Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0595/Э |
Дугаар | 2022/ШЦТ/606 |
Огноо | 2022-09-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б** овгийн Э-Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210014520856 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б** овгийн Э.Г нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ** мэргэжилтэй, “**” ХХК-д ** ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** байрны ** тоотод оршин суудаг, урьд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих оногдуулж мөн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн~64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, (РД: **).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны **д байрны гадаа автомашин жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс шалтгаалан хохирогч Э.Э-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохих байдлаар зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, зүүн чамархай, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Э.Г нь: Хэргийн талаар өмнө мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 2210014520856 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 00:38:28 цагт “Би хүнд зодуулчихлаа” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 4 дэх тал), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
3. Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2022 оны 06 дугаар 03-ны орой 00 цаг 10 минутын орчимд ажлаа тараад Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байрлах **таун хотхоны ** байрны гадаа зогсоол хайгаад явж байтал урд 1 хар өнгийн приүс-30 маркийн машин гарц хаагаад зогсож байсан. Тэгээд бид 2 өөд өөдөөсөө гэрлээ анивчуулж байгаад би хажуу талд нь байгаа машин хөдлөхийг хараад гэрлээ анивчуулахаа больсон тэгээд нөгөө машин миний хажуугаар явсны дараа нөгөө машин тэр зогсоол руу орсон тэгээд би хажуу талаар нь зөрөх гээд явж байтал. Гөлөг минь гэрлээ унтраахад яадаг юм гэж хэлхээр нь би яасан юм бэ гэж асуутал 1 өндөр махлагдуу цайвар царайтай залуу бууж ирээд чи намайг мэдэх үү гэж хэлээд намайг зодсон. ...Намайг 2 гараараа шууд боогоод, татаж унагаад миний дээрээс өвдөглөж байгаад толгой дээр нийлээн олон удаа дэвссэн би сайн санахгүй байн бөөр, хүзүү гээд нийлээн л зодсон. Тэгээд дотроос нь өөр 1 хүн гарч ирээд нөгөө залууг аваад явсан. ...Толгойны зүүн шанаа хэсэг, чихний дээд талаар, мөн цээж хэсгээр хатгуулаад байна. ...Унаж явсан машин нь ** УЕВ улсын дугаартай приүс-30 маркийн хар өнгийн машин, эрэгтэйн хувьд 170-180см өндөртэй, цайвар арьстай, махлаг 30-4Г орчим насны залуу байсан. ...Би ажлаа тараад явж байсан хэрэглээгүй. Нөгөө залуугаас бол архи үнэртэж байсан. ...Байгаа зүгээр байж байгаад зодуулсандаа харамсалтай байна.. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Хохирогчоор 2022 оны 07 дугаар сарын 20-ны дахин өгсөн:
“...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. ...Би толгойгоо 5 удаа бариулсан. 1 удаа бариулахад 30,000 төгрөг нийт 150,000 гарсан. Уг толгой бариулах уламжлалт арга бол ямар нэг баримтгүй. “Интермэд” эмнэлэгт нүдний эмчилгээ хийлгэсэн 150,000 төгрөгийн баримт, СТМ мед ХХК-д томографт үзүүлсэн 150,000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгнө. Мөн эм тариа гээд 70,000 төгрөгт авсан бөгөөд тухайн эмийн баримт байхгүй байна. Би хувиараа зураглаач ажил хийдэг ба зодуулсан царайтай огт ажил явуулж чадаагүй гэртээ байсан гээд нийт 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. ...Миний эмчилгээ болон ажил хийх байсан үеийн хөлс гээд 1,000,000 төгрөг өгвөл надад гомдол санал байхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
4. Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Миний дүү Гантөмөр надаас миний эзэмшлийн “Приус-30” загварын тээврийн хэрэгслийг авч явчхаад 2022 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 00 цагийн үед гэрийн гадаа авчирсан. Би гэрээс гараад машин дээрээ очоод байрлуулан тавих гэтэл хар өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэл өөдөөс гэрлээ тусгаад ухрах үйлдэл хийх боломжгүй байгаад байхаар нь машины цонхоор толгойгоо гаргаад хар өнгийн Приус загварын машин унаж хүнд хандаж “Гэрлээ унтраагаад өгөөч ухрах гэсэн юм, харанхуйд юу ч харагдахгүй байна” гэж хэлэхэд “Хурдан ухраач гичий минь” гэх мэтчилэнгээр хэл амаар доромжилж эхэлсэн. Ингээд бид 2-н дунд маргаан үүссэн ба хар өнгийн Приус дотроос эрэгтэй хүн бууж ирээд миний машины цонхоор гараа оруулж миний футболкыг татаж ураад буугаад ир гэж хэлсэн. Би машинаас буугаад бид 2 барилцаж аваад би тухайн залуугийн нүүрэн тус газарт 3 удаа алгадсан. Ингээд бид 2 хэсэг хугацааны дараа маргалдахаа больж эвлэрээд одоо Цагдаагийн байгууллага руу хандаж болно шүү гэж хэлэхэд цагдаа гээд яах юм бэ эндээ учраа олчихъё гээд утасны дугааруудаа солилцоод салсан. Маргааш нь над руу хорооны цагдаагаас залгасан болохоор Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна гэж мэдсэн. ...Би машинаа зогсоолд байрлуулах зорилгоор ухрах үйлдэл хийх гэж байхад хар өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэл урдаас гэрэл тусгаад ухрах үйлдэл хязгаарласан. Би цонхоороо гэрлээ унтраагаад өгөөч гэж гуйсан боловч тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдан ухраач гичий минь гэж хэл амаар доромжлох үед уг хэрүүл маргаан үүссэн. ...Нүүрэн тус газарт нь 3 удаа алгадсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Тухайн үед миний дүү Гантөмөр надад машин өгчхөөд яваад өгсөн байсан. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна.. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхинд 3,5х2 см бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан. Баруун нүдний алимын гадна хэсэгт 1х0,6 см хэмжээтэй улаан өнгийн цус харвалттай. Зүүн чамархай, хацар хэсэгт 12х6 см талбай хүрэн ягаан өнгийн тархмал цус хуралттай, овойж хавдсан, эмзэглэлтэй байв. Зүүн өвдөгт 2,5х2 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
Дүгнэлт:
1. Э.Э-н биед баруун нүдний зовхи, зүүн чамархай, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /шинжээч эмч Б.Сэргэлэн/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 401 дугаар магадлал (хавтаст хэргийн 54-57 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 821 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 58-60 дахь тал), Баянзүрх дүүргийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 61-62 дахь тал), Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 63-69 дэх тал), Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 70 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Э.Г нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** байрны гадаа автомашин жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс шалтгаалан хохирогч Э.Э маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохих байдлаар зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, зүүн чамархай, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, хотхоны ** байрны гадаа автомашин жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс шалтгаалан хохирогч Э.Э маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохих байдлаар зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, зүүн чамархай, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-8, 9 дэх тал), шүүгдэгч Э.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8057 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хор уршгийг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б** овогт Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б** овогт Э.Г-г 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Э-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Г-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА