Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0637

 

С*******ийн

нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С*******

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Б.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0507/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С*******ээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах”-аар маргаж байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр шийдвэрээр:

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт "иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ”, мөн зүйлийн 14.9 дэх хэсэгт "Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй" 14.9.7 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” … 13 дугаар зүйл 13.1.7-д "эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал боловсруулж Үндэсний зөвлөл дэх өөрийн төлөөллөөрөө дамжуулан шийдвэрлүүлэх" гэж тус тус заажээ.

Хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 128/Ш32024/4288 дугаартай захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулах хугацааг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 14 хоногоор тогтоосугай” гэжээ. Дээрх хугацаа тогтоож өгсөн нь нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх хугацаа бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн дотор явуулаад хэргийг шийдвэрлэх тухай ойлголт гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан асуудлаар тус эмнэлэгт хариу мэдэгдэж, өглөгийг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, сар бүрийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож ажиллаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Ц.О*******т 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 59 дугаартай алба бичиг, Хуулийн зөвлөх С.О*******т цохогдсон өдөр 6 дугаар сарын 11-нд гэсэн байна. Үүнээс харахад шүүгчийн захирамжид дурдсан хугацаа өнгөрсөн хэдий ч захиргааны хэрэг үүсгэх захирамж 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гарсан байна. Мөн 2024 оны 7 дугаар сарын 17-ны шүүх хурал дээр л уг нотлох баримыг гаргаж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдаагүй байсан.

Хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл 32.1-т "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 34.5-д "Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

3.2.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Ц.О******* танаа гэсэн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 59 дугаартай алба бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг шүүх үнэлээгүй.

Тус албан бичигт Үндэсний зөвлөлийн эрхэд "...эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр олгох..."-той холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй, мөн “...Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар”-ын 6.3-т "...гэрээний баримт бичигтэй холбогдох аливаа маргаанд талууд өөрсдөө төлөөлөн оролцох бөгөөд уг харилцаанд гуравдагч талыг оролцуулахгүй" гэж заасан байна. Иймд “...Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй юм" гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дээрх хариу нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ”, мөн зүйлийн 14.9 дэх хэсэгт "Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй" 14.9.7 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх", 14.1 дэх хэсэг "Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна" гэж заасныг үндэслэн хариу ирүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж зааснаар шүүгч үнэлээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.3.Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд холбогдох тогтоол, журмын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээгээр гэрээнд заасан хугацаанд сар бүр урьдчилгаа, гүйцэтгэлийн санхүүжилтийг тооцон олгож байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй 2022 оны УБ-01/025 дугаартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан ажиллаж, 2023 онд 5,841,843,250.00 төгрөгийн үндсэн өглөгтэй байснаас 2024 онд 2,238,090,096.52 төгрөгийг олгож, одоогийн байдлаар 3,603,753,153.48 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Дээрх төлбөрийн үлдэгдлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж барагдуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн шимтгэлийн орлого тасалдсан болон гүйцэтгэл хангалтгүй биелэлттэй байгаа тул өмнөх оны өглөгийг бүрэн барагдуулах боломжгүй байдалд хүрээд байна. Манай байгууллага өр төлбөртэй газруудын жагсаалтыг гарган дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам, Сангийн яаманд хүргүүлэн ажиллаж байна. Тусгай эх үүсвэр шийдвэрлэхээр дээрх өглөгийн үлдэгдлийг шилжүүлэн ажиллах талаар тус эмнэлэгт мэдэгдэж байсан. Нэхэмжлэлд дурдсан өглөгийн төлөхгүй байгаа асуудал биш бөгөөд өглөгийг бага багаар төсөвт суулган барагдуулж байгаа тухай нотлох баримтыг үнэлээгүй, өглөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн мэргэжилтэнг итгэмжлэлээр оролцуулах хүсэлтийг хангаагүй.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйл Хуулийн нэр томьёоны тодорхойлолтын 4.1.51- т "эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв" гэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг” гэж, 21 дүгээр зүйл. Төсвийн шатлал 21.1-т "Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ", 52 дугаар зүйлийн Болзошгүй өр төлбөр 52.5-д "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь болзошгүй өр төлбөрийн бүртгэл, хяналт, зохицуулалт, судалгаа болон магадлал, төсвөөс гарч болох зардлын хэмжээг тооцон бүртгэж, дүгнэлт гаргах, мэдээлэх чиг үүргийг гүйцэтгэнэ", 52.6-т "Болзошгүй өр төлбөрийн талаар дараах мэдээллийг холбогдох этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй ирүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу дээрх өглөгийн асуудлыг дан ганц Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар шийдвэрлэх асуудал биш бөгөөд тус хэргийг шийдвэрлэхэд Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл зэрэг байгууллагуудаас нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэхээр байх тул хууль, журмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 369 дүгээр албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд хандаж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн авлага, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 2022, 2023 оны өр, авлагыг шийдвэрлэж өгөхийг хүссэн, тус зөвлөлийн мөн оны 6 дугаар сарын 3-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 59 дүгээр албан бичгээр “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.1-т “Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна” гэж тодорхойлсон ч Үндэсний зөвлөлийн эрхэд “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох…-той холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй, ЭМДҮЗ-ийн 2021 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар”-ын 6.3-т “…гэрээний баримт бичигтэй холбогдох аливаа маргаанд талууд өөрсдөө төлөөлөн оролцох бөгөөд уг харилцаанд гуравдагч талыг оролцуулахгүй” гэж заасан. Иймд танай байгууллагаас ирүүлсэн хүсэлт нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд хамаарах асуудал тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснөөс үзэхэд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар шийдвэрийн 2.4-т тодорхой дүгнэсэн байна.

            Харин Үндэсний зөвлөлийн хариу дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.7-д заасан эрх хэмжээ, чиг үүргийнхээ хүрээнд гарсан эсэх нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл шүүх уг хариуг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гарсан эсэхэд л дүгнэлт өгөхөөс бус үндэслэлийг нь үнэлэх шаардлагагүй, учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Үндэсний зөвлөлд холбогдуулж ямар нэгэн шаардлага гаргаагүй болно.

2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, нэхэмжлэгч нараас 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бичилтээр 5.976.844.542 төгрөгийн өглөгө, авлага гарсныг баталгаажуулсан байгаагаас гадна шүүхэд нэхэмжилсэн гэрээний үүргийн төлөгдөөгүй үнийн дүн, алдангийн тооцооллын талаар хариуцагчаас маргаагүй, давж заалдах гомдолдоо ч дээрх өглөгөөс 2024 онд 2.238.090.096 төгрөг төлж, одоогийн байдлаар 3.603.753.153 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохоо хүлээн зөвшөөрсөн болно.

            “…Харин эрүүл мэндийн шимтгэлийн орлого тасалдсан болон гүйцэтгэл хангалтгүй биелэлттэй байгаагаас шалтгаалж өмнөх оны өглөгийг бүрэн барагдуулах боломжгүй байдалд хүрсэн…” гэх нөхцөл байдал нь шүүх маргааныг шийдвэрлэхэд харгалзан үзэх хууль зүйн үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” УБ-01/025 тоот гэрээний 2.2.1-т зааснаар хариуцагч нь “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн төлбөрийн хэмжээг тогтоох, 2.2.2-т зааснаар “гэрээний 2.2.1-т заасан тооцооны үр дүнд үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх” үүрэгтэй, гэвч дээрх болон бусад шалтгааны улмаас хуримтлагдсан төлбөрийг шилжүүлээгүй, нэхэмжлэгчээс үлдэгдэл санхүүжилтийг олгуулах талаар удаа дараа бичгээр хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            3.“…шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтыг хангалттай цуглуулаагүй…Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл зэрэг байгууллагуудаас нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан…” гэх боловч тэдгээрээс чухам ямар баримтыг шаардаж авах нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан талаар нэрлэн заагаагүй, гэвч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргааныг шийдвэрлэх хангалттай баримт цугларсан, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан үндэслэл тогтоогдсонгүй.

            Харин шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ захиргааны гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан иргэний эрх зүйн суурь зарчим, зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх тохиолдолд энэ нь шийдвэрийн Үндэслэх хэсэгт тусгагдахаас бус Тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох заалтыг баримталсан нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1…” гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

 

                              ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН