| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0292/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/300 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/300
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Э.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208006050392 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын операторч мэргэжилтэй, “****” ХХК-д операторч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ****гийн ****(РД:***).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ****** тоотод хохирогч ****“амьдрал шүүмжиллээ” гэж маргалдан, түлхэж унаган нүүрэнд өшиглөж, цээжин дээр дэвсэн зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, алиман салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч болсон асуудлыг мэдэж байгаа. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан. Хохирогч сандал дээр сууж байхад нь нүүр лүү нь өшиглөж унагаад дахин 1 өшиглөсөн. Намайг боож ухаан алдуулаад унагачихаар нь уурлаад өшиглөсөн. 1,400,000 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2208006050392 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ****ын: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө төрсөн дүү А*** гэрт 11 цагийн үед очиход ***, ****нар архи ууж байсан. Намайг ирсэн гээд бид нар хоол идээд, 2 шил архи уусан. ****“танай эхнэр яахаараа танай ээжийг цагдаад барьж өгдөг юм бэ” гээд урдны юм сөхөөд хэрүүл хийхээр нь “миний амьдрал чамд хамаагүй, чи өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй байж” гээд загнасан чинь ****уурлаад бид 2 зууралдаж байхад дүү *** салгасан. Би ****г барьж аваад айлгах гээд боосон чинь ухаан алдаад унасан. Сэргээгээд босгож ирсэн чинь ****уурлаад намайг түлхээд босож амжаагүй байхад нүүр рүү өшиглөсөн, цээжин дээр нэг удаа дэвссэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний буруутай үйлдлээс болсон...” гэх мэдүүлэг (хх-6),
Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.11-ний өдрийн 148 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ****ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ (хх-38-40),
Гэрч А.****ын: “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...хамаатны дүү ****, төрсөн ах **** нартай гэртээ архи уусан. **** ах ****г хувийн амьдралыг зохицуулж чаддаггүй талаар загнасан чинь тэр 2 маргалдаж байснаа бие биенээ боочихсон зууралдаж байхаар нь би салгаад гэр рүү орсон. ...**** ахыг сууж байхад нь ****нүүр рүү нь 1 удаа өшиглөөд, унах үед цээжин дээр нь 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-54),
Шүүгдэгч Д.****гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үеэл ах А.****ын гэрт архи ууж байтал **** ах ирж хамт архи уусан. “Танай эхнэр яахаараа танай ээжийг цагдаад барьж өгдөг юм бэ” гэсэн чинь “миний амьдрал чамд хамаагүй, чи өөрийнхөө амьдралыг хичээ” гээд загнаад маргалдаж байхад **** ах ирээд салгасан. **** ах намайг заамдаж боогоод ухаан алдсан байхад **** ах салгаад сэрээсэн. Маргалдаж байгаад “намайг бие муутай болохоор зодчихно гэж бодоод байгаа юм уу” гээд би уурандаа босоод нүүр рүү нь 1 удаа өшиглөөд унахаар нь цээжин дээр нь 1 удаа дэвссэн. ...Би **** ахад дансаар болон бэлнээр 1,400,000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-88),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-57), АСАП сангийн лавлагаа (хх-58-61), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-66), банкны дансны хуулга (хх-67-69), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-70), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-71), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-72), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хх-73), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-74), “****” ХХК-ийн “****нь Ковшийн оператор албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-77), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-92, 93), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-95-96), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-101) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ****тоотод хохирогч ****“амьдрал шүүмжиллээ” гэж маргалдан, түлхэж унаган нүүрэнд өшиглөж, цээжин дээр дэвсэн зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, алиман салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ****ын “...Бид нар архи уусан. ****уурлаад намайг түлхээд босож амжаагүй байхад нүүр рүү өшиглөсөн, цээжин дээр нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-6), шүүх эмнэлгийн 148 дугаар “1. ****ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-38-40), гэрч А.****ын “...Бид нар архи уусан. **** ахыг сууж байхад ****нүүр рүү нь 1 удаа өшиглөөд, унахад цээжин дээр нь 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-54), шүүгдэгч Д.****гийн “...уурандаа босоод нүүр рүү нь 1 удаа өшиглөөд арагш унахаар цээжин дээр нь 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-88) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.****гийн согтуурсан үедээ “амьдрал шүүмжиллээ” гэх шалтгаанаар хохирогч ****ын нүүрэнд нэг удаа өшиглөж унаган, цээжин дээр нь дэвсэж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,400,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-6, 93)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** тоотод иргэн ****“амьдрал шүүмжиллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хөлөөрөө нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, алиман салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ****“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, “амьдрал шүүмжиллээ” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэнд өшиглөж унаган дэвсэх үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,400,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ганц бие эцэг)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ****гийн ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****г 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР