Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/771

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч *******,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Баатарсүрэнгийн Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2203004150444 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Дулааны 4 цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанид Зуухан цехийн засварчин ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн******* дугаар хороо, Тоосго******* дугаар гудамж тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (...................)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сонсголонгийн замд “Хэрээд туургатан” ХХК-ийн эзэмшлийн “Daewoo” маркийн “Lacetti” загварын*******419 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.3. Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 35 настай, эрэгтэй *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч*******: “...Тухайн үед хүнээс ажилтай холбоотой юм авах гэж явж байсан. Гадаа харанхуй болсон байсан ба ойрын гэрлээ асаагаад явж байсан. Хажуугаар машин өнгөрөхөд хохирогч гэнэт гараад ирсэн...” гэв.

 

Хохирогч *******: “...Сонсголонгийн гүүрний доор ажлынхантайгаа хамт архи уусан. Тэндээ нэлээн согтсон байсан. Дээшээ зам гарч байгаад машинд мөргүүлсэн байсан. Болсон зүйлийг нарийн санахгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...зам хөндлөн гарсан үеэ санахгүй байна. ... би нэлээн согтсон байсан. ... 2 сая гаран төгрөг эмчилгээний зардал гарсан эрүүл мэндийн сангаас 1.263.100 төгрөг үлдэгдэл 222.800 төгрөгийг өөрөөсөө гаргасан...” (хавтас хэргийн 18 дахь тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Гэгээнтулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...машинаа Эрдэнэбатад өгөөд явуулсан. ... үнэлгээ хийлгэсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би*******тай хуурай ах дүүсийн харьцаатай байгаа юм...” (хавтас хэргийн 44, 47 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7-р сарын 22-ны өдрийн шинжээчийн 9928 дугаар “...*******ын биед зүүн чамархайгаас хөхлөг сэртэн суурь яс хүрсэн шугаман хугаралтай, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын духны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун талын олон хавирганы хугарал, өвчүү ясны далд хугарал, хоёр уушгины няцрал, цээжний гялтангийн хий хуралдалт, цээж, зүүн бугалга, шилбэ, баруун ташаа, гуя, өвдөгний зулгаралт, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” (хавтаст хэргийн*******3-65 дахь тал) гэсэн дүгнэлт,

         

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч 3700 сd, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч 7800 сd /стандарт 10000-225000 сd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. ... урд их гэрэл ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл, гэмтэл байна. ... тухайн тээврийн хэрэгслийн их гэрлийн зүүн, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч стандарт хэмжээндээ хүрэхгүй байна ...” гэх 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 999380 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 84-87 дэх тал)

          Шинжээч Ж.Доржготов мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Daewoo Lacetti-J200 маркийн*******4-19 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын ялангуяа зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь гэрэлтүүлэггүй замд харанхуй үед жолооч тухайн осол болох үед тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн их гэрлийг ойр дээрээ тавьж явсан байсан бол үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлж болох магадлалтай тул осол гарахад нөлөөлсөн байж болно. Гэрлийн гадна талын бүрхүүлд ашиглалтын явцад элэгдсэн царапан үүссэн бүдгэрсэн зүйл байсан. Гэрлийн суурьт хөдөлгөөн ороогүй байсан.” (хавтаст хэргийн 106 дахь тал) гэсэн,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатарын гаргасан “Daewoo Lacetti-J200 загварын*******419 УНА улсын дугаартай автомашины жолооч*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а. “ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” мөн дүрмийн 5.12.а “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Уг зам тээврийн осолд зам орчны байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 4. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12.а дахь заалтыг тус тус зөрчсөнөөс болж осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. 5. Жолоочийн харах чадварыг алдагдуулж сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна...” гэх 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22/90 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 100-101 дэх тал),

         

          Шинжээч Т.Түвшинбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Daewoo Lacetti-J200 маркийн*******4-19 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын ялангуяа зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь замын дагуух үзэгдэлт автомашины хурдтай холбоотойгоор осол гарахад нөлөөлсөн байж болно.” (хавтаст хэргийн 106 дахь тал) гэсэн,

 

          Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.322.100 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон. ...Б.Эрдэнэбатаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү. (хавтаст хэргийн 146 дахь тал) гэсэн,

 

          Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан “...нийт шууд зардлын дүн 985000 төгрөг...” хавтаст хэргийн 93-94 дахь тал) гэсэн,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл” “ ... зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, ... автомашины зүүн толь хугарсан, зүүн крыло хонхойсон, зүүн урд хаалга хонхойсон байв ...”, гэрэл зураг 8 автомашины урд салхины шил хагарсныг харуулав. (хавтаст хэргийн 4-5, 10 дахь тал)

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн*******-12 дахь тал)

 

Боржигон овогт Баатарсүрэнгийн Эрдэнэбат: жолооны үнэмлэхийн төлөв хүчинтэй, үнэмлэх олгосон огноо 2018/09/04, үнэмлэх хүчинтэй огноо 2028/09/04, зөрчлийн оноо 8, ангилал В ... гэх жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал)

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Б.Эрдэнэбат нь 0.00% согтууруулах ундаа хэрэглэсэн (хавтаст хэргийн 13 дахь тал),

Хохирогчийн хохирлын тооцоо (хавтаст хэргийн 21-31 дахь тал),

Шүүгдэгч******* хохирогчид хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 33-36 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 51-56,*******9 дэх тал),

Хохирогч *******ын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 113-140 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан нэмэлтээр 12 хуудас баримт,

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт 1 хуудаст наасан******* ширхэг баримт зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж,*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сонсголонгийн замд “Хэрээд туургатан” ХХК-ийн эзэмшлийн “Daewoo” маркийн “Lacetti” загварын*******419 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.3. Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 35 настай, эрэгтэй *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 9922 тоот дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч Ж.Доржготов 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 999380 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 84-87 дэх тал)

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22/90 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 100-101 дэх тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5, 10 дахь тал)

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн*******-12 дахь тал)

Хохирогчийн хохирлын тооцоо (хавтаст хэргийн 21-31 дахь тал),

Хохирогч *******ын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 113-140 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэбат нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.3. Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 35 настай, эрэгтэй *******ыг мөргөж, эрүүл мэнд биед зүүн чамархайгаас хөхлөг сэртэн суурь яс хүрсэн шугаман хугаралтай, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын духны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун талын олон хавирганы хугарал, өвчүү ясны далд хугарал, хоёр уушгины няцрал, цээжний гялтангийн хий хуралдалт, цээж, зүүн бугалга, шилбэ, баруун ташаа, гуя, өвдөгний зулгаралт, цус хуралт, шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч*******ад Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 22.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан цагаатгах таларх хүсэлт үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

 Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлд хохирогчийн бие авч явах согтууруулах ундаа хэрэглэсэн өөрийгөө хянах чадваргүй байдалтай хөдөлгөөнд оролцсон буруутай үйлдэл нөлөөлснийг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулах... гэсэн саналыг гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанд: “...Залуу хүн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэгт холбогдсон. Түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. гэж тус тус мэтгэлцжээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Эрдэнэбатад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбат нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас зорчигч *******ын эрүүл мэндэд зүүн чамархайгаас хөхлөг сэртэн суурь яс хүрсэн шугаман хугаралтай, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын духны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун талын олон хавирганы хугарал, өвчүү ясны далд хугарал, хоёр уушгины няцрал, цээжний гялтангийн хий хуралдалт, цээж, зүүн бугалга, шилбэ, баруун ташаа, гуя, өвдөгний зулгаралт, цус хуралт, шарх бүхий хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд мөрдөн шалгах ажиллагаанд 528.000 төгрөг төлөгдсөнийг үгүйсгээгүй тул мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтаас нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэл болох*******13.934 (зургаан зуун арван гурван мянга есөн зуун гучин дөрөв) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******од олгох,

Мөн хохирогч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.322.100 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байх ба хавтаст хэргийн 142-143-р талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралтад заагдсан баримтаас шүүх 1.263.100 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч*******аас 1.263.100 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (төрийн сан дахь 10090020080 данс)-д тушаахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Эрдэнэбатад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарсүрэнгийн Эрдэнэбатыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Баатарсүрэнгийн Эрдэнэбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д тус тус зааснаар шүүгдэгч*******ад тэнсэж, хянан харгалзсан байдал, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 613.934 (зургаан зуун арван гурван мянга есөн зуун гучин дөрөв) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******од олгох,

- 1.263.100 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (төрийн сан дахь 10090020080 данс)-д олгосугай.

 

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, нэхэмжлэлийн шаардлага хангаагүй баримтаа нотлох баримтын шаардлага хангах хэмжээнд бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ