Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/897

 

 

 

      2022          11          30                                     2022/ШЦТ/897

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Ц.Эрдэнэчимэг,

Хохирогч: ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Х осбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005200497 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

 Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Элбэг” их дэлгүүрийн хойд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.5. /а, в/, г, 3.4./а/, 3.7./а/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч ***ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой хорооллын Билэг их дэлгүүрийн ойролцоо хоолонд орчхоод гараад явж байсан. Тухайн үед бороотой, харагдах нөхцөл байдал муу байсан. Гурван эгнээ замын голын эгнээгээр явж байсан. Гарц ойртож ирэхэд хоёр талын эгнээний машин зогссон байсан. Гарцаар хүн гарсны дараа хоёр талын машин хөдөлж гарсны дараа гарцаар машины хоёр дугуй гараад явж байхад машины зүүн урд хэсгээр хохирогчийг мөргөсөн. Тухайн үед үнэхээр сандарсан. Яах аа мэдэхгүй эгчээ хоёулаа эмнэлэг оръё гэж машинд суулгаад явахад модны хоёр хавьцаа ямар ч эмнэлэг байгаагүй.  Сандраад ах руу залгаж ах ирээд яаралтай түргэн тусламж дуудсан гэв”

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...9 дүгээр сарын 03-ны өдөр дүүгийнхээ ажил дээр оччихоод гарцаар гарч явсан. Эхний хоёр машин зогсож байсан. Эргээд харахад маш хурдтай машин ирж байсан. Эхний хоёр зураас дээр гишгээд нэг мэдэхэд машинд дайруулсан байсан. Тухайн үед дотор муухайрч байсан. Би хүүхэд рүүгээ залгаж хэлье, утас хаана байна гэж хэлээд гар утас авч өгөхөөр нь хүүхэд рүүгээ залгасан. Тухайн үед шууд эмнэлэг оръё гэж хэлэхэд би ахыгаа авах гэж явж байна гэсэн. Нэг мэдэхэд модны хоёрт явж байсан. Эгч нь өвдөөд байна гэж хэлэхэд ахыгаа авна гээд утсаар яриад байсан. Тэгээд энэ хүүхэд түргэн дуудахгүй юм байна гэж бодоод 102 дугаарт залгахад эгчээ та яаж байгаа юм бэ гээд гар утас булаагаад авсан. Эгч нь хүүхэд рүүгээ яръя, зөөлхөн яв гэж хэлэхэд ахыгаа авна гэсэн. Тэгээд ухаан алдсан юм шиг байна. Нэг мэдэхэд нэг газар явж байсан. Тэгэхээр нь энэ хүүхэд намайг эмнэлэгт хүргэж өгөхгүй юм байна гэж бодсон. Ар талын суудлаас татаж байгаад хаалгыг нь яаж онгойлгох гэсэн та яаж байгаа юм бэ гэсэн. Эгч нь “үхлээ бууя” гэж хэлсэн. Доошоо харахад цус болсон байсан. Яаж буусан талаараа мэдэхгүй байна. Хоёр эмээ тухайн үед чи машин руу суу, эгч нь 102 дугаарт дуудлага өгье гэсэн. Тэгээд машинд сууж байхад түргэн дуудсан, цагдаа ирсэн. Тэгээд нэг мэдэхэд гар өвдөөд байхаар нь харсан чинь гар руу тариа хийж байсан. Нөгөө жолооч байна уу гэж асуухад байна гэсэн. Толгойдоо 8 оёдол тавьсан. Аарцагны задралтай, шөрмөс тасарсан, удаан сууж болохгүй байгаа. 2 сар эмчилгээ хийлгэсэн тухай баримтаа гаргаж өгсөн. Тэрнээс хойших баримтаа өнөөдөр гаргаж өгч байна. Цалингийн тодорхойлолт байгаа. Би 10 гаруй жил бариа хийж байна. Би өдөр 2-3 хүнд бариа хийж сардаа 1,200,000 төгрөг олдог байсан. Цаашдаа эмчилгээ хийлгэнэ. Зөв зүгээр явж байгаад ийм байдалд орсон учраас гомдолтой байна, энэ хүүхэд болгоомжтой явахгүй яасан бэ гэж бодож байна. Нийт 26.325.440 төгрөг нэхэмжилж байна ” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед би “Элбэг” дэлгүүрийн арын замын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарч явах үедээ автомашинд мөргүүлсэн. Мөргөсөн автомашин баруунаасаа зүүн тийшээ чиглэлд явж байсан. Би баруунаасаа зүүн тийшээ явсан замын төгсгөлд мөргүүлсэн. Мөргөсөн жолооч залуу намайг ослын газраас өргөөд машиндаа суулгаад эмнэлэг явлаа гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд модны хоёр руу очоод ахыгаа хайгаад нилээд явсан. Тэгээд Гранд плаза төв рүү очсон. Жолооч залууд утсаар ярьж хүүхдүүд рүү хэлмээр байна гэхэд миний утсыг өгөөгүй. Тэгээд гуйж байгаад утсаа аваад хүүхдүүд рүүгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 30 минутын орчимд манай нагац дүү *** утсаар залгаад ахаа би хорооллын “Элбэг” их дэлгүүр урд замд явган хүний гарцаар гарч явсан настай эмэгтэй хүнийг автомашинаараа шүргэсэн, та хаана байна гэхээр нь би Их дэлгүүрийн хажууд байна гэж хэлээд ах нь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би баруун 4 замын ТБД андуудын автобусны буудал дээр очиход *** мөргөсөн хүнээ автомашиндаа суулгасан байж байхаар нь би 103 руу дуудлага өгсөн. 103, 10-20 минутын дараа ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Би 103-тай хамт мөргүүлсэн хүний хамт Гэмтлийн эмнэлэг орсон, Гэмтлийн эмнэлэгт очоод уг эмнэлгийн цагдаад осол хийсэн талаар хэлж, Замын цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 48/,

Шинжээчийн 12171 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, тахимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 53-54/,

Мөрдөгчийн 1099 тоот магадлагаанд: “...Т.Пруис-20 маркийн 28-34 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.51 /а, в/, г, 3.4 /а/ 3.7./а/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч ***ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болон нь тогтоогдож байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” Гэжээ. /хх-н 66-67/,

Яллагдагчаар ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...цаг агаар бороотой орой байсан тул харагдах орчин муу байх үед явган хүний гарцны өмнө би зогсоод байсан машинууд хөдлөхөөр нь би дагаад хөдөлтөл зорчих хэсгийн хойд талаас нэг хүн гарч ирээд миний машины зүүн урд талын хэсэгт мөргүүлээд газар унасан. Тэгээд би машинаас буугаад тухайн хүнийг аваад эмнэлэг оръё гэж бодоод дагуулаад явж байгаад эмнэлэг олохгүй явж байгаад цагдаа түргэнд дуудлага мэдээлэл өгсөн. ...Би 2021 онд жолооч болсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2022 оны 3 дугаар сард Ховд аймагт согтуугаар машин жолоодож яваад 01 жилийн хугацаатай хасуулсан....” гэжээ. /хх-н 78/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 4-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9/, хохирлын баримтууд /хх-н 16-30/, хохирогчийн өвчний түүх /хх-н 32-36/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 58-62/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 98-108/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Элбэг” их дэлгүүрийн хойд замын хөдөлгөөнд орлоцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.5. /а, в/, г, 3.4./а/, 3.7./а/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу орйтон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч ***ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн лавлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсан буюу жолоодох эрхгүй үедээ Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хохирогч ***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар /хх-н 81-93/ нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс нийт 26.325.440 төгрөг нэхэмжилсэн ба  хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хохирогчийн дансны хуулга, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлэн хохирогчийн баримттай хохирлыг 2.203.305 төгрөгийн хохиролд тооцов. Үүнээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 961.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 1.242.305 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч ***ийн нэхэмжлэлээс олох байсан орлого, охин Намуун сахиураар байсан, түүний ажилгүй байсан сарын цалин зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.

Дээрх хохирлын талаар хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд өгсөн баримтуудаар тухайн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй, нотлох баримт байхгүй тул шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно. Иймд хохирогч *** нь дээрх нэхэмжлэл болон цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн хохирол бүрэн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс улсын яллагчийн “зорчих эрх хязгаарлах ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн ялын дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэрэглэх заалт юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцаас дүгнэхэд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, мөн шүүгдэгч нь тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хурладаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хохирол, хор уршигт хандаж байгаа шүүгдэгчийн хувийн байдал буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсны дараа тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан зэргийг харгалзан улсын яллагчийн “зорчих эрх хязгаарлах ял” оногдуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ...үеэс хугацааг тоолно” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 961.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 1.242.305 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  7. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР