Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 94

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга,
Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох
2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., Р.П, Я.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Г нь аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрээр 1 сарын хугацаанд орон нутгийн өмчийн газрын зохих албан тушаалд томилогдох, 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр болсон. Хэрэв шийдвэрийг биелүүлэхгүй бол аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн заалт байсан. Уг шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд эргүүлэн томилох асуудал нь шийдэгдээгүй. Орон нутгийн өмчийн газарт үүрэг гүйцэтгэгч томилоод үйл ажиллагаа явуулсан. Түүнээс хойш шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газарт хандаж хариу ирэхийг нь хүлээсэн боловч бүтэн жил хагасын  хугацаа өнгөрсөн. 2017 оны 08 сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр нь  гарсан өдрөөсөө эхлэн биелэгдээгүй. Одоо миний бие дээрх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд 2017 оны 08 сарын 29-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. 2017 оны 08 сарын 29-ний өдрөөс 2018 оныг хүртэл  88 хоног, 2018 оны дуустал 284 ажлын хоног, 2019 оны 46 хоног нийтдээ 368 хонгийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны Б/110 дугаартай захирамжаар Л.Гийг орон нутгийн өмчийн албаны даргаас чөлөөлсөн байдаг. Энэ чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч  нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 08 сарын 29-ний өдөр 31 дугаартай шүүхийн шийдвэрээр  тухайн захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Энэ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрт  Орон нутгийн өмчийн алба нь Орон нутгийн өмчийн газар болсон тул тус байгууллагын  даргын албан тушаалд томилох боломжгүй гэсэн зүйлийг үндэслэх хэсэг дээрээ тусгаж өгсөн байдаг. Төсвийн тухай хуулиар аймгийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан. Тухайн байгууллагын дарга нь төсвийн шууд захиран зарцуулагч байдаг. Ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй. Тиймээс орон нутгийн өмчийн газар нь хариуцагч болохгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төлөөлөгч Ч.Ж нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай аймгийн төсвийн хувьд орон нутгийн төсвийн орлогоороо 30 хувийг бүрдүүлж, 70 хувийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн төсвийн орлого, зарлагыг Сангийн яаманд жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор хянуулдаг тул уг зардлыг шийдвэрлэх эх үүсвэр байхгүй. Нэхэмжлэгч нь төрийн санг хариуцагчаар дуудсан. Төрийн сан бол шийдвэр гаргадаг субъект биш. Энэ бол аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод бүтцийн нэгж буюу хэлтэс юм. Манай байгууллагыг хариуцагчаар татсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сум болон байгууллагаас, агентлагаас ирүүлсэн төсвийн гүйцэтгэл, урьд оны үйл ажиллагааг ирэх онд гүйцэтгэх ажиллагаатай нь уялдуулаад төлөвлөлтөө дахин тусгаад бодлогын шийдвэрээ тусгаад сангийн яаманд хянуудаг. Сангийн яам нь зардлын зүйл нэг тус бүрээр нь зардлыг хянаж өгдөг. Ирсэн мөнгийг нь төсвийн тухай хуульд заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлыг хуралдуулж, хэлэлцүүлж, аймгийн төсөв нь батлагддаг. Төсвийн мөнгө бол тодорхой зардлаар зарцуулагдахаар тусгасан мөнгө юм. Төрийн буруу шийдвэрээс иргэнд  учруулсан хохирлыг арилгах зорилгоор 2019  онд мөнгө хуваарилаагүй. 2018 онд 1 удаа улсын хэмжээнд судалгаа авч байгаад  сангийн сайдын төсөвт энэ мөнгийг суулгаж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулах хохирлыг нь барагдуулсан байдаг. Түүнээс аймгийн Төрийн  санд орон тоо бүтцээс хэтэрсэн цалинг олгох зохицуулалт бол байхгүй гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн шүүхэд Л.Г нь нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар орон нутгийн өмчийн газрыг татсан байна. Нэхэмжлэгч Л.Гийн шүүхэд гаргасан 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот шийдвэрийг хэрэгжүүлж өгч, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүссэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдаж, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газар болон шинээр үүсэн байгуулагдсан. Л.Г нь хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Нэхэмжлэгч Л.Г-ийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар оролцохоос татгалзаж байна. Учир нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтуудаар аймгийн Засаг даргад олгогдсон байдаг ба Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх нь тус газрын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр гэж тайлбар гаргасныг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шшүх хянан үзээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн юм. Мөн орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч Л.Гийг хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байсан үеэс, үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүртэл хугацаанд цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад өр, авлагын тооцоо байхгүй болно гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон нутгийн өмчийн газраас Л.Г-ийн нэхэмжилж байгаа мөнгө нь манай байгууллагын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж тайлбар гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авч шийдвэрийг хүчингүй болгосон гэв. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Одоо нэхэмжлээд байгаа цалинг нь манай байгууллага төлж барагдуулах боломжгүй. Амралтын мөнгө, томилолтын мөнгө зэрэг өмнө нь байсан тооцоог 2017 оны жилийн эцсийн тайлангаар бүрэн барагдуулсан гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн албаны даргаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн захирамжийг нэхэмжлэгч Л.Г нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр шийдвэр гарч, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Орон нутгийн өмчийн газрын зохих албан тушаалд Л.Г-ийг томилсон шийдвэр гаргаагүй бол тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжийг хүчингүй болгох, Л.Г-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 179 хоногийн олговорт 9.860.913 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д “...энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй...”, 110.1.2-т “...давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй...” бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд дээрх шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 
Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн дээрх хугацаанд Орон нутгийн өмчийн газрын зохих албан тушаалд Л.Г-ийг томилсон шийдвэр гаргаагүйгээрээ нэхэмжлэгч Л.Гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар “...Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно...” гэж заасан байх бөгөөд ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Л.Г-ийг өмчийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, албан тушаалын сарын үндсэн цалинг ТЗ-5-2 шатлалаар тогтоосныг нэхэмжлэгч Л.Г нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж, ажилд ороогүй байна. 
Нэхэмжлэгч Л.Г нь шүүх хуралдаанд “...2019 оны 01 сарын 24-нд Орон нутгийн өмчийн газар нь мэргэжилтнээр ажилд авсан, ирж ажлаа ав гэж ярьсан.  Орон нутгийн өмчийн газрын дарга нь намайг ТЗ-9-өөс ТЗ-5 шатлалын албан тушаал руу бууруулж томилсон. Би газрын албанд 18 жил ажиллахдаа мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга гэсэн  ТЗ-5-аас ТЗ-8 хүртэлх ангиллаар явж байгаад Орон нутгийн өмчийн газрын даргаар ТЗ-9 болж ажиллаж, 2015 онд ажлаа 92 хувьтай дүгнүүлж байсан. Би  албан тушаал бууж томилогдох үндэслэл байхгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу ТЗ-9 шатлалын албан тушаалд томилогдоно...” гэж тайлбарлажээ. 
Ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэдэг ойлголтод хамаарах тул нэхэмжлэгч Л.Г-ийн өмчийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллахгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзнэ. 
Иймд Л.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Л.Г-ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 1 жил 06 сар 7 хоногийн олговор 21.911.920 /хорин нэгэн сая есөн зуун арван нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Л.Г-ийн 0014062 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон Нийгмийн даатгалаас ирүүлсэн цалингийн жагсаалтад бичигдсэн 2016 оны 09, 10, 11 дүгээр сарын цалингийн нийлбэрийг /09 сард 1.187.926 төгрөг, 10 сард 1.199.851 төгрөг, 11 сард 1.198.426 төгрөг/ тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Нэхэмжлэгч Л.Г нь тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд авч байсан сүүлийн 3 сар буюу 09, 10, 11 дүгээр сарын дундаж цалингаас ажилгүй байсан хугацааны олговрыг тооцох нь үндэслэлтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгах нь зүйтэй байна.
Төсвийн тухай хуулийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Ажилчны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зардал нь тухайн байгууллагын төсөвт суугдаж, төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн болно. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна гэж, 33.2-т “...Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна...” гэж заажээ. 
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон байх бөгөөд тогтоолын 2-т “...Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай: ...Санхүү төрийн сангийн хэлтэс...” гэжээ. 
Өөрөөр хэлбэл хариуцагч Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж нь шүүх хуралдаанд “...Төрийн сан  бол шийдвэр гаргадаг субъект биш. Энэ бол аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод бүтцийн нэгж буюу хэлтэс юм...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, төрийн сан нь баталсан төсвийн хүрээнд, шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн тушаал заавраар гүйлгээ хийх эрх хэмжээтэй байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг Санхүү төрийн сангийн хэлтсээс гаргуулах нь үндэслэлгүй байна. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтуудаар аймгийн Засаг даргад олгогдсон байдаг ба Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх нь тус газрын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр байна гэж үзэж байна...” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй...” гэж заасан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Д.О-ийн Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 
Мөн түүнчлэн дээрх шийдвэрийн 2 дахь заалтад “...дахин шинэ акт гаргахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж...” шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох эрх хэмжээ нь хуульд зааснаар Засаг даргад байгаа боловч нэхэмжлэгч Л.Г нь иргэний хэргийн шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох бус, харин ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардаж байгаа тул хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь хариуцагч биш хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй...” гэж заажээ. 
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан ямар нэхэмжлэл гаргахаа өөрөө сонгох эрхтэй бөгөөд хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.О-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Нэхэмжлэгч Л.Г-ийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар оролцохоос татгалзаж байна...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хариуцагчаар оролцуулахаар сонгосон этгээд нь хариуцагчаар оролцохгүй хэмээн маргах эрхгүй байна. 
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.З нь “...Шүүхийн шийдвэрээр 9 сая төгрөг  гаргуулсан. Тэр мөнгийг манайх өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжин төлөгдсөн, манай данснаас гараагүй учраас бичилт хийгдээгүй...” гэж тайлбарлаж байна. 
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар шүүхийн эрхэм зорилгод “...шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооно...” гэж заажээ. 
Иймд нэхэмжлэгч Л.Г-ийн зөрчигдсөн эрх буюу ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх эрхийг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна. 
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэхээр заасан, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын бичилтийг хийх үүрэг нь тухайн ажилтны ажиллаж байсан байгууллага буюу Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчид хамаарах тул нэхэмжлэгч Л.Г нь Орон нутгийн өмчийн газрын цалингийн сангаас цалин хөлсөө гаргуулах нь үндэслэлтэй байна. 
Хэдийгээр аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч Орон нутгийн өмчийн газрын ажилтны цалин хөлсийг аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргуулах үндэслэлгүй, мөн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нь өөр байгууллагын ажилтны нийгмийн даатгалын тооцоог гүйцэтгэх /бичилт хийх/ эрхгүй юм.
Дээрх үндэслэлээр аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Л.Г-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 21.911.920 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267.510 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 21.911.920 /хорин нэгэн сая есөн зуун арван нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Л.Г-т олгосугай
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Л.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 21.911.920 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267.510 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ