Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 159/ШШ2021/15

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, нэхэмжлэгч Азжин групп ХХК-ийн захирал И.Батсуурь, Б.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Даваахүү, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нарыг оролцуулан, Чандмань ширээт ХХК, Азжин групп ХХК, Хөтөл зоос ХХК, иргэн Б.Эрдэнэцэцэг, Х.Одхүү нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга О.Буянаагийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдэгдэл газрыг эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Чандмань ширээт ХХК, Азжин групп ХХК, Хөтөл зоос ХХК, иргэн Б.Эрдэнэцэцэг, Х.Одхүү нар 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч бид Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2008 оны 64, 276, 2015 оны А/144, 2018 оны А/159 дугаар захирамжаар газар тариалангийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт 114.82 га, 108.26 га, 68.73 га, 58.46 га, 190.36 га, 50 га газрыг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл бидний эзэмшлийн тариалангийн үйлдвэрлэлийн газрыг тусгай хэрэгцээнд авах тухай захирамжийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хууль зөрчин гаргасан байна. Уг захирамжийг гаргахаасаа өмнө нь ч гаргасныхаа дараа ч бидэнд огт мэдэгдээгүй ба уг захирамжийг өнөөг хүртэл танилцуулаагүй, гардуулж өгөөгүй болно. Сайхан сумын Засаг дарга О.Буянаагийн хууль зөрчиж гаргасан Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдэгдэл газрыг эзэмшүүлэх тухай А/260 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Бидний хувьд уг захирамжийг гаргасан талаар сургаар мэдэж Сайхан сумын газрын даамлаас асуухад захирамж гарсан талаар хэлсэн боловч нууцын зэрэглэлтэй тогтоолыг үндэслэн гаргасан гээд бидэнд захирамжийг танилцуулаагүй. Бид захирамжтай танилцаагүй, захирамжийг гардаж аваагүй ч гэсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ийм захирамж гарсныг мэдмэгцээ 13 хоногт багтаан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гомдлоо хуулийн хугацаанд багтаан гаргасан. Гэсэн хэдий ч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь гомдлыг хуулийн дагуу хянан шийдвэрлэх үүргээ зөрчин 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/233 тоот албан бичгээр шүүхэд ханд гэсэн хариу ирүүлсэн тул нэхэмжлэл гаргасан юм.

Нэхэмжлэгч бид хуулийн хугацаанд гомдол гаргасан, харин аймгийн Засаг дарга хуулийн хугацаанд багтаан гомдлыг шийдвэрлээгүй, хугацаа сунгасан болохыг нэхэмжлэлд хавсарган нотлох баримтаар нотолж байгаа болно. Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь бидний гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэж, 98 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт гаргах ёстой атал ямар ч захиргааны акт гаргаагүй зөвхөн албан бичгээр хариу мэдэгдсэн учир бид Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдэгдэл газрыг эзэмшүүлэх тухай А/260 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна.

Дээр дурдсанчлан бид өөрсдийн газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж буй газар тариалангийн үйлдвэрлэлийн газрыг Улсын Их Хурлын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсныг мэдээгүй бөгөөд энэ тогтоолыг бидэнд танилцуулаагүй ямар ч мэдээлэл, мэдэгдэл гардуулалгүйгээр шууд захирамж гаргасанд маш их гомдолтой байна. Улсын Их Хурлын тогтоолоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа тохиолдолд тухайн газрын солбилцол дүрсийн зургийг тодорхой гаргаж хэмжээг нарийвчлан тогтоосон байдаг байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Таван толгой нэртэй хөндийгөөс ямар солбилцол дүрстэй хичнээн хэмжээний га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгааг болон энэ нь бидний эзэмшдэг талбайн солбилцолтой хэрхэн давхцалтай болох талаар сумын Засаг дарга огт танилцуулаагүй болно. Түүнчлэн Газар эзэмших гэрээ-г цуцлах захирамж гаргахаасаа өмнө биднийг байлцуулан хэмжилт хийгээгүй талбайн солбилцол, дүрсийн дугаар зэрэгтэй танилцуулаагүй тул талбайн хэмжилтийг үнэн зөв гаргасан эсэхийг мэдэх боломжгүй байгаа тул сумын Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар газрын тусгай хэрэгцээнд авах эрх зүйн зохицуулалт үйлчилж байгаа хэдий ч газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж буй газрыг гэрээний хугацаа дуусахаас өмнө улсын тусгай хэрэгцээнд авах тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3 дахь хэсэгт заасан зохицуулалт 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 43.4, 43.5 дахь хэсэгт заасан нөхөн олговор олгох эрх зүйн зохицуулалттай байна. Бидний эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авах талаар урьдчилж огт мэдэгдээгүй, санал гаргаагүй, тохиролцож, нөхөн олговор олгоогүй ямар ч мэдэгдэл өгөөгүй шууд тогтоол, захирамж гаргасанд гомдолтой байна.

Тэгээд ч Улсын Их Хурлын 27 дугаартай тогтоол нь 2010 онд гарсан байх бөгөөд энэ захирамж нь хүчин төгөлдөр эсэх, өөрчлөлт орсон эсэхийг нь ч мэдээгүй, уг тогтоолтой танилцах боломжгүй байгаа нь газар эзэмшигч бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож байна. Улсын Их Хурлаас газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж буй газрын улсын тусгай хэрэгцээнд авахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, биднийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлд зааснаар бидний газар эзэмших хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх учир оролцогчийн хувиар сонсох, тайлбар санал гаргах боломжийг хангах, мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажиллагааг хийх байсан. Тэгэхээр аймаг сумаас энэ талаар санал авсан асуудал байхгүй бөгөөд энэ ажиллагааг хийлгэхийг Улсын Их Хурал, Засгийн газраас аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт даалгасан байх ёстой гэж үзэж байна.

Гэтэл энэ талаар бидэнд мэдээлсэн, санал авсан зүйл байхгүй юм. Улсын Их Хурлын тогтоол гарснаас хойш 10 жилийн дараа газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон захирамж гарсны дараа сумын Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтан нарт хандахад Улсын Их Хурлын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай тогтоолыг нууцын зэрэглэлтэй, танилцуулах боломжгүй гээд танилцуулахгүй байгаа нь хүртэл ойлгомжгүй байгаа болно. Нууцын зэрэглэлд авсан хугацаа нь хэдэн жил юм, нууцын зэрэглэлээс гарсан юм уу, үгүй юм уу гээд бидэнд мэдэх зүйл огт байхгүй байна. Нууцын зэрэглэлтэй байсан ч уг тогтоолын хавсралтаар улсын тусгай хэрэглээнд авч буй газрын талбай хэмжээ солбилцолыг баталсан байх ёстой. Үүнийг ч гэсэн танилцуулж хэмжилтийг газар эзэмшигч нарыг байлцуулан талбай дээр нь хийх шаардлагатай байсан гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь бидэнд албан бичгээр хариу өгсөн асуудал нь ч Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасныг үндэслэн аймгийн Засаг дарга нь гомдлыг хянан шийдвэрлэж Сайхан сумын Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцуулахаар гаргасан бидний гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж захиргааны акт гаргах байсан. Гэтэл гомдол хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн захиргааны акт гаргаагүй тул маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдэгдэл газрыг эзэмшүүлэх тухай А/260 дугаар захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол Улсын Их хурлын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолоор тус сумын нутагт 1072.69 га талбайг Улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байдаг. Дээрх Улсын Их хурлын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн 1072.69 га талбай нь тус сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр Таван толгойн хөндийд байрладаг ба тухайн байршилд үр тарианы зориулалтаар газар эзэмшиж байсан 3 аж ахуй нэгжийн 4 нэгж талбарын 245.33 га, 2 иргэний 3 нэгж талбарын 214.03 га, нийт 459.36 га газар нь тус 1072.69 га талбайд хамаарч байсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 тоот захирамжаар

-Чандмань ширээт ХХК-нд 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 тоот захирамжаар Номгон 3 дугаар багийн нутаг Таван толгойн ард үр тариа тариалах зориулалтаар олгосон 114.82 га газраас 79.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, үлдэх 35.76 га талбайд гэрчилгээ олгох,

-Азжин групп ХХК 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 тоот захирамжаар Номгон 3 дугаар багийн нутаг Таван толгойн ард үр тариа тариалах зориулалтаар олгосон 68.73 гар газраас 57.81 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, үлдэх 10.92 га талбайд гэрчилгээ олгох, мөн захирамжаар тус газарт олгосон 58.46 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах,

-Иргэн Б.Эрдэнэцэцэгт 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/144 тоот захирамжаар Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр Таван толгой хөндийд тариа тариалах зориулалтаар олгосон 108.26 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах,

-Иргэн Х.Одхүүд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/276 тоот захирамжаар Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр Таван толгой хөндийд тариа тариалах зориулалтаар олгосон 159.56 га газраас 96.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, үлдэх 63.37 га талбайд гэрчилгээ олгох, мөн захирамжаар тус газарт олгосон 30.8 га газраас 9.58 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, үлдэх 21.22 га талбайд гэрчилгээ олгох,

-Хөтөл зоос ХХК-нд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/159 тоот захирамжаар Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр Таван толгой хөндийд тариа тариалах зориулалтаар олгосон 50 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 тоот захирамжийн талаар мэдээгүй, танилцуулаагүй талаар нэхэмжлэлд дурдсан нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд тус захирамж гарсны дараа Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболдод хандсан:

Иргэн Б.Эрдэнэцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сайхан сумын Засаг даргад гаргасан ... Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 тоот захирамжаар 108 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр эзэмших эрхийг цуцалсан. Би эзэмшиж байсан газрынхаа оронд 3 дугаар багийн Баян тохой-н дээд энгэр тэжээл тариалах зориулалтаар 108 га газар эзэмших хүсэлтэй байна. ...газар эзэмшүүлж өгнө үү... гэх хүсэлт,

Иргэн Х.Одхүүгийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сайхан сумын Засаг даргад гаргасан ... Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 тоот захирамжаар 105.7 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр эзэмших эрхийг цуцалсан. Би эзэмшиж байсан газрынхаа оронд 3 дугаар багийн Баян тохой-н дээд энгэр ногоон тэжээл тариалах зориулалтаар 105.7 га газар эзэмших хүсэлтэй байна. ...газар эзэмшүүлж өгнө үү... гэх хүсэлт,

Хөтөл зоос ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сайхан сумын Засаг даргад гаргасан ... Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 тоот захирамжаар улсын тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр эзэмших эрхийг цуцалсан. Бид эзэмшиж байсан газрынхаа оронд 3 дугаар багийн Баян тохой-н дээд энгэрт 50 га талбай эзэмших хүсэлтэй байна. ...Бидэнд эзэмших эрхийг цуцалсан 50 га газрын оронд ногоон тэжээл тариалах зориулалтаар 50 га газар олгож өгнө үү... гэх хүсэлт,

Чандмань ширээт ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 тоот албан бичгээр Сайхан сумын Засаг даргад гаргасан ...79.06 га газрыг Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 тоот захирамжаар улсын тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр эзэмших эрхийг цуцалсан. Бид эзэмшиж байсан газрынхаа оронд 3 дугаар багийн Баян тохой-н дээд энгэрт 79.06 га талбай эзэмших хүсэлтэй байна. ...Бидэнд эзэмших эрхийг цуцалсан 79.06 га газрын оронд тэжээл тариалах зориулалтаар 79.06 га газар олгож өгнө үү... гэх хүсэлт,

Азжин групп ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №041/2020 албан тоотоор Сайхан сумын Засаг даргад гаргасан ...Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 тоот захирамжаар улсын тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр эзэмших эрхийг цуцалсан. ...Бидэнд эзэмших эрхийг цуцалсан 116.2 га газрын оронд ногоон тэжээл тариалах 116.2 га газрыг Номгон 3 дугаар багийн нутаг Цахирын ард Хустай жалганы хажууд олгож өгнө үү... гэх хүсэлт зэрэг болно.

Улсын Их хурлын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолоор шийдвэрлэсэн асуудал нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт маш нууц зэрэглэлд мэдээллийг хадгалах хугацаа 20 жил байна гэж заасан. Мөн тус хуульд заасанчлан төрийн нууцад хамруулах жагсаалтад орсон задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд хүнд үр дагавар бий болгох, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах мэдээллийг маш нууц зэрэглэлд хамааруулах заалтын дагуу дээрх байгууллага, иргэдэд мэдээлэх, үзүүлэх, танилцуулах боломжгүй, газар эзэмших эрхийг цуцлах явцад сонсох ажиллагаа, мэдэгдэх хуудас зэргийг хүргүүлээгүй болно. гэжээ.

Нэхэмжлэгч Чандмань ширээт ХХК, Азжин групп ХХК, Хөтөл зоос ХХК, иргэн Б.Эрдэнэцэцэг, Х.Одхүү, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд нар шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд бид Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдэгдэл газрыг эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан нөхцөлөөр эвлэрэн хэлэцэхээр тохиролцов.

Чандмань ширээт ХХК-ийн 79.06 га газар, Азжин групп ХХК-ийн 116.2 га газар, Хөтөл зоос ХХК-ийн 50 га газар, иргэн Х.Одхүүгийн 105.7 га газар, иргэн Б.Эрдэнэцэцэгийн 108.6 га газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар Газар эзэмших гэрээ-ний дагуу эзэмшиж байсан газрыг гэрээний хугацаа дуусахаас өмнө Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авахдаа хуулийн дагуу нөхөн олговор олгох, солих зэрэг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байгаа тул 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр хуваарилах газрын тоо хэмжээ, байршлыг оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тусгай хэрэгцээнд хурааж авсан газрын тоо хэмжээтэй дүйцүүлэн гэрээгээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Жич: Газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх газрын талаар тооцоо судалгаа гарган дэмжиж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх ба тогтоол гарсан тохиолдолд давуу эрхээр газрыг нэхэмжлэгч нарт олгоно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Чандмань ширээт ХХК, Азжин групп ХХК, Хөтөл зоос ХХК, иргэн Б.Эрдэнэцэцэг, Х.Одхүү нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга О.Буянаагийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдэгдэл газрыг эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад Чандмань ширээт ХХК, Азжин групп ХХК, Хөтөл зоос ХХК, иргэн Б.Эрдэнэцэцэг, Х.Одхүү, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан Чандмань ширээт ХХК, Азжин групп ХХК, Хөтөл зоос ХХК, иргэн Б.Эрдэнэцэцэг, Х.Одхүү нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга О.Буянаагийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/260 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдэгдэл газрыг эзэмшүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэр нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР