Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 87

 

МАГАДЛАЛ

 

2018.01.03                                                     Дугаар 87                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“А к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Н, Н.С нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 75 175 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.О,

Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “А к ББСБ” ХХК нь зээлдэгч Н.Н, Н.С нарын хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, жилийн 42 сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар хийж нотариатаар баталгаажуулан эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Н.Н, Н.С нар “...газар тариалан эрхлэх зорилгоор зээл авсан ба будаагаа хураагаад компаниудад тушаасан байгаа, өнөө маргаашгүй өгнө” гэж худлаа хэлж аргацаасаар нэг ч төгрөг өгөлгүй хохироож байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 50 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 22 667 000 төгрөг, алданги 2 508 000 төгрөг, нийт 75 175 000 төгрөг болсон байна. Н.Н, Н.С нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн дахин “...5 дугаар сард урагшаа нүүрс гаргах гэж байгаа, удахгүй мөнгөтэй болно” гэж худал ярьсаар одоо утсаа ч авахгүй, гэрт нь очихоор хүн байхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч Н.Н, Н.С нараас 75 175 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дансны хуулгын дагуу 12 000 000 төгрөгийг хасч тооцон нийт нэхэмжлэлийн шаардлагаа 63 175 000 төгрөг болгож багасгаж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар 35 100 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “А к ББСБ” ХХК-иас Н.Н, Н.С нар 50 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар зээлж авсан. Энэ зээлийн хүүг 5 сарын хугацааны туршид төлж явж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ ерөөсөө мөнгө төлдөггүй, залгахаар утсаа авдаггүй алга болсон гэж бичсэн байдаг. Гэтэл хариуцагч нар нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 750 000 төгрөгийг Г банкны дансаар, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1 750 000 төгрөгийг “А к ББСБ” ХХК-д бэлнээр, 2015 оны 9 дүгээр сарын 05-нд 1 750 000 төгрөгийг Г банкаар, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хоёр удаагийн төлөлтөөр 1 750 000 төгрөгийг Г банкаар, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 750 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 750 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 750 000 төгрөгийг Г банкаар, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 750 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1 750 000 төгрөгийг Г банкаар, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “А к ББСБ” ХХК-д бэлнээр 1 500 000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 05-нд бэлнээр 1 400 000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нийтдээ 23 650 000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд 35 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 075 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад үзэхээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан. Тэгэхээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлд заасны дагуу банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг нь тогтоогдохгүй байна. Тусгай зөвшөөрлийг олгосон хугацаа байгаа боловч дуусах хугацаа нь байхгүй байна. Ихэнхи банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил байдаг. Үүнээс үзэхэд “А к ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2017 оны 3 дугаар сарын 02-ний өдөр дууссан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд энэхүү зээлийн гэрээ маань өөрөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ гэж үзэж болохоор байна. Мөн Н.С хариуцагчааар татсан нь ойлгомжгүй байна. Н.С холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээд бол хуульд заасан үйл ажиллагааг явуулахдаа эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрлийн хугацаа байхгүй. Дууссан эсэх нь ойлгомжгүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-аас 35 100 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Илүү нэхэмжилсэн 28 075 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н, Н.С нараас зээлийн гэрээний үүрэгт 63 175 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А к ББСБ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А к ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, Н.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 473 825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А к ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл, 453 дугаар зүйл, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Анхан шатны шүүх Н.Н, Н.С нараас 63.175.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс Н.Н миний төлөх ёстой төлбөр 36 850 000 төгрөг юмаа. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны 102/ШШ2017/02778 дугаартай шийдвэрийн нэг дэх заалтанд 63 175 000 төгрөгийг гаргуулж гэснийг 36 850 000 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “А к ББСБ” ХХК нь хариуцагч Н.Н, Н.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 175 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь 26 324 000 төгрөгийн хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар нь 50 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй, сарын 3,2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувиар алданги тооцохоор, зээлийг графикийн дагуу төлж барагдуулах байтал хугацаандаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлнө гэсний дагуу нэхэмжлэгч байгууллага хариуцагч нараас шаардаж байгаа нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Уг зээлийн гэрээний үүргийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж, Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, түүнд ногдох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, зээлийн гэрээний тооцооллын хувьд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзнэ.

Мөн хариуцагч нь “...“А ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна...” гэх боловч хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тодорхой хугацаа заагаагүй нь зөвшөөрлийг хугацаагүйгээр олгосон гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 289 575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ