Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 96

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй
хариуцагч: “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпанид холбогдох
орон нутгийн хөгжлийн сангаас олгосон зээлийн үлдэгдэл 57.573.493 төгрөг, зээлийн хүү 1.683.983 төгрөг, торгууль 4.848.909 төгрөг нийт 64.106.387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Т.Э, Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн А/242 дугаар захирамжаар “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпанид 60.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэж, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпанийн хооронд Орон нутгийн хөгжлийн сангаас олгох зээлийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпанитай аймагт жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлж, гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлж байх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Гэтэл “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпани нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг хугацаанд нь төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпаниас орон нутгийн хөгжлийн сангаас олгосон зээлийн үлдэгдэл 57.573.493 төгрөг, зээлийн хүү 1.683.983 төгрөг, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө гэж заасны дагуу торгууль 4.848.909 төгрөг, нийт 64.106.387 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100050051402 тоот дансанд төвлөрүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд нь дэмжиж зээл олгодог.  2015 оны 06 сарын 30-ны өдөр  Алтайн сүрлэг нуруу ХХКомпани нь 60 сая төгрөгийн зээл авсан. Уг зээл нь жилийн 3 хувийн хүүтэй. Зээлийг авахдаа  аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулаад авсан.  Зээл авснаас хойш зээлийн хугацаа нь дууссан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж, үндсэн төлбөр болон зээлийн хүү зэргийг хугацаанд нь төлөөгүй. Үндсэн хугацаа нь хэтрээд сард 0.5 хувийн хүүгийн алданги  төлөхөөр гэрээнд заасан. Гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь  нийт 64.106.387 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан юм.  Тиймээс энэ мөнгийг Алтай сүрлэг нуруу ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж өгөхийг хүсэж байна. Алтай сүрлэг нуруу ХХКомпани нь гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарь баталсан. Гэтэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг  төлөөгүй. Дараа дараагийн Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих зээлийг олгох эх үүсвэрийг энэ хэмжээгээр дутагдуулж байгаа учраас нэхэмжлэлийг хангаж зээлийн хүү алданги зэргийг төлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Алтайн сүрлэг нуруу ХХКомпаниас  зээлийн мөнгийг төлүүлж өгнө үү. Дараагийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох боломжгүй байгаа. Уг мөнгийг эргүүлж санд нь оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү . Засаг даргын Тамгын газраас албан бичиг явуулсан.  Албан ёсны хариу өгдөггүй. Төлнө гэж амаараа хэлээд явдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпанид холбогдуулан орон нутгийн хөгжлийн сангаас олгосон зээлийн үлдэгдэл 57.573.493 төгрөг, зээлийн хүү 1.683.983 төгрөг, торгууль 4.848.909 төгрөг нийт 64.106.387 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпанийн захирал Н.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардаж авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т ...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй... гэж заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
 “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпани нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангаас 60.000.000 /жаран сая/ төгрөгийг зээлийг жилийн 3 хувийн хүүтэй авахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан орон нутгийн хөгжлийн сангаас олгох зээлийн гэрээгээр тогтоогдож байна.  
Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийг төлөөлж Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, зээлдэгчийг төлөөлж “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпанийн захирал Н.Б нар гарын үсэг зурж, аймгийн Засаг дарга зээлийн гэрээг баталсан байна. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь шүүх хуралдаанд “...Эхний сар нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөөд дараа сараас нь зээлээ төлөх хуваарьтай. 2016 оны 08 сарын 02-нд үндсэн төлбөрөөсөө 2.426.506,25  төгрөгийн төлсөн. Хүүд нь  2.218.68,50 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш төлбөр төлөгдөөгүй, зээлийн үлдэгдэл 57.573.493 төгрөг зээлийн хүү 1.683.983 төгрөг, торгууль 4.848.909 төгрөг болсон” гэж тайлбарлаж байна. 
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж, 282.3-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж тус тус заажээ. 
Зээлийн гэрээний 2.4-т “энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан торгуулийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
“Алтайн сүрлэг нуруу” ХХКомпани нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангаас 60.000.000 /жаран сая/ төгрөгийг зээлийг авч, зээлийн төлбөрөөс 2.426.506,25 төгрөгийн төлөлт хийсэн, зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 57.573.493 төгрөг зээлийн хүү 1.683.983 төгрөг, торгууль 4.848.909 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна. 
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпаниас орон нутгийн хөгжлийн сангаас олгосон зээлийн үлдэгдэл 57.573.493 төгрөг, зээлийн хүү 1.683.983 төгрөг, торгууль 4.848.909 төгрөг нийт 64.106.387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Хариуцагч Н.Б-д 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны товыг түүний ...... дугаарын утсаар мэдэгдэхэд Улаанбаатар хотод байна, 03 сарын 13-нд очих боломжгүй гэж мэдэгдсэн байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэхээр журамлан заажээ. Шүүх дээрх хугацааны дотор шүүх хуралдааныг товлодог бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусах үед буюу 57 дахь хоног дээр шүүх хуралдааныг товлон зарласан байна. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 64.106.387 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 478.482 төгрөгийг хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпаниас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпаниас орон нутгийн хөгжлийн сангаас олгосон зээлийн үлдэгдэл 57.573.493 төгрөг, зээлийн хүү 1.683.983 төгрөг, торгууль 4.848.909 төгрөг нийт 64.106.387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 64.106.387 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 478.482 төгрөгийг хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХКомпаниас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ