Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1475

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, улсын яллагч Г.Лхагвасүрэн, хохирогч С.Т, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02846 1680 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Э.Б, 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын гадна металл фасад хийж өгдөг ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61 гармын *** зоогийн газрын үүдэнд хохирогч С.Т-г “ажлын хөлс өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, дээд доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гармын *** зоогийн газрын үүдэнд “ажил хийлгэчхээд ажлын хөлсөө өгсөнгүй” гэсэн шалтгаанаар хохирогч С.Т-тэй маргалдан улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, биед нь “зулайн хуйхны язарсан шарх, дээд доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал);

- Хохирогч С.Т-гийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо *** зоогийн газрын өргөтгөлийн гадна шилэн фасадыг хийж байсан юм. Тэгээд 16 цагийн үед миний хөлсөлж ажиллуулж байсан хүн болох Э.Б нь үл таних 2 найз, өөрийн эхнэр гэх эмэгтэйн хамт ажил дээр  ирсэн. Тухайн үед тэрээр мэнд мэдчихээд надад “өмнө нь ажиллаж байсан үлдэгдэл 810,000 төгрөгийг авах гэсэн” юм гэж хэлэхэд нь би “ах нь ажил явдалтай явж байгаад ирлээ. Харин би чамайг энэ ажлыг хараад хяналт тавиад байж бай” гэж хэлсэн шүү дээ. Ахад нь чамд өгөх мөнгө алга. Боломжоороо 500,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тухайн үед Э.Б-тай хамт явж байсан 2 залуу болон эхнэр нь “наад хөгшин гөлгөө мөнгөнд нь тааруулаад зодчихооч” гэж хэлсэн. Тэгээд намайг өөрийн машин дотроо сууж байхад Э.Б нь машинаас татаж буулгаад миний баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа цохисон. Тухайн үед манай ажлын залуу бид хоёрыг салгахад би машиныхаа ард хэсэгт амаа дараад очиж зогсоход Э.Б нь араас гүйж ирээд баруун хөлөөрөө зүүн хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр хэсэг маргалдаж байгаад манай ажлын залуу Б нь салгаад намайг машинд суулгаад би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хохирлын талаар Э.Б-тай ярилцаж тохиролцсон учраас хохирлын баримт гаргаж өгөөгүй. Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11313 дугаартай “...С.Т-гийн биед зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний булгаралт, язарсан шарх, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал);

- Гэрч Ч.О-ийн “...Э.Б  “ажлын хөлсөө авъя” гэсэн чинь С.Т ах уурлаад “пизданууд минь юу хийсэн юм” гэж хэлээд хэрүүл маргаан болсон гэж байсан. Тэгээд би нөхөртэйгөө хамт очоод нөхөр маань машинаасаа буугаад 10 минут орчим С.Т  ахын машинд суугаад ярилцсан. Удалгүй машиныхаа толинд харахад Э.С.Т  ах, манай нөхөртэй заамдалцчихсан зогсож байсан. Тухайн үед би машин дотор болсон асуудлыг мэдэхгүй, мөн машины гадна гарч ирээд нэгнийхээ хоолойг боогоод заамдалцаж байхыг л харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

- Гэрч А.Ж-ийн “...Э.Б-тай уулзах гээд доошоо буугаад очиход тэр “Э.Б нь С.Т  ахтай цалин хөлснийхөө асуудлыг шийдчихээд уулзъя” гэж надад хэлсэн. Тухайн үед би хэлснийг нь сонсоод үргэлжлүүлээд барилгын доор шил рамд нь суулгаж байсан 2 ажилчин дээрээ очоод цаасны хутгаар резин тастаж хийгээд сууж байсан юм. Тэгэхэд барилгын урд талд С.Т ахын машин дотор Э.Б , С.Т ахын хамт суугаад хоорондоо ярилцаад байгаа бололтой харагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хоёулаа машинаас бууж ирээд нэгнийгээ заамдаад хэрүүл маргаан болоод зодолдох гээд байх шиг харагдсан. Тухайн үед би н.Б-ы хамт салгах гээд дундуур нь орсон юм. Тэгэхэд Э.Б баруун гараараа С.Т-гийн эрүү рүү нэг удаа цохисон ба тухайн үед С.Т  ах цохиулаад газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);

- Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Миний хувьд эмчилгээний зардал нэхэмжлэх юм бол өгнө...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 79-80 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчтой эмчилгээний зардлын талаар харилцан тохиролцсон...” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11313 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Т-гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Б-ын хохирогч С.Т-гийн нүүр лүү гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2 дугаар шүд булгарсан, язарсан шарх, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин шүүх гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хохирогч С.Т бусдаар ажил хийлгэчхээд ажлынх нь хөлсийг өгөхгүй маргаан үүсгэснээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Т нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгчтэй харилцан тохиролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэмээн тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн Э.Э.Б т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гармын *** зоогийн газрын үүдэнд хохирогч С.Т-тэй ...ажлын хөлс өгсөнгүй... гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна. Яагаад торгуулийн ял санал болгосон гэхээр хохирогч С.Т, шүүгдэгч Э.Б нар нэг ажил эрхэлдэг, фасад хийдэг гэдэг нь хэргийн үйл баримтаас харагдаж байгаа тул шүүгдэгч Э.Б-ыг ажил эрхэлдэг гэдгийг харуулж байна. Мөн дансны хуулгаар мөнгө орж, гарч байгаа байдлыг харахад тодорхой орлоготой болох нь харагдаж байна. Ийм учраас шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасан. Тухайн хэрэгт хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд ирээдүйд тохиролцсон байдлаар хохиролгүй гэдгээ илэрхийлж байна. Хэрвээ хохирогч баримтаа гаргаад хохирлоо нэхэмжлэх шаардлагатай болох юм бол хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Э.Б-т 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогч: “...энэ залуу гэм буруугаа ойлгосон байгаа учраас хөнгөрүүлэх боломжтой бол хөнгөрүүлж өгнө үү. Харилцан тохиролцсон ёсоороо хэлсэн амандаа хүрэх байх гэж найдаж байна...” гэв.

Шүүгдэгч: “...Би хэлсэн амандаа хүрч хохирогчийн хохирлын асуудлыг шийдэж өгнө. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1691 тоот албан бичиг (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1232 тоот албан бичиг (хавтаст хэргийн 44 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 46-48 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 27-29 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 56-70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч С.Т-гийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.   

Шүүхээс шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч Э.Б-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа болох дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтлоо.​​​​​​​

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА