Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 116/2024/0011/З |
Дугаар | 221/МА2024/0635 |
Огноо | 2024-10-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0635
Б.Х*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Х*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Х*******
Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2024/0014 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Х*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 116/2024/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х*******аас Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдуулан “Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2024/0014 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.Х*******ын Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Х******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Чойлбалсан сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Нийгмийн ажилтаны албан тушаалд анх томилогдон төрийн албан хаагч болж, 2006 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Чойбалсан сумын Хөдөлмөр, халамжийн халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон Чойбалсан сумын Засаг дарга нар зөвшилцөн намайг шилжүүлэн ажиллуулах болж "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-д заасны дагуу албан тушаалаас чөлөөлж, Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон.
Ажиллах хугацаандаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж байсан бөгөөд төрийн албаны хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалттай сайн биелүүлдэг байсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сумын Засаг дарга "Б.Х*******ыг ажлаас чөлөөлөх тухай" Б/21 дүгээр тушаалыг гаргаж, үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 31.3, 46 дугаар зүйлийн 46.2.5 гэж "Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд томилох журмыг зөрчин томилогдсон тул Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/395 дугаартай албан бичгийн дагуу Авилгатай тэмцэх "Шүүр" ажиллагааны хүрээнд ... албан тушаалаас чөлөөлсүгэй" гэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан. Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонсох ажиллагаа хийсэн гэж тэмдэглэл ирүүлсэн. Гэвч сонсох ажиллагааны тухай албан бичгийг надад мэдэгдээгүй, гардуулаагүй, мөн тухайн өдөр ажлын хэсэг нь сонсох ажиллагаа хийгээгүй, тэмдэглэлийг нөхөж үйлдсэн бөгөөд энэ нь надаас гадна хуулийн мэргэжилтэн гарын үсэг зураагүй байгаагаар тогтоогдоно. Мөн байгаа баримт нь "тайлбар санал гаргах боломжийг олгоогүй, зөвхөн өөрсдийн гаргасан ажлаас чөлөөлсөн шийдвэрийг мэдэгдсэн тул эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн эрхийг зохих ёсоор эдлүүлээгүй байна.
3.2.Түүнчлэн Төрийн албан тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл" гэж заасан бөгөөд тушаалд ямар хуульд заасан албан тушаалаас чөлөөлөх үндэслэлд хэрхэн хамаарч байгаа талаар заагаагүй бөгөөд уг асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн үндэслэлд анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Энэ нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг зөрчсөн.
Тухайн албан тушаалд томилогдсоноос хойш Төрийн албаны зөвлөлд хандан тусгай шалгалт зарлуулах хүсэлтээ хүргүүлсээр байсан боловч Төрийн албаны төв зөвлөлөөс шалгалт зохион байгуулах эрхийг аймгийн салбар зөвлөлд өгөөгүй, өөрөөр хэлбэл надаас үл хамаарах шалтгаанаар албан тушаалын тусгай шалгалт өгөх боломжгүй байсан. Надтай хамт томилогдож байсан бусад сумдын хувьд ч ижилхэн төрийн албаны шалгалтыг өгөх боломжгүй хэвээр байгаа болно.
Мөн Төрийн албаны зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/84 дугаартай албан бичгийн дагуу маргаан бүхий шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс хуульд заасан шаардлагын дагуу дээд шатны байгууллагад хандсаны дагуу гарсан, тухайн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байгаа тул түүнийг Б/21 дүгээр тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичигт шалгалтын дүнг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү" гэсэн. Гэтэл тухайн хугацаанд Б.Х*******ыг зөрчилтэй гэж үзсэн, тогтоосон аливаа шийдвэр байхгүй атлаа түүнээс хойш 7 сарын дараа 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б/21 дүгээр захирамж гарсан нь уг шийдвэр дээр дурдсан албан бичгийн хүрээнд хийгдсэн гэдгийг үгүйсгэж байна.
3.3.Эдгээрээс гадна Авилгатай тэмцэх газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/3927 дугаартай албан бичгээр "...ашиг сонирхолын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно" гэж ирүүлсэн. Харин "мэргэжил хэсгийг хангаагүй, сонгон шалгаруулалтанд ороогүй, нөөцөд бүртгээгүй" гэсэн нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээнд хамааралгүй дүгнэлтийг гаргасан байгаа тул уг хэргийг шийдвэрлэх нөлөөгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийг журамд заасны дагуу шилжүүлэн ажиллуулсан болох нь Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 тушаал "Х*******ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаал болон сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалд "сумын Засаг дарга болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нар харилцан зөвшилцөж, шилжүүлсний дагуу Б.Х*******ыг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон" болохыг тодорхой зааснаар нотлогдоно.
3.4.Мөн тухайн үед суманд ажиллаж байсан төрийн албан хаагчдад зохих шаардлагыг хангасан этгээд байгаагүй тул төрийн албанд 10 жил ажилласан мэдлэг, мэргэшил, туршлагатай нэхэмжлэгч Б.Х*******ыг шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн "Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно" гэж заасанд нийцсэн.
Түүнчлэн шүүх болон хариуцагчаас "шилжүүлснийг бичгээр баталгаажуулаагүй" гэжээ. Гэтэл уг зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг шилжих ажиллагаанд сайн дураараа оролцсон болохыг баталсан, бусад нөлөөнд автаагүй болохыг баталгаажуулах арга хэрэгсэл тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Дээрх байдлаар анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэсэн тул Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2024/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны ХЭГ/395 тоот “Шүүр” ажиллагааны хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Х*******ыг Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд томилох журмыг зөрчиж томилогдсон гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн, шүүхийн шийдвэрт Б.Х*******ыг Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Чойбалсан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар шилжүүлэн томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, мөн “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам” зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тухайлбал хэрэгт авагдсан баримтаар Тамгын газрын даргын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээлээгүй, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, удирдах албан тушаалтны нөөцөд байгаагүй нэхэмжлэгчийг гүйцэтгэх албан тушаалаас шууд удирдах албан тушаал болох Тамгын газрын даргаар томилсон болох нь хангалттай тогтоогджээ.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас тухайн үед уг албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Х*******ын “Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 2019 оны 05/3827 дугаар албан бичигт албан тушаалын тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа талаар мөн дээрх нөхцөл байдал нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд хяналт тавьж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхааруулж байсан нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.
2.Давж заалдах гомдолд “…хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж байсан, үр дүнгийн гэрээний биелэлт хангалттай сайн дүгнэгддэг байсан, Тамгын газрын даргаар томилогдсоноос хойш тусгай шалгалт зарлуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын тусгай шалгалт өгөх боломжгүй байсан…” гэх боловч маргаан бүхий захирамжид нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, эсхүл үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн гэж огт буруутгаагүй, гагцхүү хууль, тогтоомж зөрчиж анх томилогдсон нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж үзжээ.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 дугаар албан бичигт “…Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчиж томилогдсон этгээдийг “Шүүр” ажиллагааны хүрээнд олж тогтоон 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг бүх шатны Засаг дарга нарт чиглэл болгосон, хэдийгээр маргаан бүхий акт заасан хугацаанд биш, өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдсанчилан үүнээс 7 сарын дараа гарсаныг энэхүү чиглэлийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй, мөн чиглэл өгсөн эсэхээс үл шалтгаалж Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог хэрхэн нөхөх талаарх зохицуулалт зөрчигдсөн энэ тохиолдолд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн захирамж холбогдох хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаа нь хууль ёсны дагуу томилогдсон албан хаагчид хамаарахаас бус нэгэнт хууль зөрчиж томилогдсон нэхэмжлэгчийн тухайд хэрэглэгдэхгүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн эсэх, тайлбар гаргах боломжид хугацаа олгосон эсэхээс үл хамаарч нэгэнт сонгон шалгаруулалтад ороогүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалтны нөөцөд байгаагүй гэх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул энэ үндэслэлээр уг хуулийн 26.1-т заасан “…эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах, цаашлаад шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.
4.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд зөвхөн өөрийг нь ажлаас чөлөөлсөн захирамжийг л хүчингүй болгуулахыг хүссэн, түүнээс “эгүүлэн тогтоолгох” шаардлага гаргаагүй, гаргах ч боломжгүй тул шүүхээс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохгүйгээр ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах боломжгүй.
Учир нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор Б.Х*******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7.0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон энэ тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд үүрэгт ажлаа хийх боломжтой байсан гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2024/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Х*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН