Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 88

 

                                                               МАГАДЛАЛ

 

2018.01.03                                                     Дугаар  88                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ш.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02671 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Ө холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25 860 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.И,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н.Б нь 2007 оны 3 дугаар сарын эхээр надтай уулзан өөрийнх нь Х Х Б Өргөө салбарт байсан зээлийн үлдэгдэл 6 300 000 төгрөгийг төлчихвөл үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас суллаад дахин барьцаалан зээл авч хамтарч ажиллая гэсэн саналыг тавьж би саналыг хүлээж авч, 6 300 000 төгрөгийг бэлнээр тоолон өгч Н.Б нь дахин зээл авахаараа эргүүлэн өгөхөөр надтай тохиролцож мөнгийг түүнд хүлээлгэн өгсөн. Тэр өдөр Н.Б нь надаас авсан мөнгөөр зээлийн үлдэгдлийг төлж дуусган барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж Х Х Б Өргөө салбарын зээл чөлөөлсөн тухай албан бичгийг тухайн өдөрт нь хуулбарлан авч өгсөн юм. Н.Б нь 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шавар шахагч машин авахын тулд барьцаа болгож 30 000 юань Хятад руу шилжүүлэх шаардлагатай болсон боловч мөнгөгүй тул надаас энэ мөнгийг шилжүүлж өгөхийг хүсэж зээл аваад буцааж өгнө гэж гуйсны дагуу уг мөнгийг шилжүүлэн өгсөн юм. Гэтэл энэ мөнгийг ч өгөөгүй намайг хохироосоор байна. Мөн Н.Б, Ш.Ө нар нь хамтран ажиллах гэрээний дагуу надтай хамтарч байхдаа өөрийн хувийн хэрэгцээнд зориулан буцааж өгнө гэж надаас 15 000 000 төгрөг авсан бөгөөд тэрээр 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр буцааж өгнө гэж баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулсан юм. Н.Б, Ш.Ө нар нь Ш.Г надтай хамтран ажиллаж байсан учираас, авсан мөнгөө буцааж өгөх байх гэж итгэн хүлээж байтал тэд 2014 оны 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж хамтран ажиллах гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нэхэмжилсэн юм. Шат шатны шүүх энэ хэргийг хянаж Ш.Г надаас 55 000 000 төгрөгийг гаргуулахаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүхийн 299 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Н.Б, Ш.Ө нарыг хамтран ажиллах гэрээнээс татгалзаж хохирол учирсан гэж үзэж шүүхээр асуудалаа шийдвэрлүүлсэн учраас өөрсдийн нь надаас хувийн хэрэгцээндээ зориулан зээлж авсан 25 850 000 төгрөгийг буцааж өгнө гэж хүлээж байсан. Надаас авч буцааж өгөхөөр амалсан дээрх мөнгийг шүүхийн шийдвэрээр надаас гаргуулахаар заасан төлбөрөөс хасаж тооцно гэж бас л хүлээж байсан боловч надаас авсан мөнгийг буцааж өгөх талаар огт дурьдахгүй, шүүхэд өгсөн хариу тайлбартаа ч огт бичээгүй байна. Иймд Ш.Ө-аас 6 300 000 төгрөг, 15 000 000 төгрөг, 30 000 юанийг тэр үеийн ханш 152 төгрөгөөр тооцож 4 560 000 төгрөг, бүгд 25 860 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн нэхэмжилж буй зүйл нь огт үндэслэлгүй, Ш.Г-өөс мөнгө зээлж авч байгаагүй. 2007 оны 4 дүгээр сард Ш.Г миний нөхөр Н.Б-д хамтран ажиллах санал тавьж, өөрийгөө зээл авч чадна, М ш банкны 130 дугаар салбарын эрхлэгч Б.Ц-ийн сайн найз, одоо барилгын салбарын ид үе эхэлчихлээ, авто кран -1, шавар зуурагч-2 машин надад байна, ганц дутаад байгаа шавар зөөгч машин авах шаардлагатай байна. Та барьцаа хөрөнгөө тавьчих, тэгвэл би зээл аваад шавар зөөгч машинаа өөрөө оруулж ирээд, та зүгээр л ашиг хүртээд сууна, олсон ашигаасаа би өөрөө банкны зээлийг төлчихнө гэж итгүүлсэн. Тэр үед Ш.Г манай оффис дээр өрөө түрээсэлдэг байсан ба манай өрөөгөөр орж гарч байсан. Зээл төлж дууссан тухай 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн баримтыг авч гарсныг би мэдээгүй. Энэ баримтыг хараад энэ хоёр барьцаа хөрөнгөтэй гэдгийг мэдэж, хамтран ажиллах санал тавиад байсан байна. Бид М ш банкнаас 80 000 000 төгрөгийн зээл авахаар болоод би нөхөр Н.Б, Ш.Г хамт банк руу очих замдаа зээлийн 80 000 000 төгрөгөөс хамтран ажиллах гэрээний дагуу шавар зөөгч машины үнийг л чамд өгнө, үлдсэнийг нь би авч, авсан мөнгөнийхөө хүү, зээлийг өөрсдөө төлнө гэдгээ хэлж байсан юм. Банкан дээр очоод та хоёр наанаа сууж бай, би танилтайгаа уулзаад мөнгө өгөх эсэхийг асуугаад гараад ирье гэж хэлээд танилынхаа өрөө рүү ороод гарч ирэхгүй зөндөө удаад байхаар нь нөхөр бид хоёр гайхаад асуутал орж ирэнгүүтээ мөнгөө аваад арын хаалгаар гараад явчихсан байсан. Ш.Г-г хайхад аль түрүүн Хятад руу нисчихсэн байсан. Энэ үед л нөхөр бид хоёр зальдуулснаа мэдэж маш хүнд байдалд орсон. Хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харахад түүнд автокран, шавар зуурагч машинуудын аль нь ч байгаагүй бөгөөд тэр үед автокран 22 000 000 төгрөг, шавар зөөгч машин 35 000 000 төгрөг, шавар зуурагч машин 20 000 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд зээлийн             80 000 000 төгрөгөөр бүгдийг нь авах боломжтой байсан. 2014 оны 12 дугаар сарын       04-ний өдрийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 5744 дугаарт шийдвэрт Ш.Г нэхэмжилж буй 6 300 000 төгрөгийн талаар дүгнээд бичсэн байгаа болно. Миний нөхөр Н.Б бид хоёр 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хятад улс руу 30 000 юанийг Ш.Г шилжүүлснийг огт мэдэхгүй. Тэр үед Ш.Г-тэй хамтран ажиллах саналд хариу өгөөгүй үе юмаа. Шавар зөөгчийн үнийг шилжүүлэхийн тулд 30 000 юанийг зээлсэн гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Учир нь 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн мөнгө нь шавар зөөгч машиных биш харин автокраны үнэ болох нь 2007 оны 4 дүгээр сарын 02-нд Н гэх хүнд 140 000 юань, 2007 оны 4 дүгээр сарын 07-нд А.Б гэх хүнд 30 000 юань шилжүүлсэн байдаг. Мөн 2007 оны 4 дүгээр сарын 20-нд М-с “Г т” ХХК-ийн Б-р дамжуулж 22 000 000 төгрөгийн үнэтэй, тээврийн зардалд 200 000 төгрөг, гаалийн татвар 2007 оны 4 дүгээр сарын 20 нд автокран 1 264 025 төгрөг нийт 23 464 025 төгрөг төлсөн тухай баримтууд байдаг. Энэ нь тухай үеийн юанийн ханш 153-т хуваахад 153 359 641 юань болсон байна. Хугацааны хувьд ч энэ нь шавар зөөгч машины үнэ биш, харин автокраны үнэ болох нь тодорхой байна. Ш.Г нь Ц.Б-тай манай ажлын өрөөнд маш аймшигтай ширүүн зодоон хийж, өрөөгөөр дүүрэн цус нөж болгон, тэтгэвэрийн хөгшин бид хоёрыг айлган сүрдүүлж, дарамтлан Ц.Б-г цагдаад өгч шалгуулж байгаа, танай өрөөнд би зодуулсан тул танай нөхрийг зодсон гэж хэлж шоронд хатаана гэж дарамталж байгаад надаар 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр уг бичгийг бичүүлсэн болно. Би Ш.Г-өөс ямар ч мөнгө аваагүй. Тухайн үед Ш.Г, Ц.Б нар цагдаад бие биенээ өгч, зодооны хэргээр шалгуулж байсан тухай баримт цагдаад байгаа.

Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 231 дугаар магадлалд Ш.Г нь 15 000 000 төгрөгийн баримтыг авч хэлэлцээгүй гэх гомдлыг гаргасан боловч хамтран ажиллах гэрээнд хамааралгүй гэж үзэв гэж дүгнэсэн байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 24-нөөс эхэлж тоологдоод 3 жилийн хугацаа нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байхад Ш.Г нэхэмжлэлээ 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ө-аас 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 860 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 041 төгрөгийн 617 841 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэн нэгнийгээ цагдаад өгч шалгуулж байсан бөгөөд энэ хэрэгт танай нөхрийг шалгуулна гэж айлган сүрдүүлж бичүүлж авсан гэх тайлбарьгг шүүх анхаарч үзээгүй. Мөн Ш.Г гэрч Р.Б мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч Ш.Г нь Ш.Ө, түүний нөхөр Н.Б нарт Монгол төгрөг, юань зээлүүлж байгаагүй гэж гэрчилснийг, 15 000 000 төгрөгийн баримтыг Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелүүлэх явцад үүссэн зардлыг хуваарилсан байх гэж гэрчилснийг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч Ш.Г нэхэмжилсэн 15 000 000 төгрөгийнхөө задаргааг дараахь маягаар хавтаст хэрэгт тусгасан бөгөөд энэ нь нийт 3 698 000 төгрөг болж байгааг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч Ш.Г 15 000 000 төгрөгийг батлах гэж хавтаст хэрэгт ирүүлсэн 3 698 000 төгрөгийн нотлох баримтууд нь он саргүй, гарын үсэггүй, өгсөн авсан гэдэг нь нотлогдоогүй, үлдсэн 11 032 000 төгрөгийн баримт огт байхгүй байгааг анхаараагүй. Ш.Г нэхэмжилж буй 15 000 000 төгрөгийн задаргааг доор заасан хүснэгтээс үзэхэд зөвхөн 3 698 000 төгрөгийг баримтжуулахыг оролдсон боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Ш.Ө холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 860 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Б-ын зээлийн өрийн үлдэгдэл 6 300 000 төгрөгийг надаас авч төлсөн, 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 30 000 юаныг шахагч машин авахаар зээлсэн, хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байхдаа хувийн хэрэгцээндээ зориулж 15 000 000 төгрөгийг авч, 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр буцаан өгөхөөр баталгаа гарган нотариатаар баталгаажуулсан...” гэснийг хариуцагч нь эс зөвшөөрч 6 300 000 төгрөгийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, 30 000 юань нь шахагч машины үнэ биш авто краны үнэ байсан, 15 000 000 төгрөгийг зээлээгүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн “Баталгаа” гэх бичигт Н овогтой Б, Ш овогтой Ө нар нь Ш овогтой Г-д 15 000 000 төгрөгийг 2009 оны 5 дугаар сарын 15-нд өгнө” гэсэн байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар дээрх баталгааны дагуу 15 000 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэхээр байна. Гэвч дээрх үүрэг нь хууль буюу гэрээний дагуу үүссэн байх учиртай ба нэхэмжлэгч нь энэ үүргийг “зээлийн гэрээний үүрэг” гэж тайлбарласан нь баримтаар нотлогдоогүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцох бөгөөд нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн 2009 оны 5 дугаар сарын 15-нд гүйцэтгэх 15 000 000 төгрөгийн төлбөрийн үүргийг хариуцагчаас  шаардаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар уг үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 5 дугаар сарын 29-ны өдөр дуусгавар болсон байна.

Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээх үндэслэлгүй тохиолдолд “Баталгаа”-нд заасан үүргийг хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэхээс татгалзах эрхтэй.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...хариуцагч Ш.Ө нь 15 000 000 төгрөгийг 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгнө гэж “Баталгаа” гарган нотариатаар гэрчлүүлсэн, зээлийн төлбөрт 15 000 000 төгрөгийг гаргуулан Ш.Г-д олгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02671 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ш.Ө холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25 860 000 төгрөг гаргуулах тухай Ш.Г нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас     төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                          

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ