| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0618/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/595 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Я.В, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, орчуулагч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Я.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2210000000609 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Я.В нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, **мэргэжилтэй, “**” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ** дүүргийн ** дугаар хороо, **дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд Монгол улсын шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (**).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Яллагдагч Я.В нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоотод БНХАУ-ын иргэн В.Ч мөнгөний асуудлаар маргалдаж, улмаар зэвсэг буюу заазуур хэрэглэн биед нь халдаж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Я.В нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.
Эрүүгийн 2210013100827 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 21:2:39 цагт “В.Ч гэх Хятад улсын иргэнийг Ю гэх Хятад улсын иргэн хутгалчихлаа гэж хөрш айлын хүн нь над руу ярьж байна. /эргэж холбоо барих ** дугаартай Хятад улсын иргэн байгаа Монгол хэлээр ярьж чадахгүй/” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** хотхон, **дугаар байрны ** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-18 дахь тал),
3. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо **хотхон, ** дугаар байрны **тоотод **-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, согтолтын хэмжээ 1.29, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-25 дахь тал),
4. Эд мөрийн баримтаар “ямар нэгэн бичиггүй, цайвар цэнхэр өнгийн хуванцар урт нь 10 см урттай бариултай, ажлын хэсэг нь 7 см урттай 1 ширхэг хутгыг” тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 7 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),
5. Хохирогч В.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 03-ны орой би Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** тоотод зочны өрөөнд утсаа оролдоод буйдан дээр сууж байтал Я.В манай үүдээр шагайчхаад цааш яваад одсон, манай хаалга нээлттэй байсан юм. Тэгээд буцаж орж ирээд хаалга нэлээн чанга хаагдсан. Тэгээд миний хажууд буйдангийн хажууд ирээд Я.В ирээд суусан. Тухайн үед бид хоёр л байсан. Тэгээд Я.В надаас миний ажилладаг найзын компанийн өрийг нэхэж хэзээ өгөх вэ гэж асуусан. Тэгэхээр нь би компани удахгүй мөнгийг чинь өгнө гэж амласан шүү дээ, ОХУ-аас орж ирсэн мөнгийг банк одоохондоо олгохгүй байгаа шүү дээ гэж хэлсэн чинь Я.В буйдан дээрээс гэнэт босож ирээд миний хүзүүг зүүн гараараа татаад баруун гараараа миний зүүн хөлийг заазуураар заазуурдсан, заазуурыг хаанаас гаргаж ирснийг би сайн мэдэхгүй. Ямартай ч миний зүүн хөлийн гуя хэсэгт нэг удаа заазуурдсан. Тэгээд би босоод бид хоёр хэсэг зууралдаад би хаалгаа онгойлгоод гарахад манай тогооч В.С зогсож байсан. Тухайн үед би юу ярснаа ч санахгүй байна. Тэгээд намайг гэртээ оруулаад миний цусыг тогтоох боолт хийж өгсөн, удалгүй эмч ирсэн үүнээс цааш юу болсон талаар би одоо сайн санахгүй байна. ...Би ерөөсөө архи уудаггүй ба архи уугаагүй байсан. Я.В архи уусан байсан эсэхийг би мэдэхгүй байна. ...Одоо эмчилгээний анагаах ухаанаар үзвэл миний биеийн байдал хэвийн байгаа, гэхдээ цаашид ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байна. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл хохирлын баримт байхгүй. Мөн дээрээс нь би хөдөө явж биеэ сэргээн засах шаардлагатай байгаа. Тийм ч учраас би ахиж мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос татгалзаж байгаа ба хууль хяналтын байгууллагаас ямар ч шийдвэр гаргаж байсан надад хамаагүй. Би бүх шийдвэрийг хүндэтгэж байна. Би цаашид энэ хэрэгт оролцохгүй, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн материалтай танилцахаас татгалзаж байна. Намайг цаашид цагдаа, шүүх, прокурорын газраас битгий дуудаасай гэж хүсэж байна.. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-104 дэх тал),
6. Гэрч L.G-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өдөр өгсөн:
“...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ний орой 20 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн ** хороо ** хотхон ** тоот гэртээ аудио ном сонсож байхад Хан-Уул дүүргийн ** хороо хотхон **оршин суудаг БНХАУ-н иргэн W.Sh гэдэг хүн хаалгыг балбахаар нь хаалгаа тайлахад юм хэлээгүй ** тоотод W.Q-н орилж байгаа дуу сонсогдож Y.W би чамд өгнө гээд орилоод байсан. Тэгэхээр нь хаалгыг балбахад хэнийг нь онгойлгохыг мэдэхгүй ямар ч байсан хаалга онгойхоор татаад харсан чинь үүдний хэсэгт шалан дээр аягүй их цус болсон дотор нь байсан хүмүүсийг хаана байсныг хараагүй сандраад буцаад гэр лүүгээ ороод орчуулагч ** ** дугаар луу залгаад оффис дээр яаралтай хүрээд ир цагдаа түргэн дуудаад яаралтай хүрээд ир гэж хэлээд ** тоот руу ороогүй. Тэгээд хаалгаа нээгээд харахад W.Qiang **тоотын W.Zh гэрт ороод суусан байхаар дөхөөд очих гэхэд W.Q зүүн хөлөө цагаан даавуугаар боосон цус болсон үгүйг нь анзаараагүй намайг яв гэртээ ор гэхээр нь буцаад өрөөндөө ороод хаалгаа хаагаад суусан. ...W.Q ганцаараа амьдардаг, бид хоёр найз нөхдийн холбоотой. Y.W хаана амьдардаг талаар нь мэдэхгүй танил W.Q, Y.W хоёрыг ямар харилцаа хамааралтайг мэдэхгүй, хааяа хамт байж байдаг. ... W.Q зүүн хөл байсан байхаа гуяны хэсэгтээ өргөн цагаан даавуугаар боосон харагдаж байсан. Яаж байгаад гэмтсэнийг нь хараагүй. ...Би цус хараад сандраад буцаад гэртээ ороход 801 тоотын W.Sh ** тоотын үүдэнд үлдсэн. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
7. Гэрч W.ZH-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ний орой 20 цаг цаг өнгөрч байсан байхаа Хан- Уул дүүргийн ** хороо ** хотхон ** тоот гэртээ фитнесийн дасгал хийгээд дуусаж байхад нөгөө талын айлын хаалга аймар чанга онгоож хаагдаад байгаа чимээ сонсогдохоор нь орц руу гарахад Хан-Уул дүүргийн ** хороо ** хотхон ** тоотод нэг л биш хүн ёолох чанга орилох чимээ сонсогдохоор нь хаалгыг нь балбаад хаалгаа онгойлгохгүй болохоор нь ** тоотын L. SH дуудахаар хаалгыг нь тогшиж байгаад эргээд ** тоотын хаалгыг балбаж байхад ** тоотын L.SH хаалгаа тайлаад гараад ирэхэд зэрэгцээд ** тоот хаалга онгойход Y.W үүдэнд нэг гартаа хутга барьсан зогсож байсан. Хэн нь хаалгаа тайлсныг мэдэхгүй, цаанаас W. Q зүүн хөлөө гараараа дараад ирэхэд цус болсон байхаар нь W.Q-г гэр лүүгээ дагуулаад ороход хөлийн шархыг нь харахад гуя хэсэгтээ хөндлөн нэлээн том зүсэгдсэн байсан учраас дасгал хийхэд хэргэлдэг сунадаг резин шиг даавуугаар боож өгөөд өөрийнхөө фудволкийг нь ураад бас боож өгсөн. Y.W манайх руу орж ирээгүй. ...Өөрөө ч юм яриагүй, би ч асуух сөхөө байгаагүй, шархыг нь хурдан боож түргэн тусламж хурдан ирээсэй гэж бодож байсан. Хаалга онгойход Y.W гартаа заазуур барьсан зогсож байсан. W.Q цаанаас нь хөлөө гараараа дараад гарч ирсэн үүдний хэсэгт шалан дээр цус болсон харагдаж байсан. W.Q, Y.W хоёроос өөр хүн хараагүй. Би W.Q дагуулаад гэртээ орсон. ...W.Q ганцаараа амьдардаг, найзын холбоотой. Y.W хаана амьдардаг талаар нь мэдэхгүй, Y.W ирээд бүгдтэй уулзаад ярилцаад явдаг байсан. Энэ хоёрыг хоорондоо ямар харилцаатай талаар нь мэдэхгүй. ...Мэдэхгүй. W.Q -н биед учирсан гэмтлийг хэн учруулсныг хараагүй юм чинь мэдэхгүй байна. Ямар ч байсан Y.W нь хаалга онгойход гарт нь хутга харагдсан, хаалгыг хэн онгойлгосныг мэдэхгүй. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
8. Гэрч Ч овогтой В-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2022 оны 05 сарын 03-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад гэртээ буюу Хан-Уул дүүргийн ** хороо ** хотхон ** тоотод унтаж байсан чинь дээд айлд зодоон болоод байх шиг шинжтэй амь авраарай гээд орилолдоод байсан тэгэхээр нь би дээшээ ** тоотод орсон чинь Я.В том өрөөний буйдан дээр сууж байсан, тэгээд газарт хагархай шилнүүд байсан. Тэгээд Я.В надад хэлэхдээ мөнгөө авах гээд нэхсэн чинь мөнгө өгөхгүй байхаар нь маргалдаан болсон гэж хэлсэн, тэгээд хэнтэй маргалдсан талаар нь асуухад миний танихгүй хүний нэрийг хэлж байсан, тэгээд би Я.В-тэй хамт 7 давхар луу бууж захирал Л-той уулзахаар буухад Л захирлын ах Л даргын ах Л.В гэж гуйлдаг ахтай Я.В хэрэлдэх үед нь би голоор нь орж болиулаад доошоо Л захирлын хаалгыг тогшиход хаалгаа нээхгүй байхаар нь буцаад ** тоотод орсон, яг тэр үед гаднаас цагдаа нар орж ирсэн. ...Би Я.В-г бусадтай зодолдож цохилцож байхыг хараагүй, ямартай ч том өрөөний газар дээр цус болсон байсан ба намайг ороход ямар ч хүн байгаагүй зөвхөн Я.В л буйдан дээр бусадтай маргалдсан гэж хэлээд сууж байсан. ...Би Л.В гэж гуйлдаг ах Я.В нарыг хоорондоо маргалдах үед нь дундуур орж байхдаа шатанд хуруугаа урчихсан. ...Би тухайн өдөр гэртээ 3 лааз пиво уусан байсан. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
9. Гэрч X овогтой CH.G-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Миний найз Y.W-тэй 2018 оны 03-р сард танилцсан. ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ** ресторан зочид буудлыг ажиллуулдаг байх үед манайд буудаг байсан.Тэр үед танилцаад найзалж нөхөрлөсөн. Y.W нь Монгол Улсад одоо жоншны уурхай ** аймагт ажиллуулж байгаа. ...Бид хоёр сүүлийн хэдэн жил хамт цагийг өнгөрөөж байсан.Янз бүрийн ааш зан байхгүй хөгжилтэй залуу байгаа юм аа.Эхнэр хүүхэд урд байдаг Монголд ажил гээд гүйгээд явдаг хөдөлмөрч залуу байгаа юм даа. ...Нэг удаа харж байсан W.Q-н ажил дээр найз Y.W хамт очиж байсан.Тэр хоёр хамтран ажилдаг найз нөхөд юм байна лээ. ...Өөрөө хэлэхдээ W.Q-тай муудалцаад гэмтээчихсэн юм байна лээ.Тэр талаараа надаа хэлсэн би бүүр итгээгүй. ...Нээх уугаад байдаггүй. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал),
10. Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 06 дугаар сард санагдаж байна барилгын ажил эрхэлж байхдаа Y.W-тэй танилцаж тэрнээс хойш хамтран ажил хийж эхэлсэн. Хэд хэдэн барилгын ажил дээр хамтран ажилласан.2019 оноос найзалж нөхөрлөж эхэлсэн.Найз нөхдийн харилцаатай хүмүүс байгаа юм аа. ...Их найрсаг хөгжилтэй, ажилсаг хүн байгаа юм аа.Хамтран ажиллахад найдвартай. Y.W нь бага зэрэг Монгол хэл мэднэ би бас хятадаар бага зэрэг ярьдаг учир амархан ойлголцдог. ...Сүхбаатар аймагт жоншны уурхай ажиллуулж байгаа. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал),
11. Гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өдөр өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад түргэний машинаар ирсэн. Тухайн хүний нацилкан дээр хэвтүүлсэн байдалтай орж ирсэн. Зүүн гуяны дунд гурваны их хэсэгт боолттой хэсэгт байрлуулсан. Зүүн хөл доошоо хөхөрч хавагнасан байдалтай байсан. Чангалуурыг авч шархыг шалгахад боолт доор 300-400 мл цусан хураа үүссэн байсныг цэвэрлэж, шархыг шалгахад нэлээн гүн, хөндлөн гуяны гадна болон урд хэсгийг хамарсан 20 см урттай шархтай, шархнаас цус гаралттай байсан учир даралттай боолт хийн, яаралтай мэс засалд орсон. Мэс заслаар цус тогтоож гэмтсэн булчин сэргээж шархыг ариутгалын уусмалаар цэвэрлэж үечилж шархыг хаасан, Мэс заслын явцад ямар ч хүндрэл гараагүй. Мэс заслын дараа долоо хоногт хэвтээд эмнэлгээс гарсан. Хамт байсан хүн нь заазуураар зүсэж гэмтээсэн гэж хэлж байсан. ...Амь насанд аюулгүй, цус алдаж удсан бол эрсдэлтэй байж байсан. ...Согтуу байсан байж магадгүй би хүнээ эмчлэх гээд согтуу байсан талаар анзаараагүй. ...Тэжээж байдаг гол судас тасраагүй харин жижиг судаснууд тасарч цус алдсаныг нь тогтоосон.. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135 дахь тал),
12. Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн цэргийн төв эмнэлгийн ** тоот өрөөнд үзүүлэгчийг өөрийн биеэр үзэж, тухайн хүний өвчний түүхтэй танилцсан дүгнэлтийг гаргасан. ...Дангаар хөнгөн зэрэгт хамаарна. Өөр гэмтэл байхгүй байсан. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал),
13. Шүүгдэгч Я.В-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн:
“...Би өчигдөр ** хотхонд байрлалтай өөрийнхөө оффис дээр сууж байсан манай компани маш их өртэй болчихсон компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд өөрийн автомашинаа хүртэл өндөр хүүтэй банк бусд тавьж зээл авч ажлаа явуулж байгаа манай компани нь ** жонш олборлодог юм. Манай олборлосон жоншийг худалдан авч баяжуулалт хийж Хятад руу экспорт хийдэг компанийн бараа хүлээж авдаг В.Ч манай жоншны мөнгийг өгөхгүй удаасаар байгаад 600 орчим сая болгочхоод байна тэгээд өчигдөр би пиво ууж байхдаа мөнгөө нэхэж ярьсан юм тэгтэл өөдөөс элдэв янзаар харааж дарамтлаад байхаар нь би оффис дээрээ байсан заазуураа аваад далайж айлгах санаатай В.Ч гэрт очиж гэр лүү нь орсон юм үүдний хаалга нь байнга нээлттэй байдаг учир би шууд ороод В.Ч-г айлгах зорилгоор заазуураа далайтал өөдөөс дайрахаар нь маргалдаж муудалцаж байгаад гуяыг нь санаандгүй зүсчихсэн. ...Бид хоёр найзууд Монгол улсад орж ирээд 3 жил орчим болж байна орж ирснээсээ хойш буцаад нэг ч удаа Хятад руугаа яваагүй байна. ...Бид хоёр хамт архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй ээ. В.Ч-г орилж хашхирах үед В.З болон Л.Ш гэх хоёр дээд давхраас бууж ирсэн. ...В.Ч компанид 3 жил жонш нийлүүлж байгаа юм тэгээд жоншоо нийлүүлчхээд хэсэг хугацааны дараа бага багаар мөнгө өгдөг тэгээд манайх дахиад л жоншоо нийлүүлдэг тэгж явсаар байгаад манайд 600 сая орчим төгрөгийн өглөгтэй болчихсон тэгээд одоо мөнгөө өгөхгүй компанийн үйл ажиллагаа доголдох гээд байсан учир би мөнгөө нэхэж утсаар ярьсан тэгтэл намайг хэл амаар доромжлоод байсан юм. ...Надтай бол байнга утсаар ярьдаг ярих болгондоо намайг дарамталж элдэв янзаар хараагаад байдаг байсан. ...Бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаж байгаад би нэг удаа зүүн гуя хэсэгт нь зүсчихсэн юм. ...Одоогоор санаж байгаа зүйлс энэ байна нэмж ярих зүйл гарч ирвэл дараа би хэлнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дэх тал),
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн:
“...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлгээ өмгөөлөгчийн хамт өгнө. ...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн өөр нэмж ярих зүйл байхгүй ээ. ...Манай оффис **хотхоны ** тоот нэг давхарт байрладаг юм. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
Шүүгдэгч Я.В-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн:
“...2022 оны 05-р сарын 03-ны өдөр хамтран ажилдаг W.Q надаас авсан жоншны 600 сая төгрөгөөс 100 сая төгрөгийг өгөхөөр тохирсон байсан.Орой 20 цаг хүртэл би гэртээ хүлээж утсаар ярихыг хүлээсэн.Гэртээ байх үедээ би 3 лааз пиво уусан.20 цаг өнгөрч байхад би W.Q-ны ** гэсэн дугаар луу өөрийн ** гэсэн дугаараас залгаж ярьсан. Яасан бэ нөгөө мөнгөө өгөх гэж байна уу гэхэд W.Q нь хүний хэл ойлгодоггүй юм уу гэж загнахаар нь би гэрээс гараад Хан-Уул дүүргийн ** хороо, ** хотхоны ** тоот буюу W.Q-н гэрт нь очсон.Хаалгыг тогшиход W.Q онгойлгосон. Намайг орооч гэхээр нь би орсон. Зочны өрөөнд ороод буйдан дээр нь суугаад бид хоёр мөнгөний талаар ярилцаж байгаад маргалдсан.Ширээн дээр байсан шилэн аягыг би газар шидсэн.Бид хоёр маргалдах явцад W.Q-н зүүн гуяыг нь би заазуураар зүсчихсэн. Уул нь би гэмтээе гэж бодоогүй юм аа.Цус гараад ирэхээр нь их айсан эмнэлгийн анхны тусламж үзүүлж алчуураар цусыг нь дарсан. ...Гал тогооны өрөөнөөс авсан. ...W.Q-н гэрээс авсан өмнө өгсөн мэдүүлэгтээ архи гараагүй учраа ойлгоогүй. Бас саатуулагдаад гарч ирсэн байсан учир зарим зүйлийг буруу зөрүү ярьсан байна лээ. ...Хүлээн зөвшөөрч байна миний өмнө авсан өмгөөлөгч, орчуулагч нар сайн ойлгуулаагүй учир буруу мэдүүлэг өгсөн байна лээ. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дэх тал),
Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны доод хэсгээс дээд хэсэг хүртэл мэс заслын дараах цэвэр боолттой.
Цэргийн төв эмнэлгийн №22я01437 тоот өвчний түүхээс: Хэвтэх үеийн зовуурь: Зүүн гуяар чинэрч янгинаж өвдөнө. Бодит үзлэгт: Биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа глазго 15... хэсэг газрын үзлэгт: зүүн гуяны дунд 1/3 хэсэг урд гадна талд хөндлөн шархтай. 2022.05.03-ны УЗИ-д: ...өөрчлөлтгүй... цээжний гэрэлд: уушгины зураглал олширсон, зүүн уушгиар нэвчдэс сүүдэртэй. Уг өргөн. Зүрхний зүүн ховдол томорсон... 2022.05.04-ны мэс заслын тэмдэглэлээс: ... зүүн гуяны урд талын хэрчигдсэн /заазуур/ шархыг шалгаж нөжирсөн цус байсныг цэвэрлэн угааж, цус хийхэд зүүн гуяны 4 толгойт булчингийн урд, гадна хэсгийг хамарсан 10 см орчим гүн хөндлөн шархтай байв. Шархыг угааж цус тогтоолт хийж гэмтсэн булчинг сэргээж цус тогтоолт хийлээ. Мэс заслын шархыг ариун уусмал болон 7,5% павидион иодын уусмалаар сайтар угаасан. Шарханд цус тогтоолт хийж шархыг үечлэн хааж ариун боолт хийв... онош: зүүн гуяны зүсэгдсэн шарх гэжээ.
Дүгнэлт:
1. W.Q-н биед зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч эмч Б.Долгормаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гарын мөрийн адилтгалд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №05/198 дугаартай дүгнэлтэд:
Дүгнэлт:
1. Шинжилгээнд гарын мөр №3, 4 нь тэнцэнэ. Гарын мөр №1, 2, 5, 6, 7 нь тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх гарын мөр №3, 4 нь санд MN000110028887 дугаараар бүртгэгдсэн Я.В-н гарын дардастай болон нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснуудтай, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна.
3. Санд MN000110028887 дугаараар бүртгэгдсэн Я.В-н гарын дардас нь эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна /шинжээч эмч О.Хонгорхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 138-140 дахь тал),
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний биологийн шинжилгээний №3077 дугаартай дүгнэлтэд:
Дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн угаалтуур дээрээс гэсэн бичигтэй хөвөн бамбар, 5 дугаартай хэсгээс гэсэн хөвөн бамбар, 1 дугаартай хэсгээс гэсэн хөвөн бамбар дээр АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн.
2. 9 дугаартай хэсгээс гэсэн хөвөн бамбар, хутган дээрээс гэсэн хөвөн бамбар дээр цус илрээгүй /шинжээч эмч Ц.Бямбадорж/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 150-151 дэх тал),
17. Хохирогч W.Q-ийн цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 181-200 дахь тал),
18. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), гадаадын иргэний талаар Интерполын үндэсний товчоонд мэдэгдэх тэмдэглэл (хавтаст хэргийн 158 дахь тал), Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа (хавтаст хэргийн 202-208 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Я.В нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоотод БНХАУ-ын иргэн В.Ч мөнгөний асуудлаар маргалдаж, улмаар зэвсэг буюу заазуур хэрэглэн биед нь халдаж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Я.В нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоотод БНХАУ-ын иргэн В.Ч мөнгөний асуудлаар маргалдаж, улмаар зэвсэг буюу заазуур хэрэглэн биед нь халдаж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч В.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-104 дэх тал), гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33, 37-38, 43-44, 126-127, 130-131, 134-135 дахь тал), шинжээчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал), шүүгдэгч Я.В-н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59, 64-65, 120-121 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №6820 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гарын мөрийн адилтгалд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №05/198 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 138-140 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний биологийн шинжилгээний №3077 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 150-151 дэх тал), болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.В-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч В.Ч-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хор уршгийг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч Я.В нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяагаас .......... байна, шүүгдэгч дээрх дүгнэлтийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нийт 29 см, ажлын хэсэг нь 18 см, бариул хэсэг нь 11 см урттай ногоон өнгийн хуванцар бариул бүхий 1 ширхэг заазуур, цус мэт зүйлээр бохирлогдсон биологийн мөр 5 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.В баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.В (Y.W)-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Я.В (Y.W)-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 (нэг мянга найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.В (Y.W)-д торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт 29 см урттай, ажлын хэсэг нь 18 см, бариул хэсэг нь 11 см урттай, ногоон өнгийн хуванцар бариул бүхий 1 ширхэг заазуур, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон биологийн мөр 5 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч В.Ч (W.Q) гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Я.В (Y.W)-л урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА