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нар 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэг талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан С.Ариунбат РД:МБ87021212, нөгөө талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат РД:МБ88111012 нар нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Тохиролцсон байдал:

1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгох,

2. С.Ариунбат нь өөрийн хүсэлтээр өргөдөл гаргах,

3. Б.Энхбатыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байх үед С.Ариунбат нь иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчээр ажиллах,

4. С.Ариунбатад ажилгүй байсан хугацааны буюу 2 сарын цалин болох 1367869*2=2735738 төгрөгийг олгох,

5. С.Ариунбат нь 2024 он хүртэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшихгүй байхаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат С.Ариунбатын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч С.Ариунбат, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан С.Ариунбатын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Ариунбат нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР