Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/892

 

 

 

 

 

    2022          11          29                                     2022/ШЦТ/892

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

Улсын яллагч: Ш.Анужин,

            Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205029142172 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр дугаар сарын 21-н өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байх үедээ 2022 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К4 барилгын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрийн үүдний шилэн хаалгыг хүчтэй татаж, угзрах зэргээр хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Санамсаргүй явж байгаад ийм зүйл болсон. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 26-ны шөнийн 03 цагийн орчим манай ажил болох К-4 нэртэй барилгын үүдний шилэн хаалгыг ногоон өнгийн цамцтай эмэгтэй хүн татаж байгаад хагалсан байсан. Бид нар тухайн хүнийг камер шүүж хараад цагдаад өргөдөл гаргасан. Манай дэлгүүр бүтэн хатуужуулсан шилэн хаалгатай юм. Хоёр бүтэн шилэн хаалгатай байснаас одоо нэг талынх нь шилэн хаалга нь бүхэлдээ хагарч унасан, ашиглах боломжгүй болсон. Тухайн шилэн хаалгыг “Дүүрэн дэлгэр хангай” гэдэг байгууллагаар хийлгэсэн, 1 метр квадрат нь 550.000 төгрөгийн үнэтэй, 2 давхар шилэн хаалга нийлээд 2 сая орчим төгрөгийн үнэтэй хаалга байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би CU сүлжээ дэлгүүрийн 172 дугаар салбарын менежерээр ажилладаг. 2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 06 цаг 40 минутын үед манай ажилтан над руу залгаад “манай хаалга хагарчихсан байна” гэхээр нь яваад очтол гаднах шилэн хаалгыг хагалчихсан байсан. Тэгээд тухайн хаалга руу харсан хяналтын камераа үзтэл 03 цаг 57 минутад ногоон өнгийн цамцтай 50-55 орчим насны үл таних эмэгтэй манай дэлгүүрийн хаалгыг хэд хэдэн удаа татаж байгаад хагалчихсан байсан. Манай дэлгүүрийн гэрээт хамгаалалтын хүмүүс тухайн хүнийг таньж байсан. Өмнөх өдөр нь тэр хүнийг 3, 4 дүгээр хорооллын эцсийн CU дэлгүүрээс хулгай хийж байхад нь цагдаад хүлээлгэж өгсөн гэж байсан. Манай дэлгүүр дотроо хөдөлгөөн мэдрэгчтэй, харин ямар нэгэн долгион мэдрэгч байхгүй. Манай дэлгүүр рүү өөр гадны хүн нэвтрээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Цогзолмаа гаднаас хар өнгийн өмдтэй, хар гуталтай, дээд талдаа цээж нуруу хэсэг нь саарал өнгөтэй, ханцуй, юүдэн хэсэг нь ногоон өнгийн цамцтай, баруун талдаа жижиг хар өнгийн гар цүнхтэй орж ирээд шилэн хаалганы босоо 2 төмөр бариул хэсгээс хоёр гараараа 6 удаа татаж онгойхгүй байгааг мэдсээр байж улам хүчтэй татаж 7 дахь таталтан дээр хаалга хөшигдөж шилэн хаалга хагархад ***уг газрыг орхин гарч явснаар үзлэгийг дуусгав.” гэжээ /хх-н 5-6/,

 

Яллагдагчаар ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас хийсэн үйлдлээ санахгүй байгаа. Хаалга татаж хагалж байгаа бичлэгийг үзэхэд би мөн байсан. Тус дэлгүүрийг 24 цагаар ажилладаг гэж бодоод орох гээд хаалгыг нь татаж байгаад хагалсан байх. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 27-29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41, 44-46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэг хэрэглэсэн байх үедээ 2022 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цаг 57 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К4 барилгын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрийн үүдний шилэн хаалгыг хүчтэй татаж, угзрах зэргээр олон удаа татан хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 680.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Б.Баярмаа нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ CU сүлжээ дэлгүүрийн үүдний шилэн хаалгыг удаа дараа хүчтэй татаж, угзрах зэргээр хагалж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохиролд мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг төлсөн ба шүүх хуралдааны үед үлдэгдэл 180.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”, 1.2-т зааснаар “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал буюу  хөдөлмөрийн чадвараа 74 хувь алдсан, группт байдаг, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж хуульчилжээ.

Иймд шүүх шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР