| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/01108/И |
| Дугаар | 102/ШШ2019/00988 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2019/00988
| 2019 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/00988 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.М холбогдох,
57 510 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Ш.М, гэрч Д.Б, П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Мнь Б.Боос 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2014 оны 09 сард барилгын тусгай зөвшөөрөлтэй А ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөг зээлж авсан. Хэрэв яаралтай өр нэхэгдсэн тохиолдолд А ХХК-ийг зарж, өр төлбөрөө барагдуулахаар тохиролцсон боловч өр төлбөрөө авах шаардлага гаргахад барагдуулахгүй байна. Хариуцагчийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилхад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн. Иймд нийт 24 070 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчээс ямар ч мөнгө зээлж аваагүй. Хэрвээ надад 24 000 000 төгрөг өгсөн бол зээлийн баримт хийх ёстой. 2016 оны 9 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. Мөнгө хүлээлцэж, өгөлцөж, авалцсан баримт байхгүй. Б.Б нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байгуулж энэ асуудал дээр хөрөнгө оруулах боломжтой гэж хэлж байсан. н.Мөнхмандах нь А ХХК-ийг 30 000 000 төгрөгөөр зарна гэж байсан ба Б.Б 24 000 000 төгрөгт авахаар болсон. Энэ үед Б.Б өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр хоёр компани байж болохгүй гэсэн. Мөн П.Зориг болон н.Баатар нар өөрийн нэр дээр компани эзэмшиж болохгүй гэсэн тул миний нэр дээр А ХХК-ийг шижлжүүлсэн. Би 24 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Би уг А ХХК-тай ямар ч хамаагүй. Сүүлд 2016 оны баримт дээр нөхөж надаар гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ш.М холбогдуулан нийт 24 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь А ХХК-ийг худалдан авах зорилгоор нэхэмжлэгчээс 2014 оны 9 дүгээр сард 24 000 000 төгрөг зээлж авсан, ...хариуцагчийн эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч уг үндэслэлийг “...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгч нь А ХХК-ийг худалдан авахад зориулж 24 000 000 төгрөг төлсөн” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. 24 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөнгө зээлсэн тухай баримт үйлдсэн байх бөгөөд тухайн баримтад хариуцагч нь нэхэмжлэгчээс 2014 оны 9 дүгээр сард тусгай зөвшөөрөлтэй А ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөг зээлж авсан, зээлийн төлбөрийг А ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогоор болон А ХХК-ийг зарж борлуулах замаар барагдуулахаар тусгажээ. Талууд уг баримтад хариуцагч гарын үсэг зурсан талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бичгээр байгуулагдаагүй байх боловч амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, хариуцагч нь 2014 оны 9 дүгээр сард хариуцагчаас тодорхой зорилгод хүрэхийн тулд 24 000 000 төгрөгийг зээлж авсан нь түүний гарын үсэг зурсан баримт болон түүний 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монголын хуульчдийн холбоонд гаргасан “...иргэн Батболдоос 2014 оны 9 дүгээр сард барилгын тусгай зөвшөөрөлтэй А ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, компанийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд төлөөгүй тохиолдолд баталгаанд нь компанийн эрхийн баримт бичгүүдийг худалдаж авлагыг барагдуулахаар тохиролцсон” гэх тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгчийг зээлийн гэрээний зүйл 24 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан буюу зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Түүнчлэн, хариуцагч нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь мөн зүйлд зааснаар зээл 24 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Хариуцагч нь шаардлагын татгалзалын үндэслэлээ нэхэмжлэгчийг А ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор нэр бүхий иргэдтэй хамтран ажиллах зорилготой байсан гэх боловч дээрх татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь А ХХК-ийн 100 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Э.Мөнхмандахаас 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эртэй этгээд буюу 1 хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөнгө зээлсэн тухай баримтад нэхэмжлэгчээс 2014 оны 9 дүгээр сард тусгай зөвшөөрөлтэй А ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөг зээлж авсан гэх хариуцагчийн тайлбар нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх баримтад заасан 2014 оны 9 дүгээр сараас өмнө буюу 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр А ХХК-ийн хувьцаа хариуцагчид бүрэн шилжсэн байна. Түүнчлэн, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийн татгалзалыг үндэслэлгүй гэж үзэв.
2. 70 200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлтийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр гэж тодорхойлсон бол хариуцагч нь эрэн сурвалжлах шаардлага байгаагүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан, үүнээс болж нэхэмжлэгчид 70 200 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 70 200 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 33 440 000 төгрөгөөг нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаа татан авсан нь түүний 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт болон хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч 33 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Дээрх үндэслэлээр хаируцагчаас 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч хариуцагчид холбогдох 33 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Мягмарцэрэнгээс 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ш.М 33 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН