Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/896

 

 

 

     2022          11          30                                     2022/ШЦТ/896

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Иргэдийн төлөөлөгч: Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч: С.Энхтуул,

Хохирогч: ***/онлайн/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205015631898 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***ын баруун талын нүд рүү нь ир үзүүртэй зүйлээр хатгаж улмаар баруун нүдний алимны нэвтэрсэн, баруун нүдийг авах мэс заслын дараах байдал, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд ханын хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр дэлгүүр орох гэж явж байгаад ***тай таарсан. *** хоёр хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ боль” гэж хэлсэн. Би тухайн үед согтуу байсан. Тэр хугацаанд үл ялих маргаан үүссэн. Би энэ хүнд гар хүрсэн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ***шүүх хуралдаанд: “...*** бид гурав автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. Тухайн процессыг сайн санахгүй байна. Энэ хүн ***ыг таньдаг юм шиг байсан. ***тай уулзаж юм ярилцаж байсан. Миний харж байгаагүй залуу шиг байсан. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн, нэг мэдэхэд эмнэлэг рүү явж байсан. Хохирол төлбөрт 10.000.000 төгрөг данс руу хийсэн байх. Би шалгаж үзээгүй байна. Гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед ***, *** бид 3 Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар Бичил хорооллын хойд талын автобусны буудал байдаг *** эгчийн ТҮЦ-ний хажууд цэнхэр дэлгүүрийн зүүн талын хэсэгт суугаад юм яриад байж байтал гэнэт үл таних цэнхэр өнгийн куртиктэй хар өнгийн нүдний шилтэй 170-175 см орчим өндөртэй 30 гаран насны залуу урд зүгээс ганцаараа хүрч ирээд ***ын нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн бөгөөд дараа нь тухайн эрэгтэй куртикныхээ халааснаас хурц үзүүртэй хутга шиг зүйл гаргаж ирээд миний баруун талын нүдний доод зовхи руу хатгах шиг болсон ба тэр нь шууд баруун нүд рүү хатгаад миний баруун нүдийг сохолсон. Тэгээд миний нүдийг хурц үзүүртэй хутгаар нэг удаа хатгаад дараа нь ***ын нүүр хэсэг рүү цохиод авах шиг болсон. Би нүд рүүгээ хутгаар хатгуулаад доошоо нүүрээ дараад сууж байсан бөгөөд тэр үед тэр залуу зугтаагаад яваад өгсөн юм шиг байна лээ. Тэгээд автобусны буудлын хажууд байдаг ТҮЦ-ны *** эгч хүрч ирээд түргэн, цагдаа дуудаж өгсөн. Тухайн миний нүдийг сохолсон хүнийг *** таньдаг гэсэн бөгөөд *** гэдэг нэртэй, хамт архины эмчилгээнд явж байсан найз дүү нь гэж байсан. Би тэр *** гэх залуугийн царайг сайн анзаарч хараагүй, би өмнө нь огт харж байгаагүй бөгөөд гэнэт л хүрч ирээд хутгаар л миний нүд рүү хатгах шиг болсон бөгөөд их жижиг хутга байх шиг байсан. Хутганых нь ишийг харж амжаагүй. Тэр *** гэх залуу бага зэрэг согтуу байх шиг байсан бөгөөд тэр залуутай ямар ч хэрүүл маргаан хийгээгүй байхад гэнэт л хүрч ирээд ***т хандаж “чи яагаад архи уугаад байгаа юм” гээд байсан. *** л тэр *** гэж залууг таниад байсан. Анх *** хүн андуураад өөр хүний нэр хэлээд байсан бөгөөд сүүлдээ яг үнэнгээр нь *** гэж залууг зааж хэлж өгсөн. ***, *** нар ямар харилцаа холбоотой талаар би сайн мэдэхгүй байна. Мөн тэр *** гэх залууг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Бичлийн автобусны буудал дээр явж байхад нь *** эгч утсаараа тэр залуугийн зургийг дарсан бөгөөд тухайн зураг дээр миний нүдийг сохлох үедээ өмсөж явсан хувцсаа өмссөн байна лээ. Тэр зураг нь надад байгаа тэр зургийг би гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Гэрч О.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед түнхэл ***, *** бид 3 Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар бичил хорооллын хойд талын автобусны буудал байдаг Унадрмаа эгчийн ТҮЦ-ний хажууд цэнхэр дэлгүүрийн зүүн талын хэсэгт суугаад юм яриад байж байтал *** гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны жижүүр хийж байсан залуу хүрч ирээд шууд ***ын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөөд тэгээд дараа нь миний баруун гар талд сууж байсан түнхэл ***ын нүд хэсэг рүү төмөр зүйлээр нэг удаа хатгаад дараа нь миний уруул хэсэг рүү нэг удаа цохиод авто замаар урагшаа гараад зугтаагаад гүйгээд яваад өгсөн. Тэгсэн чинь ТҮЦ-ний *** эгч бид нарыг хараад гарч ирээд түргэн дуудаж өгсөн бөгөөд түнхэл ***ын баруун нүд нь сохорсон юм шиг байна гээд түргэн тусламж аваад яваад өгсөн. *** шууд гэр рүүгээ яваад өгсөн бөгөөд би ГССҮТ дээр очсон. *** түнхэл ***ын баруун нүд рүү нь нэг удаа төмөр зүйлээр хатгаад авсан бөгөөд дараа нь миний уруул хэсэг рүү 1 удаа гараараа цохисон бөгөөд үүдэн доод 2 шүд унаж гэмтсэн. *** яагаад ***, *** бид гурвыг цохиж зодсон шалтгааныг сайн мэдэхгүй байгаа бөгөөд гэнэт л хүрч ирээд тийм зүйл болчихсон. Би ***тэй 2017, 2018 оны үед архины эмчилгээ хийлгээд норкологийн төвд хамт хэвтэж байгаад танилцсан бөгөөд тэр үеэс хойш нэг их уулзаад байдаггүй, заримдаа нэг тааралдхаараа нийлж архи уудаг дүү байгаа юмаа. *** нь 1980 орчим оны надаас дүү залуу бөгөөд туранхай 180 см өндөртэй, бор царайтай залуу байгаа. *** эхнэр 3 хүүхэдтэй гэж надад хэлж байсан бөгөөд надад өөрийгөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны орцны жижүүр гэж байсан. *** ер нь эрүүл байхдаа надтай юм яриад байдаггүй, архи уусан үедээ надтай жоохон амьдрал яриад томрох гээд байдаг зантай ба гэхдээ миний хажууд *** өмнө нь хүнтэй зодолдож байгаагүй бөгөөд надтай зодоон, цохион огт хийж байгаагүй. Анх удаа 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр намайг болон манай 2 найзыг цохиж зодож ***ын нүдийг сохолсон. *** куртикнийхээ халаас хэсгээс нэг төмөр гаргаж ирсэн бөгөөд тэр төмрийг би бүтнээр нь хараагүй гарын атганд багтах тийм жижиг хэмжээтэй зүйл байсан. Би бол тухайн үед бага зэрэг согтуу байсан бөгөөд ***, *** бид 3 ер нь тийм аймар ухаанаа алдтал согтоогүй л байсан. Тэр өдөр бид 3, 0.5 литрийн Их Монгол гээд архи хувааж уусан байсан. *** хамгийн баруун талд буюу дэлгүүрийн хана дагуу урд хэсэгт, ***ын хажууд буюу зүүн гар талд ***, би ***ын зүүн гар талд дарааллаад суугаад зүгээр юм ярьж байсан. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн бөгөөд 1 минут бараг хүрээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би ТҮЦ дотороо сууж байтал 15 цагийн үед манай ТҮЦ-ний баруун урд талд ***, ***, *** нар архи уугаад сууж байсан ба ***ы таньдаг хүн нь ирээд байж байх шиг байсан ба нэг мэдсэн тэд нар бужигналдаад зодоон болоод байх шиг байсан. Гэнэт нэг танихгүй эмэгтэй хүн хүний нүд сохлоод хаячихлаа гэхээр нь би гараад очтол ***ын нүүрнээс цус гарч байсан ба ***ын нүднээс цус гоожоод сохорчихсон байсан. ***ы найз гээд байсан хүн зугтаагаад замын урагшаа гараад явсан ба тэр залуу хар өнгийн нүдний шилтэй, цэнхэр өнгийн куртиктэй, 170 см өндөртэй залуу байсан бөгөөд *** тэр залууг 14-н Чука гэдэг залуу гэж хэлж байсан. Тэр залууг *** сайн мэдэж байгаа. ...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед цэнхэр куртиктэй, туранхай, бор залуу нүдийг нь хурц зүйлээр хатгаж сохлоод явсан бөгөөд тухайн залуу дахин маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн үед бичлийн цэнхэр дэлгүүрийн хажууд явж байхаар нь зургийг нь дарж авсан бөгөөд тухайн өдрөөс хойш нилээн хэд хоногийн дараа *** надтай ирж уулзахаар нь гар утсан дээрээ авсан зургаа ***од хэвлүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21, 88/,

Гэрч Г.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ***, *** бид 3 хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аркны арын автобусны буудлын хажууд байрлах цэнхэр дэлгүүрийн зүүн талд суугаад 0.5 литрийн 1 шил Их Монгол нэртэй архи уугаад байж байтал 15 цагийн үед ***ын танил гээд 30 гаран насны 175 см өндөртэй, бор царайтай, цэнхэр куртиктэй залуу гэнэт хүрч ирээд миний нүүр рүү нэг удаа өшиглөхөөр нь би нүүрээ дараад босоод гэр рүүгээ явсан. Ямар шалтгаанаар өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Дараа нь сонссон тэр залуу ***ын нүдийг сохолсон гэж байсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Шинжээчийн 6411 тоот дүгнэлтэд: “...***ын биед баруун нүдний алимны нэвтэрсэн, баруун нүдийг авах мэс заслын дараах байдал, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болможтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 31-32/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 614 тоот дүгнэлтэд: “...*** сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. ...сэтгэцийн хувьд хоцрогдолтой гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна. ...болсон явдалд дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. ...болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” гэжээ /хх-н 54-55/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...О.*** ...3 дугаараар тэмдэглэсэн ***ийн зургийг зааж байсан ба танигч О.*** нь тухайн хүний царайг тод санаж байгаа бөгөөд би ***ийг хаанаас нь ч хараад танина гэж 3 дугаар тэмдэглэсэн ЧИ-85021211 регистрийн дугаартай Маруся ***ийг ***ын нүдийг төмөр зүйлээр хатгаж сохолсон гэж шууд зааж байв.” гэжээ /хх-н 5-10/,

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэмтлийг ...хэрэг гарсан гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Өвчний түүх болон, тухайн гэмтлийн байдал зэргийг үндэслэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэж үзэж байна.” гэжээ /хх-н 123-124/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Д.*** ...тухайн залууг би дандуу нүдний хар шилтэй байхад нь харсан боловч надад үзүүлсэн зурган дээрх хүмүүсээс 4 гэсэн дугаартай залуу нь ***ын нүдийг сохолсон хүн байна. 4 дугаартай хүн яг мөн байна гэж Маруся Тэнгсийг зааж байв....” гэжээ /хх-н 125-131/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 13-15/, хохирогчийн өвчний түүх /хх-н 33-50/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70-79, 94-97/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 108-112/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн ...бол ...шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Зэвсэг гэдэгт халуун, хүйтэн, хийн бүх төрлийн зэвсэг хамаарахаас гадна зэвсгийн чанартай бусад зүйл гэдэгт хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар зориуд бэлтгэсэн буюу урьдаас олж хэрэглэсэн аливаа зүйл хамаарч болно.

“Зэвсэг” гэдэг нь хууль зүйн үүднээс иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн болон хийн, мөн үйлдвэрийн эсхүл гар хийцийн аль нь ч байж болно.

Харин “Зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэг нь хүний биед, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэлийг ойлгоно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тухайн хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч *** нь хохирогч ***ын биед ямар нэг байдлаар зэвсэг эсхүл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид “ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэжээ. 

Ир үзүүртэй зүйл гэдэг нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл бусад зүйлийн аль нь байсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл байсан нь нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч *** нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй, нотлогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийг ир үзүүртэй зүйлээр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн байх ба ир үзүүртэй зүйл нь зэвсэг эсхүл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн аль нь болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тодорхойлж чадаагүй байна.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***ын баруун талын нүд рүү нь ир үзүүртэй зүйлээр хатгаж улмаар баруун нүдний алимны нэвтэрсэн, баруун нүдийг авах мэс заслын дараах байдал, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд ханын хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан фото зураг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ын нүдийг ир үзүүртэй зүйлээр хатгаж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүдийг ир үзүүртэй зүйлээр хатгаж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд гомдол саналгүй хохиролд 10.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 8 жил хорих ял оногдуулах,  шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан 4 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэсллэгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...бол” гэж хуульчилсэн байна.

Тухайн гэмт хэрэг буюу шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нь нэг нүдээ авахуулсан ба тухайн хохирол, хор уршиг бүрэн арилах боломжгүй ба хэдийгээр хохирогч гомдолгүй гэж мэдүүлсэн боловч хор уршиг арилаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчид хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч  ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 3 жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн урьд цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг фото зургийг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР

    

        ШҮҮГЧ                                   Г.ЗОЛБОО

                                                        

        ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ