Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/953

 






 

 

   2022          12           16                                   2022/ШЦТ/953

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.*** хөтлөн,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***ад холбогдох эрүүгийн 2205000002483 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *** оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** ХХК-д борлуулагч  ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах 2 дүүгийн хамт *** дүүргийн *** хороо,*** гудамж, *** байрны *** тоотод оршин суух хаягтай боловч *** дүүргийн *** хороо *** байрны *** тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 

*** овогт ***гийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Цоглог хотхоны гадна ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч ***ын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Цоглог хотхоны гадна ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч ***ын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205000002483 дугаартай хэргээс:

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Эргүүл, жижүүрт ажиллах алба хаагчдын томилгоо” /хх-ийн 2-3 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагаас 10 дугаар сарын 15-ны өглөөний 8 цаг 30 минут хүртэл Бугат-116 чиглэлд авто эргүүлийн үүргийг жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ***ын хамт гүйцэтгэсэн. 23 цаг 50 минутад Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Цоглог” хорооллын гадна талд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад согтуу байдалтай 14 хүн байсан бөгөөд тухайн залуучуудад хууль ёсны шаардлага тавьж орж амар гэж хэлээд байр руу нь оруулсан. Гэтэл 2 залуу нь хоорондоо маргалдаж орилж эхэлсэн. Би *** гэх залууг хойш нь татаж салгаад тэдгээр залуучуудыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгөх гэтэл *** нь би ахыгаа өгч явуулахгүй гээд надтай зууралдаж эхэлсэн. Тэгэхээр нь би биеийн хүч хэрэглэх гэтэл *** гараа салгаж аваад баруун гараараа миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний уруулын дотор талаас цус гарч уруул сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...Би 2022 оны 10 дугаар 14-ний өдрийн 20 цагаас эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч ***ын хамт Баянгол дүүргийн 4, 5, 6, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Бугат-116 чиглэлд автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Оройны 23 цаг 50 минутын үед Цоглог хотхоны гадна хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход 10 гаран эрэгтэй, эмэгтэй залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай чанга дуу чимээ гаргаж орилолдоод байхаар нь хүмүүст хандаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй орж амарцгаа гэж шаардлага тавихад тухайн залуучууд арай гайгүй болоод байр руугаа орцгоосон. Тэгээд бид хоёр явах гэхэд тухайн залуучуудын хоёр нь хоорондоо муудалцаж *** бид хоёр буцаж очоод та нар одоо больцгоо орж амар гэж хэлээд салгаж холдуулсан. Дэслэгч *** нэг залууг нь татаж салгах үед тухайн залуу шаардлагыг нь эсэргүүцэж урдаас нь орилж хашхираад зууралдаж аваад дэслэгчийг цохих шиг болсон. Тэгэхээр нь бид хоёр албадлагын арга хэмжээ авч эрүүлжүүлэх саатуулах байранд ***, ***, *** нарыг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай найз ***ий төрсөн өдөр болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд тоглож наадаад байж байхад *** нь гадаа найз *** ирчихлээ, тосоод ирье гээд хамт гарсан. Гадаа гарахад манай найзын найз охиныг нь хэл амаар доромжлоод байна гэхээр нь би үл таних хоёр залуутай уулзаад *** найз охиноо тоссон. Тэгээд би тэр хоёр залуутай уулзаад учраа олчих санаатай байж байхад манай найзууд гарч ирээд удалгүй цагдаагийн хоёр алба хаагч ирээд орж амарцгаа гэж хэлээд явсан. Би нэг сэрсэн эрүүлжүүлэх байранд байж байсан, юу болсон талаар асуухад *** найз нь нэг цагдаатай муудалцаад гар хүрсэн. Тийм асуудал гараад энд ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14243 дугаартай “...***ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын салстат цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцсан. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардалд нь 800.000 төгрөгийг хохирогчид өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Цоглог хотхоны гадна ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч ***ын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч ***ын мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, гэрч ***ын мэдүүлэг, гэрч Ж.Энхнарангийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14243 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирогч *** нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч мөн болох нь хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан цагдаагийн үнэмлэхээр тогтоогдож байх ба шүүгдэгч *** нь цагдаа, эргүүлийн офицер ***ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу түүнийг эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 14243 дугаар дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч ***ын ***ын биед гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***ын  “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Цоглог хотхоны гадна ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч ***ын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

 

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...тус хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний бие эмчилгээний зардалд 800.000 төгрөг авсан...” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч ***ыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн, улмаар эсэргүүцэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд буюу 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ  биелүүлэхтэй нь холбогдуулах хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоног буюу  3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ