Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, 

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108016970197 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, группт байдаг гэх (80%), эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, *** *** дугаар гудамж, ***тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр торгох ялыг биелүүлж дуусгасан, **** овогт ****ийн ****(РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хохирогч ****урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “гааль дээрээс хямдхан автомашин авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 15,195,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 онд хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Хохирогч миний төрсөн дүү шиг л байсан. Тухайн мөнгийг эмчилгээндээ зарцуулсан. Үнэндээ миний буруу. Хохирлыг барагдуулсан. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Уучлаарай” гэв.

 

Эрүүгийн 2108016970197 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ****ий: “2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр танил эгч ****й утсаар холбогдсон. ****эгч гааль дээр хямдхан Приус-20 маркийн автомашин байна, чи худалдаж авах уу гэх санал тавьсан. 8,000,000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэсэн. Би **** Хаан банкны данс руу 5,250,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. ****намайг “Саппоро автобусны буудал дээр хүрээд ир, энд машин үзэж байна” гэхээр нь очсон. Тэгсэн ****эгч “энд олигтой машин байхгүй байна. Эгчдээ дахиад 3 сая төгрөг өгчих” гэхээр нь би бэлэн 3 сая төгрөг өгсөн. Мөн Дашгаадан гэх нэртэй данс руу 350,000 төгрөг **** гэж бичиж шилжүүлсэн. ****эгч “Гааль дээр хоёр гурав хоногоос машин орж ирэхээр нь үзээрэй” гэж хэлж байсан. Надад машин үзүүлсэн зүйл бол байхгүй. Тэр өдрөөс хойш худлаа үнэн юм ярьж хойшлуулаад байсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ****эгч “500,000 төгрөг шилжүүлчих, гааль дээр машин гацсан, мөнгө дутаад байна” гэсэн. Би итгэж 500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл “гааль дээр машин гацсан” гэж надад хэлж, хуурч мэхэлж мөнгө авсан. Надад нийт 1,050,000 төгрөг буцааж өгсөн санагдаж байна...” гэх мэдүүлэг (хх-18-19),

Хохирогч ****ий Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-29-40), Гаалийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичиг (хх-62),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-60), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-50), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.27-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-67-68), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан бичиг (хх-64), хувийн байдалтай холбоотой гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-125-133), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-134-136), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт (хх-140, 141), хохирогчийн “Хохирлоо барагдуулсан нь үнэн. Одоо гомдолгүй” гэх хүсэлт (хх-142), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-143), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-144) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ****урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Гааль дээрээс хямдхан автомашин авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 15,195,000 төгрөгийг залилж авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****ий “...****эгч гааль дээр хямдхан Приус-20 маркийн автомашин байна, чи худалдаж авах уу гэх санал тавьсан. 8,000,000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэсэн. Би *** Хаан банкны данс руу 5,250,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Надад машин үзүүлсэн зүйл бол байхгүй. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл “гааль дээр машин гацсан” гэж надад хэлж, хуурч мэхэлж мөнгө авсан...” гэх мэдүүлэг (хх-18-19), хохирогч ****ий дансны дэлгэрэнгүй хуулга (хх-29-40) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч **** урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, танил хүн болох хохирогч ****“Гааль дээрээс хямдхан машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 15,195,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч **** 15,195,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “Хохирлоо барагдуулсан нь үнэн. 2022.01.23-ны өдөр 11,000,000 төгрөг дансаар хүлээж авсан” гэх хүсэлт (хх-142)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Бадамцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хохирогч ****урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “автомашин хямдхан Гааль дээрээс авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгон 15.195.000 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна, уучлаарай” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ****“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (урьдын танил хүн болох хохирогчид “Гааль дээрээс хямдхан автомашин авч өгнө, гааль дээр машин гацсан, мөнгө дутаад байна, машин байхгүй, гааль дээр ирээгүй байхад ирсэн” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан хохирогчийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 15,195,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал-бага насны хүүхдүүдтэй, бага нь 4 сартай, эрүүл мэндийн байдал-тахир дутуугийн группт байдаг, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гэх)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч **** овогт ****ийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР