Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/894

 

 

 

    2022          11          30                                     2022/ШЦТ/894

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

Улсын яллагч: Ш.Анужин,

            Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002074 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зиппо” караокегоор үйлчлүүлж байхдаа тус караокены гадна байрлуулсан гэрэлт самбарыг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 320.000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хорооллын эцсийн караокед бид 4 орсон. Манай найз гараад утсаар ярьж байхад нь тооцоо хийсэн гэж бодоод ардаас нь гарсан. Гэтэл караокены ажилтан ардаас гарч ирээд намайг зуураад авсан. Би тооцоогоо хийнэ гэж хэлсэн. Тэр охины найз залуу нь ирээд над руу дайраад байсан. Тэр залуутай нь муудалцахдаа гадна үүдний хаягны шилийг хагалсан” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед Хурд хороололд фитнесийн бэлтгэл дээрээ байх үед манй караокены бармен Буяндэлгэр над руу утсаар холбогдоод “үйлчлүүлэгч манай гадна хаягийг хагалсан” талаар хэлсэн. ...Манай караокены гадна гэрэлтдэг хаягт самбар зүүн, доод буландаа хагарч гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед манай Зиппо караокед 4 залуу үйлчлүүлэхээр орж ирсэн учир манай караоке үйлчлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тухайн залуус “манай найз согтуу байгаа юм аа, оруулчих” гээд гуйсаар байгаад орсон. Тэгээд тухайн залуусын 3 залуу нь түрүүлж тамхи татах гээд гараад явсан ба нэг залуу нь үлдсэн. Би тухайн залууг тооцоогоо хийхгүй зугтаачих байх гээд санаа зовоод хяналтын камераар харж байтал тэр залуу гараад гүйхээр нь би ардаас нь гүйж очоод барьж аваад тооцоогоо хийхийг шаардахад тухайн залуу “манай найзууд тооцоо хийсэн” гээд уурлаад, намайг хэл амаар доромжилсон. Ингээд надтай маргалдаж байхдаа тэр залуу миний нүүр рүү нэг удаа алгадсан, мөн манай зөөгч Маараа гэх эмэгтэй бид хоёрыг зодох гэж дайраад байхаар нь манайд үйлчлүүлж байсан хүмүүс тухайн залууг боль гээд болиулсан. Тэгээд агсам тавиад байсан ахын 3 найз нь ирээд тооцоогоо хийх гээд утас нь гацаад байна гээд байж байхад манай найз залуу Батнасан над дээр ирээд тухайн залуучуудтай маргалдтал нөгөө агсам тавиад байсан ах манай караокены гэрэлтэй хаягийг цамцаа тайлж гараараа ороож байгаад нэг удаа цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9, 19-20/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай найз Эрдэнээ бид хоёр нэг лааз пиво аваад ууж байсан ба би утсаар ярих гээд гадагшаа гартал хэсэг хугацааны дараа тэр хэд бүгд гараад ирсэн. Би төлбөр тооцоо нь болсон юм байх гэж бодоод цааш явах гэтэл тухайн караокены ресепшн охин араас гүйж гарч ирээд “тооцоогоо хэн хийх юм бэ” гэж асуугаад найз Эрдэнээг зуураад авсан. Тэгээд бид нар буцаж караокед ороод тооцоогоо хийж байхад ресепшн охины найз залуу нь бололтой нэг залуу манай найз Эрдэнээтэй маргалдаад байхаар нь би “одоо болио, тооцоогоо хийгээд гаръя” гэхэд Эрдэнээ тэр залуутай маргалдаж байгаад тухайн караокены гадна үүдэнд байрлах гэрэлт хаягийг 1 удаа цохиод хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг гадуур явж байхад миний утас руу манай найз охинтой хамт ажиллагдаг Амараа залгаад “чи хаана явна, ойрхон явж байвал хүрээд ирэх үү, хэдэн залуучууд тооцоогоо хийхгүй зугтах” гээд байна, танай найз охиныг алгадаад зугтах гээд байна, ойрхон байвал хурдан хүрээд ирэх үү” гэхээр нь би машинтайгаа удалгүй яваад очсон. Намайг тухайн караокед очиход 20-25 орчим насны 2 залуу зөөгч Амараа гэх хүнтэй гурвуулаа хамт байж байсан. ...Би хэрүүл маргаан хийсэн гэх шивээстэй залуу дээр очоод “чи манайхаар өмнө үйлчлүүлж байсан залуу байна шүү дээ, тооцоогоо хийгээд гардаг байсан биз дээ, яасан юу болов” гээд асуухад тухайн залуу “миний данс болохгүй байна, би одоо хийлээ” гэсэн. ...Тэр шивээстэй залуу надтай маргалдаж эхлээд намайг “чи энэ хороололд ингэх болоогүй” гээд тухайн караокены гадна самбарыг цамцаа тайлж гараа ороож байгаад цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд уурандаа тухайн караокены гадна гэрэлт хаягийг өөрийн цамцаа тайлж баруун гараараа боож байгаад нэг удаа цохисон. Тэгэхэд тухайн караокены гэрэлт хаяг доод хэсгээрээ булан хагарсан. Тэгээд тухайн караокены ажилчин нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 22-24, 26-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44-48/, хохирогчийн хүсэлт /хх-н 49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зиппо” караокегоор үйлчлүүлж байхдаа тооцооны асуудлаас маргалдан тус караокены гадна байрлуулсан гэрэлт самбарыг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 320.000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ кароакены гадна талын хаягийг цохиж, эвдэн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 49/ гаргасан тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”, 1.2-т зааснаар “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохиролч гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР