Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/0261/Э |
Дугаар | 2022/ШЦТ/266 |
Огноо | 2022-03-02 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/266
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108029610213 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо**** тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2004 оны 2 дугаар сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил, 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн, *** овогт ***ын *****(РД:***).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч *****согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “**** хүнсний дэлгүүрт гээгдүүлсэн хохирогч *****Хаан банкны ...дугаарын данстай, төлбөр тооцооны картыг олж аваад, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “***” хүнсний дэлгүүрт байрлах Голомт банкны АТМ-аас 19 цаг 58 минутанд 400,000 төгрөгийг завшсан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн картыг буцааж өгөхөө мартсан байсан. Үргэлжлүүлж архи уух гээд картнаас нь мөнгө авчихсан. Хохирлыг өгсөн. Хариуцлагагүй үйлдэл хийсэндээ харамсаж байна” гэв.
Эрүүгийн 2108029610213 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *****гийн: “2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ***, *** нарын хамт бааранд архи уусан. Маргааш өглөө нь дансаа шалгахад 400,000 төгрөгийн гүйлгээ 19:58 цагт гарсан байсан. Би хамгийн сүүлд “***” хүнсний дэлгүүрт тооцоо хийхдээмартчихсан байх гэж бодож байна. ...Тухайн үед би дэлгүүр орж гар утас, карт хоёроо тусад нь хийчихсэн юм шиг байгаа юм. Нийт 405,500 төгрөг буцааж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-10-11, 14-15),
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний 1834 дугаартай тайланд: “1. Самсунг А-30 гар утас (хуучин хэрэглэж байсан) 1 ширхэг, 310,000 төгрөг, 2. Мөнгөн дэвсгэрт 400,000 төгрөг, нийт 710,000 төгрөг” гэжээ (хх-30-31),
Гэрч *****: “...***** бид гурав нэмж архи уусан. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ***** залгаад “2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19 цаг 58 минутад миний картнаас 400,000 төгрөг гарсан байна” гэхээр нь би ****ийн гэрт очоод согтуу хэвтэж байхаар нь “чи хүний карт аваад мөнгийг нь авсан байна” гэсэн чинь согтуурхаад байсан. ***** *** эгчийнд орохдоо дэлгүүр орж архи, тамхи авч тооцоо хийхдээ картныхаа нууц үгийг хэлж байсан. Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, “****” бааранд мөн тооцоо хийхэд *** нууц үгийг нь сонсож байсан...” гэх мэдүүлэг (хх-22-23),
Шүүгдэгч **** яллагдагчаар өгсөн: “...***, ***** бид нар архи уусан. ...***** дэлгүүрээс гараад урд алхаж байгаад хүрэмнийхээ халааснаас картаа унагачихаар нь би аваад “өгнө дөө” гэж бодож байгаад мартчихсан байсан. Тэгээд би архины халуундаа Голомт банкны АТМ-аас 400,000 төгрөг аваад өөртөө зарцуулчихсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-61-64),
хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-5), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-41-50), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны ““****” ХХК үйл ажиллагаа явуулдаг” гэх албан бичиг (хх-53),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-69), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-106), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-70), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-71), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-72), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт (хх-73), банкны дансны хуулга (хх-74-105), шүүхийн шийдвэрүүд, зан байдлын тодорхойлолт (хх-106-118), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” хүсэлт (хх-134, 135), прокурорын “Хүсэлтийн хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-138-139), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-140) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *****согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ***” хүнсний дэлгүүрт гээгдүүлсэн хохирогч *****Хаан банкны ...дугаарын данстай, төлбөр тооцооны картыг олж аваад, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “****” хүнсний дэлгүүрт байрлах Голомт банкны АТМ-аас 19 цаг 58 минутанд 400,000 төгрөгийг завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *****“...***гээд айлд очихоосоо өмнө хаячихсан байсан. ...Тухайн үед би дэлгүүр орж гар утас, карт хоёроо тусад нь хийчихсэн юм...” гэх мэдүүлэг (хх-10-16), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 1834 дүгээр “2. Мөнгөн дэвсгэрт 400,000 төгрөг...” гэх тайлан (хх-30-31), гэрч ****гийн “...***** **** эгчийнд орохдоо дэлгүүр орж архи, тамхи авч тооцоо хийхдээ картныхаа нууц үгийг хэлж байсан. ...*** тухайн нууц үгийг сонсож байсан...” гэх мэдүүлэг (хх-22-23), шүүгдэгч **** “...***** хүрэмнийхээ халааснаас картаа унагачихаар нь би аваад ...архины халуундаа АТМ-аас 400,000 төгрөг аваад өөртөө зарцуулчихсан...” гэх мэдүүлэг (хх-61-64), хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-5), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-41-50) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **** хохирогч *****гээгдэл эд хөрөнгө болох банкны картыг бусдынх болохыг мэдсээр байж бэлэн мөнгөний машинаас 400,000 төгрөгийг авч завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *****д 400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Картны мөнгө 5000 төгрөг, гүйлгээний шимтгэл 500 төгрөг, хохирлын 400,000 төгрөг, нийт 405,500 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-14), мөн “Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-134)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *****согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй хүнсний дэлгүүрт гээгдүүлсэн, хохирогч *****5,000 төгрөгийн үнэлгээтэй Хаан банкны **** тоот дугаарын данстай, төлбөр тооцооны картыг олж аваад, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй хүнсний дэлгүүрт байрлах Голомт банкны АТМ-ээс 19 цаг 58 минутанд 400,000 төгрөгийг авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч *****“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогч дэлгүүр орохдоо халааснаасаа унагасан банкны картыг шүүгдэгч авч, улмаар буцаан өгөлгүйгээр бэлэн мөнгөний машинаас бусдын эд хөрөнгийг авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол, хор уршигт нийт 405,500 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал, тодорхой хөдөлмөр эрхэлж, орлого олдог)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 900,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР