Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 33

 

МАГАДЛАЛ

 

2017.12.27                                                     Дугаар 33                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Э к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02290 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Л холбогдох,

Гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 31 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э, Б.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Э к” ХХК нь хариуцагч Б.Л-тэй 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо М т хотхоны К т барилгын 116 байрны 101 тоот 5 өрөө орон сууцыг 645 000 000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 56 000 000 төгрөгөөр нийт 701 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Б.Л нь 2 талын байгуулсан гэрээний 3.1-д орон сууцны төлбөрт гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 620 000 000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 60 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 21 000 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч “Э к” ХХК-д урьдчилгаа төлбөрийг төлж, орон сууцны түлхүүрийг хүлээж авснаар “Э к” ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Б.Л гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийг бүрэн төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Орон сууцны нийт төлбөрт хариуцагч 650 000 000 төгрөгийг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 45 000 000 төгрөгийг нэмж төлөөд одоогийн байдлаар 6 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 2.1, 3.1-д заасны дагуу орон сууцны төлбөр 6 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээний 3.5-д заасны дагуу алданги 25 500 000 төгрөг нийт 31 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Аав минь саяхан нас барсан бөгөөд аавынхаа эд зүйлийг үзэж байгаад энэ байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олсон юм. Аав минь өмнө нь энэ байрны гэрчилгээ байдаг гэж хэлж байгаагүй. Тийм болохоор би бодохдоо төлбөрийг нь өгөөд, ордер нь гарчихсан, одоо энэ байр бол манай ахын эзэмшил юм байна гэж ойлгосон. Аав минь надад “Э к” ХХК дээр байгаа үлдэгдэл ийм мөнгийг төлөх ёстой, энэ байранд та нар амьдарч байх юм гэж хэлсэн. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа гэрээ зэргийг бол мэдэхгүй байна. Энэ гэрээг нь харахаар манай Б.Л ахын гарын үсэг биш байдаг. Тэгэхээр би энэ нэхэмжилж байгаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аавынхаа захиасаар энэ мөнгийг төлж дуусгаарай гэж хэлсэн болохоор төлж дуусгана гэж зорьсон. Манайд энэ мөнгийг төлөхгүй гэсэн зүйл байхгүй, гэхдээ асуудлаа шийдвэрлүүлж авъя гэж “Э к” ХХК-д хэлж байсан. Манай ах энэ байранд 2 жил өвөлжсөн, одоо 3 дах жилдээ өвөлжих гэж байна. Хүүхдүүд нь өвөл болохоор 21 дүгээр хороололд дулаахан байранд өвөлжих гээд явдаг. Хүн амьдрахад хэцүү нөхцөл байдалд амьдардаг ч гэсэн энэ мөнгийг төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Гэтэл ийм гэрээтэй, гэрээний дагуу алданги төлөх ёстой гэсэн зүйл ярьсан. Орон сууцны доголдлыг шийдэж өгөөгүй байж энэ мөнгийг авна, дээрээс нь нэмж алданги авна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар ийм хүнд нөхцөл байдалд амьдарч ирсэн учраас хохиролтой санагдаж байна. Бид нар “Э к” ХХК-ийг шүүхэд өгөөгүй байхад өөрсдөө шүүхэд дуудагдаад алданги төлөх эсэх дээр ярилцаад байж байгаа дээр үнэхээр гомдолтой байна. Иймд манай асуудлыг шийдвэрлэсний дараа орон сууцны үнэ 6 000 000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж   өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л-с 29 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э к” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 500 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Л-с 302 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э к” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 650 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар байриулах гэрээ байгуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т х К таур барилгын 116 дугаар байрны 101 тоот нийт 701 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, 5 өрөө 215 м.кв орон сууцыг худалдах худалдан авах гэрээ, 2014 оны 06 сарын 05 өдрийн Орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т х К таур барилгын 116 дугаар байрны, 101 тоот 3 өрөө, 79,5 м.кв, үнийн дүн нь 238 500 000 төгрөгийн орон сууцыг худалдан авахаар гэрээ байдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь дугаар 000329774, Б.Л нэг иргэний өмч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т х К таур барилгын 116 дугаар байрны 101 тоот 3 өрөө, 79,5 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033166 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэсэн байна. Б.Л-тэй 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т х барилгын 116 дугаар байрны 101 тоот 5 өрөө орон сууцыг 645 000 000 төгрөгөөр, авто машины зогсоолыг 56 000 000 төгрөгөөр нийт 701 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгчийн яриад байгаа энэ гэрээнд Б.Л гарын үсэг зураагүй. Захиалагч талыг төлөөлж Н.Б гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Тэгэхлээр тухайн үедээ итгэмжлэлийн үндсэн дээр зурсан байх гэж бодож байна гэж ярьсан байдаг гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Э к” ХХК нь хариуцагч Б.Л холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож 31 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр    хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т х К тауэр 116 дугаар байрны 2-101 тоот 5 өрөө, 215 м.кв орон сууцыг гараашийн хамт 701 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээний зүйлийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, орон сууцны үнийн төлбөрөөс 6 000 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны төлбөрийн дутуу 6 000 000 төгрөг, алданги 25 500 000 төгрөг, бүгд 31 500 000 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь эс зөвшөөрч “...байр нь хүйтэн, чанар муутай, гэрээнд Б.Л гарын үсэг зураагүй...” гэж тайлбарласан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийн гүйцэтгэл буюу орон сууцны дутуу төлбөр 6 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Харин гэрээнд заасан алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь анзын гэрээг бичгээр байгуулахаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан ба дээрх гэрээнд хариуцагч Б.Л гарын үсэг зураагүй, Б гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02290 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч У овогт Б-ын Л-с 29 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э к” ХХК-д...” гэснийг “6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э к” ХХК-д олгож, үлдэх 25 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагч Б.Л-с 302 950 төгрөгийг гаргуулан...” гэснийг “110 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 610 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                        ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ                                       

 

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ