Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/863

 

 

 

      2022          11          17                                     2021/ШЦТ/863

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч: ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, *** нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205011842209 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудал дотор иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хавирч унагах, өшиглөх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудал дотор иргэн ***ийг найз ***ыг зодуулсан байдалтай байсныг салгах үед нь нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулай, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...утсаараа ярьж байтал үл таних 2 эрэгтэй хүн тамхи татаад чанга орилоод байсан. Тэгэхээр нь “жоохон чимээгүй байчих би утсаар ярьж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь хар цамцтай намхан үл таних эрэгтэй “цаашаа холдоод утсаараа ярь, ямар том яриатай юм” гээд миний хувцасны хоолой хэсгээс заамдаж намайг хавирч унагаасан. Би унахдаа толгой хэсгээрээ тухайн тамхины цэгийн шалан дээр унасан. Тэгэхээр нь зургийг нь харж буй /***ийн/ хөлнөөс нь би зуураад тухайн шатнаас 2 давхар руу шатаар бөмбөрөөд унасан би хөлнөөс нь зуурсан чигээрээ байсан. Тэгсэн би ямар хүн цохисныг хараагүй миний зүүн нүд хэсэгт үл таних эрэгтэй хүн гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн манай найз Баянмөнх пабаас гарч ирсэн харагдсан ба буланд өөрийгөө хамгаалаад үл таних эрэгтэйд цохиулж байсан. Тэгсэн зөөгч юм уу тухайн зочид буудал пабын ажилтан хүмүүс ирж бид нарыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудлын 2 давхарт байрлах паб руу найз ***ын хамт 22 цагийн үед орж суусан юм. Тэгээд орж пиво уугаад сууж байхад *** утсаар ярьчихаад ирье гээд гарсаны дараа удалгүй орилж, хашгирах юм сонсогдохоор нь би пабаас гарсан чинь 2 давхарын шатны дор шалан дээр суучихсан тойроод үл таних 3-4 залуу зогсчихсон зодож байгаа бололтой байсан. Тэгээд би очоод “хөөе больцгоо” гээд орилсон чинь хойноос нэг /алийг нь гэдгийг мэдэхгүй/ цамцнаас татаж боосон бөгөөд хойшоо эргэх гээд үзэж байхад тэнд байсан залуучуудаас биерхүү том биетэй залуу нь миний хамар руу гараараа цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод байж байхад паб дотор сууж байсан хүмүүс салгаад цагдаад дуудлага өгсөн. *** бид хоёртой маргалдсан 3-4 залууг авчирахад том биерхүү залуу гэдгээр нь хараад таньсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Шинжээчийн 4257 тоот дүгнэлтэд: “..***ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэжээ. /хх-н 37-38/,

Шинжээчийн 4258 тоот дүгнэлтэд: “...***ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулай хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ /хх-н 42-43/,

Яллагдагчаар *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...***ийн хөлнөөс нэг эрэгтэй тэврээд суучихсан, хажууд нь байсан эрэгтэй нь ***ийг цохиод байхаар нь би нүүр рүү нь нэг удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 71/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 46-47/, хохирлын баримтууд /хх-н 51-52/,

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ская зочид буудал дотор иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хавирч унагах, өшиглөх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ская зочид буудал дотор иргэн ***ийг найз ***ыг зодуулсан байдалтай байсныг салгах үед нь нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулай, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, *** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдаж зодсоны улмаас хохирогч *** салгах үед шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохиж, зодсон, шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохисон үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***, *** нар нь шүүх хуралдаанд хохирогч ***, *** нарын биед гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нарын хохирогч нарын биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч ***, *** нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 89-90/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР