Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Ж.А, Ц.Б, тэдний өмгөөлөгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1240 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** овгийн Ж.А , 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар,

- 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жил 6 cap 27 хоногийг эдэлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Монгол Улсын 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар суллагдсан,

- 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 698 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 cap 1 хоногийн хорих ял болгож тогтоосон,

- 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн.

2. Монгол Улсын иргэн, *** овгийн Ц.Б , 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, З0 настай, бүрэн бус дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж шийдвэрлэсэн ялын хугацаа дууссан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.А, Ц.Б-тай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах М.Д-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхыг нь онгойлгож хууль бусаар нэвтэрч, иргэн М.Д-ын эзэмшлийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, Самсунг галакси А10 эс загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1,180,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Б нь Ж.А-тай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах М.Д-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхыг нь онгойлгож хууль бусаар нэвтэрч, М.Д-ын эзэмшлийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, Самсунг галакси А10 эс загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1,180,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт,

Мөн шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах хохирогч Д.Б-ын байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:

- Шүүгдэгч, *** овгийн Ж.А , *** овгийн Ц.Б  нар бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 25-ны 21 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхыг нь онгойлгон нууцаар нэвтэрч, хохирогч М.Д-ын эзэмшлийн дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, “Samsung Galaxy A10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 1,180,000.0 төгрөгийн хохирол учруулсан;

- Шүүгдэгч *** овгийн Ц.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах байшингийн цонхоор нууцаар нэвтэрч, хохирогч Д.Б-ын дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 200,000.0 төгрөгийн хохирол учруулсан байна.

1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Ж.А, Ц.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүх хэргийн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосон болно.

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4, 5-7 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 60-65 дахь тал);

- Хохирогч М.Д-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн *** тоотод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг. Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гарч яваад 22 цаг 30 минутын үед буцаж ирсэн. Энэ хугацаанд манай гэр эзэнгүй байсан бөгөөд гэртээ буцаж ирэхэд байшингийн цонхыг түлхэж онгойлгоод хулгайч орсон байсан. Тэгээд эд зүйлсээ шалгаж үзэхэд дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, Самсунг А-10 загварын 1 ширхэг гар утас тус тус алга болсон байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал);

- Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1189 дугаартай “...хохирогчийн алдсан гэх эд зүйлсийн үнэлгээг 1,180,000.0 төгрөгөөр тогтоосон...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал);

- Гэрч У.Б-ий “...Дэн буудалд би, Ц.Б, н.Ш, Ж.А, н.Т бид тав үлдсэн юм. Тухайн өдрийн орой Ж.А, Ц.Б хоёр гадуур хувцсаа өмсөөд гараад явж байгаа харагдсан. Тэгсэн удалгүй буцаад орж ирсэн. Тэгээд бид Сонгинохайрхан дүүрэг *** нэртэй караокед орж архи ууцгаасан. Тэр үед гар утас ломбардад тавих болоод н.Ш-ийн хамтаар Сонгинохайрхан дүүрэг Шөнийн захын хажууд байх ломбард руу орж н.Ш 100,000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаараа тавьсан. Тэгээд бид дэн буудалдаа буцаж очоод байж байхад цагдаа нар орж ирээд аваад явсан. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ж.А хар өнгийн жийнс өмдтэй, хар өнгийн савхин хүрэмтэй, саравчтай малгайтай, хар өнгийн пүүзтэй байсан. Харин Ц.Б жийнс өмдтэй, NIKE брэндийн цагаан саарал өнгийн Jordan-1 загварын түрүүгүй пүүзтэй, хар өнгийн гадуур хувцастай байсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал);

- Гэрч Б.Т-ын “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орой гадаа харанхуй болсон хойно би буудлаасаа тамхинд гарсан юм. Тэгээд буцаад орж явтал Ж.А, Ц.Б хоёр буудлаас гарч явж байсан. Би хаашаа явах гэж байгаа талаар асуухад “ойрхон явчхаад ирнэ” гэж хэлсэн. Тэгээд Ж.А, Ц.Б хоёр 20-30 минутын дараа буцаад орж ирсэн. Тэгээд удалгүй Ж.А, Ц.Б хоёр дахиад гарч явсан. Тэгээд бас 20-30 минутын дараагаар орж ирсэн. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, дэн буудалдаа унтаж байхад цагдаа нар орж ирээд Ж.А, У.Б, Ц.Б болон түүний найз охин бид тавыг авч явсан. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ж.А-ын ээжийн явуулсан мөнгөөр 0,75 граммын Хараа нэртэй архи 1 шилийг авсан. У.Билгүүн 0,75 граммын Хараа нэртэй архи 1 шилийг авсан. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би 0.75 граммын “Хараа” нэртэй архи 1 шилийг авсан. 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө караокед орж үйлчлүүлэхэд Ж.А тооцоо хийж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал);

- Гэрч Ш.А-ийн “...Тухайн өрөөнд байсан хүмүүс орж гарцгаагаад байсан. Тэгээд өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны 10 цагийн үед би ээлж буугаад явчихсан. Тэгээд өдөр нь 11 цагийн орчимд ажил дээрээ түр ирэхэд манай нөгөө ээлжийн ресейпшн н.Ц надад хандаж “над дээр 2 давхрын 1 номерын өрөөнд орсон хүний нэг нь энэ гар утсыг 120,000 төгрөгөөр худалдаж авах уу гэнээ, манай нүүр нь хөхөрчихсөн байгаа найзын утас байгаа юм гэж байна” гээд надад нэг том цэнхэр өнгийн гар утас үзүүлэхээр нь би яарч байсан болохоор сайн анзаараагүй гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал);

- Гэрч Б.Ц-ийн “...Тухайн өдөр тэр 4 мөнгө муутай байсан байх тухайн өдөртөө архи дарс уулгүйгээр унтаж амарцгаасан. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед буугаад харьсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед ирээд ээлжээ аваад би бүртгэлээ үзэж байхад 2 давхрын 1 номерын өрөөнд байсан хүмүүс дахиад өрөөгөө сунгуулчихсан 10,000 төгрөгийн өрөө өгчихсөн барьцаанд тавьсан гар утсаа алга болгочхож магадгүй гээд гар утсаа хадгалуулсан байсан. Манай дэн буудалд байсан хүмүүс ямар ч мөнгө байхгүй байсан мөртөө Ж.А гэх залуу нь нэлээн бийлэгжүү болсон байдалтай “эгчээ би энэ буудлын өрөөний тооцоогоо хийлээ шүү дээ” гэж хэлээд онгирсон байдалтай байсан. Би ер нь гар утасны марк загварыг хараад бол мэдэхгүй, би тэр гар утсыг асааж үзэхэд дэлгэцэн дээр нь “Samsung Galaxy A10S” гэсэн бичиг гарч ирсэн. Баруун талдаа хөрөөний ирээр зурчихсан юм шиг 7-8 сэв үүсчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-41 дэх тал);

- Гэрч Н.Ш-ийн “...Би Ж.А, Ц.Б хоёртой 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хамт байсан. Ж.А нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэнэт гар утастай болчихсон байсан. Уг нь тэр гар утасгүй байсан. Би Ж.А-аас гар утасны талаар асуугаагүй, ямар учиртай болохыг нь мэдээгүй. Би бичиг баримттай байсан болохоор ломбард руу хамт орсон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

- Шүүгдэгч Ж.А-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Ц.Б бид хоёр гар утсыг нь ломбардаас аваад хүлээлгэн өгсөн. Мөн хохирогчид хохирлын 930,000 төгрөгийг барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал);

- Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Бид хоёр хохирогчид учирсан хохирол буюу мөнгөн аяганы 930,000 төгрөгийг бэлнээр, гар утсыг нь ломбардаас аваад хүлээлгэн өгсөн. Манай найзууд энэ хэргийн талаар огт мэдээгүй. Ж.А “битгий хэлээрэй” гэсэн болохоор би хэлээгүй юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дэх тал);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 171-172, 173-175 дахь тал);

- Хохирогч Д.Б-ын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагт байшингийнхаа хаалгыг цоожлоод ажилдаа явсан. Тэгээд үдээс хойш 15 цаг 30 минутын үед гэртээ ирээд газны дэвтэр авчхаад буцаж гараад 22 цагийн үед гэртээ ирсэн чинь байшингийн цонх онгорхой, тор нь байхгүй, хаалга дотор талаасаа түгжээтэй байхаар нь гайхаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзээд эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн. Ц.Б гэж хүн миний алдсан эд зүйлийн хохиролд 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, надад одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 179-183 дахь тал);

- Гэрч Г.Б-ын “...Цагдаа нар манай гэрт ирээд манай хашааг нэгжээд манай гэрт нэгжлэг хийсэн. Гэтэл манай байшингийн үүдний амбаарын булангаас цэнхэр ууттай эд зүйлийг гаргаж ирсэн бөгөөд надаас асуугаад байсан. Ингээд би Ц.Б-ыг хулгай хийгээд авсан юмаа манай гэрт нуусан юм байна гэж бодоод Ц.Б-ыг цагдаа нарт хэлсэн юм. Тухайн үед Ц.Б манай гэрт унтаж байсан бөгөөд хулгайлсан гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 192 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1429 дугаартай “...алдагдсан эд зүйлсийг 200,000.0 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 194-197 дахь тал);

- Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Би хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 209-210 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул тэдний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нар нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдсон хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй бөгөөд тэдэнд нэг өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь хүний эрхийн зөрчилгүй байсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.А, Ц.Б нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Ж.А, Ц.Б нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч М.Д, Д.Б нарын гэрт зөвшөөрөлгүйгээр цонхоор нь нууцаар орсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь материаллаг бүрэлдэхүүнтэй боловч хууль тогтоогчийн аутентик тайлбараар тус гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “их хэмжээний хохирол учирсан” гэдгээс бусад хүндрүүлэх шинжүүд бүхэлдээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцогдохоор байгаа билээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-ын ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь бусдын орон байранд нэвтэрч үйлдэгдсэн үндэслэлээр түүний бусдад 200,000.0 төгрөгийн буюу бага хэмжээнээс доош хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэрэгт тооцогдоно.  

Шүүгдэгч Ж.А, Ц.Б нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч нарын үйлдлийн хувьд давхар зүйлчлэх өөр гэмт хэрэг, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй болохыг дурдахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас шүүгдэгч нар архидан согтуурсантай, нөгөө талаас тэдний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн явцуу бодолтой холбоотойгоор гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.А, Ц.Б нарыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч М.Д-д шүүгдэгч Ж.А, Ц.Б нарын зүгээс Самсунг А-10 эс загварын гар утсыг биет байдлаар болон хохиролд 930,000 төгрөгийг, хохирогч Д.Б-т шүүгдэгч Ц.Б-ын зүгээс 700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, хохирогч нарт одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэх үед шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.А, Ц.Б нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.А, Ц.Б нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Ж.Ад 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Бд 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 хоног цагдан хоригдсон, тэд бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээе...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагч Ж.А-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргалаа. Шүүгдэгч Ж.А гэм буруугаа анхнаасаа хүлээж, хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлсөн ба хохирогч гомдолгүй гэх бичгийн баримтууд хэрэгт авагдсан. Иймд Ж.А-д оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү. Харин миний үйлчлүүлэгч Ц.Б-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг санал болголоо. Ц.Б-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг тус тус харгалзан үзээд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан миний санал болгосон ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.А: “...Хохирогч нараас уучлалт гуйж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Б: “...уучлалт хүсэж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Б, Ж.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75-76 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1003 тоот албан бичиг (хавтаст хэргийн 80 дахь тал), Ж.А-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), Ц.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 88-92 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 94-95 дахь тал), Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай захирамж, 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоол (хавтаст хэргийн 122-127 дахь тал), Ж.А-ын ял хэрэг, зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 129-131 дэх тал), Говь-Алтай аймаг Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 132-137 дахь тал), суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 138 дахь тал), Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 698 дугаартай захирамж (хавтаст хэргийн 139-147 дахь тал), Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 323 дугаартай шийтгэх тогтоол, Ж.А-ын хувийн байдал, суллагдагчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 148-152 дахь тал), Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги тодорхойлолт (хавтаст хэргийн 153 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын талаарх хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ж.А, Ц.Б нар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.А-д хоёр жилийн хугацаагаар, Ц.Б-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, үйлдлийн тоо, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалт билээ.

Шүүгдэгч Ж.А, Ц.Б нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан хэдий ч шүүх тэдний урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг нь харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх хэм хэмжээг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хавтаст хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А, Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.А, Ц.Б нарын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан *** овгийн Ж.А , *** овгийн Ц.Б  нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.А-д хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Б-д хоёр жил зургаан сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Ц.Б нарын цагдан хоригдсон 5 (тав) хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд хэргийн хамт шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.А, Ц.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.А, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА