| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/00311/и |
| Дугаар | 102/ШШ2019/00754 |
| Огноо | 2019-03-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2019/00754
| 2019 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2019/00754 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... аймаг, ...сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... дүгээр байр, 00 тоот хаягт оршин байх Ч.Б.А банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ..., ... тоот хаягт оршин байх Л.И ХХК /РД: .../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 214,297,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б.А банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оийн хуралдаанд гаргасан тайлбарт: Манай Ч.Б.А банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Л.И ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 00140047 тоот зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нь 151 хоногийн зээлийн хүүнд 6,165,833 төгрөгийг төлсөн. Уг зээлийн хүүг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зогсоосон. Үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 944 хоногийн хүүнд 38,546,667 төгрөгийг, нийт 73,546,667 төгрөг болоод байна. Мөн хариуцагч Л.И ХХК-тай манай банк бус санхүүгийн байгууллага нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 001400048 тоот зээлийн гэрээ байгуулж, 55,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл олгосон, энэ зээлээс үндсэн төлбөр болон хүүнд огт төлбөр хийгдээгүй. Зээлийн хүүг мөн л 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зогсоосноор 1095 хоногийн хүүнд 70,262,500 төгрөг, нийт 125,262,500 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн хариуцагч Л.И ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 00150067 тоот зээлийн гэрээг байгуулж, 8,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэ зээлээс үндсэн төлбөр, хүүнд огт төлөлт хийгээгүй. Энэ зээлийн хүүг мөн л 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зогсоосон ба 936 хоногийн хүүнд 7,488,000 төгрөг, үндсэн зээл 8,000,000 төгрөг, нийт 15,488,000 төгрөг болоод байна.
Л.И ХХК нь Дархан-Уул аймагт байрлах Л таун 144 айлын орон сууцыг барихад хөрөнгө оруулалт хүсэж тус банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулж зээл авсан. Зээл авах үед барилгын ажил маш сайн явагдаж байсан, урьдчилгаа төлсөн хүмүүс их байсан. Энэ хугацаанд зээл, хүүний төлбөрийг шаардаж байсан ба тооцоо нийлсэн актыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн байгаа. Барилгын ажил явагдаж байх үед байнга очиж хянаж байсан ба барилга баригдаж дуусаагүй байхад тус компанийн захирал удирдлагууд өөрчлөгдөж, өөр эзэнтэй болсон.
Иймд 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 98,000,000 төгрөг, зээлийн хүүнд 116,297,167 төгрөг, нийт 214,697,167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б.А банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Л.И ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 214,297,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраад шүүх хуралдааны товыг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэж, төлөөлөгч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Б.А банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Ласси интернэшнл ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 00140047 тоот зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай,
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 00140048 тоот зээлийн гэрээ байгуулж, 55,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 00150067 тоот зээлийн гэрээг байгуулж, 8,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан 00140047, 00140048 зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн хүү сарын 3.5 хувь, жилийн 42 хувь байна гэж, 00150067 тоот зээлийн гэрээний 2.1.2-т зээлийн хүү сарын 3 хувь, жилийн 36 хувь байна заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан гэрээний 2.1.6-д Нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь гэж заасны боловч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.
Зохигчдын хооронд байгуулсан 00140047, 00140048 тоот зээлийн гэрээнүүдийн хугацаа 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 00150067 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тус тус дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч тухайн өдрүүдээс хойш 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр 3 зээлийн гэрээний хүүг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00140047 тоот зээлийн гэрээнд зааснаар 944 хоногийн зээлийн хүүнд 38,546,667 төгрөгийг, үндсэн зээлд 35,000,000 төгөргийг, нийт 73,546,667 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 001400048 тоот зээлийн гэрээнд зааснаар 1095 хоногийн хүүнд 70,262,500 төгрөг, үндсэн зээл 55,000,000 төгрөг, нийт 125,262,500 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 00150067 тоот зээлийн гэрээнд зааснаар 936 хоногийн хүүнд 7,488,000 төгрөг, үндсэн зээл 8,000,000 төгрөг, нийт 15,488,000 төгрөг, 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 98,000,000 төгрөг, хүүнд 116,297,167 төгрөг, нийт 214,297,167 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас үндсэн зээл, хүүнд нийт 214,297,167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч дээрх 3 зээлийн гэрээний үүргийг шаардаж 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зохигчдын хооронд байгуулсан 00140047, 00140048 тоот зээлийн гэрээнүүдийн хугацаа 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 00150067 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тус тус дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; байна гэж хуульчилсан боловч дараахь үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзлээ. Нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Тооцооны үлдэгдлийн №16/08 тоот баталгааг үйлдсэн байна. /Хавтаст хэргийн 12 дугаар тал/. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж зааснаар дээрх баталгааг хариуцагч гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Л.И ХХК-иас үндсэн зээлд 98,000,000 төгрөг, хүүнд 116,297,167 төгрөг, нийт 214,297,167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б.А банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,229,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 1,229,436 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР