| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/00487/И |
| Дугаар | 102/ШШ2019/00692 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2019/00692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 11-р байрны 01 тоотод оршин суух хаягтай, одоо АНУ-ын Калифорни мужийн Дэли сити хот, Вэрнэр өргөн чөлөөны 24-р байрны 08 тоотод оршин сууж байгаа, эмэгтэй, РД-МА81072905, Боржигон овогт Энхбатын Халиуны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6-р баг, 15-р байрны 10 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РД80121219, Дайртан овогт Базаргарьдын Саруултөгсөд холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар, хариуцагч Б.Саруултөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Халиун Сэлэнгэ аймагт өссөн бөгөөд Б.Саруултөгстэй 1999 оноос үерхэж, 2009-12-14 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2010-06-10 өдөр охин Саруултөгсийн Эгшиглэнг төрүүлсэн, 2011 онд Б.Саруултөгс гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн асуудлаас болж 1 жил гаруй хугацаанд гэрлэгчид тусдаа амьдарсан. Нэхэмжлэгч хүүхдээ эцэгтэй өсгөх, элэг бүтэн байлгах үүднээс Б.Саруултегстэй буцаж нийлсэн. Ийнхүү 1 жил дахин хамт амьдарсан хугацаанд Б.Саруултөгс нь Э.Халиуныг 2 удаа зодсон тул Улаанбаатар хотоос эцэг, эхээ дуудсан. Тухайн үед Б.Саруултөгс уучлалт гуйсан учраас аав ээжтэйгээ ойр Улаанбаатар хотод нэг жилийн хугацаанд хамт амьдарсан. Б.Саруултөгсийг өөрийн гэсэн тогтсон орлоготой байлгах үүднээс Э.Халиуны эцэг түүнийг ажилдаа дагалдуулж үзсэн Хотод байхдаа Б.Саруултөгс нь дахин нэхэмжлэгчийг зодсон. Ингээд 2015 оны 04 сарын 17 буюу Э.Халиуны эцгийг нас барсан өдөр нэхэмжлэгчийг хүүхдийн хамт хариуцагч орхиж явсан тул энэ едрөөс бүрмөсөн салсан.
Э.Халиун 2003 онд ослоос авсан гэмтэл нь хүүхэд төрүүлэх үед нь нөлөөлж, 3 удаа хагалгаанд орсон. Биеийн эрүүл мэндийн байдлаа эмчлүүлэхээр Э.Халиун 2016-06-20 өдөр АНУ руу явсан. Одоо тэнд амьдарч байгаа. Хариуцагч 2015 оноос хүүхдээ анхаарахаа больсон, тусламж дэмжлэг үзүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийг АНУ руу явсан цагаас охин С.Эгшиглэн эмээ, ээжийнхээ дүүтэй Улаанбаатар хотод амьдарч байгаа юм.
Нэхэмжлэгч АНУ-д ажиллаж, амьдарч байгаагийн хувьд охиныхоо боловсрол, амьдрах орчинд анхаарч, өөр дээрээ АНУ-д боловсрол эзэмшүүлэх хүсэлттэй байгаа. Энэ талаараа Б.Саруултөгсөд хэлж, АНУ-ын Элчин сайдын яаманд охиноо авч ороод виза авчихвал хүүдээ авчран зардлыг нь нэхэмжлэгч өөрөө төлнө гэж хэлсэн боловч хариуцагч огт арга хэмжээ аваагүй.
Иймээс гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү?
Мөн АНУ-аас хэргийг шийдвэрлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоход зарцуулсан зардал болох 45 ам.доллларыг буюу ханш 2666 төгрөгөөр тооцоход 119 970 төгрөг болж байгаа тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа:Э.Халиунтай 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамт Сэлэнгэ аймагт амьдарсан. 2010 онд охин С.Эгшиглэн төрсөн. Амьдрах хугацаанд байнга хэрүүл гардаг байсан. Би ажлаасаа гарч, бид Улаанбаатар хотод амьдрах болсон. 2015 оны 04 сараас тусдаа амьдарсан. Охинтойгоо уулзах, утсаар ярих гэхэд Э.Халиун болон эх нь зөвшөөрдөггүй, хориглодог. Сургуульд орсноос нь хойш охиноо дэмжсэн зүйл байхгүй. Э.Халиуныг 2016 онд АНУ руу явсныг 2017 оны сүүлээр мэдсэн. Охин С.Эгшиглэнг Сэлэнгэ аймагт шатрын тэмцээнд ирэхэд нь нэг удаа уулзсан. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Харин охинтойгоо уулзахад хориг саад тавихгүй байхыг нэхэмжлэгчид даалгаж өгөхийг хүсч байна гэв.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, гэрээ, кассын орлогын баримтууд, оршин суугаа хаяг, эрүүл мэндийн болон суралцаж байгаа тухай тодорхойлолтууд, хүүхдээс санал асуусан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ 2009-12-14 өдөр бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2010-06-10 өдөр охин Дайртан овогт Саруултөгсийн Эгшиглэн төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын харилцаа, хариуцагч гэр бүлээс гадуур бусадтай тогтоосон харилцаанаас шалтгаалан гэр бүлд таарамжгүй байдал, зөрчилдөөн үүсч байснаас зохигч тусдаа амьдрах явдал гарч байсан байх бөгөөд энэ шалтгааны улмаас 2015-04-17 өдрөөс зохигч салж тусдаа амьдарсан, энэ үеэс охин С.Эгшиглэн эхийнхээ асрамжинд амьдарсан боловч нэхэмжлэгч эрүүл мэндээ эмчлүүлэхээр 2016-06-20 өдөр АНУ руу явсан цагаас эмэг эх Н.Нарантуяагийн асрамжинд Улаанбаатар хотод амьдрах болсон байна.
Хариуцагч хүүхдээ асрамжлах талаар санаа тавиагүй, эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн С.Эгшиглэнг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хариуцагчаас уг үүргийг шаардах эрхтэй. Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр тэтгэлгийг тогтоох үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй, хүүхэд эцэг эхийн хайр халамжийг хүртэх жам ёсны эрхтэй тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хүүхдэд эцгийн зүгээс анхаарал халамж тавих, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохыг хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.
Нэхэмжлэгч гэрлэлтийн асуудлаа шийдвэрлүүлэхэээр итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгоход гарсан зардал 45 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа байх тул ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцож, хариуцагчаас 119 970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 160 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 107 450 төгрөгөөс 103 262 төгрөгийг улсын орлогод үлдээж, 4188 төгрөгийг Баянгол дүүргийн татварын данснаас буцааж, хариуцагчаас нийт 223232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Боржигон овогт Энхбатын Халиун, Дайртан овогт Базаргарьдын Саруултөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2010-06-10 өдөр төрсөн охин С.Эгшиглэнг 18 насанд хүртэл эх Э.Халиуны асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан С.Эгшиглэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16/суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Б.Саруултөгсөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.
5. Хүүхэд эцгийнхээ хайр халамжийг хүртэх, эцэг нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход эдлэх эрх , хүлээх үүргээ хэрэгжүүлэхэд хүүхдээ асражилж байгаа нэхэмжлэгч саад учруулахгүй байх үүрэгтэйг дурдсугай.