Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

 

 

 

 

   2021          12           27                                       2021/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/,   

шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0000 1112 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ***  дугаар сарын *** -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын удирдлагын менежмент мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам, Толгойт өртөөний ээлжийн ахлах, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** /РД:***/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч  нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 60/1 дүгээр байрны орцонд хөрш  “бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх асуудлаас үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хохирогчийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 21100 0000 1112 дугаартай хэргээс оролцогчдын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

2. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32/,

 

3. Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх 60/1 дүгээр байрны 1 давхарт 55 тоотод амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр манай гэрийн хаалгыг 15 цагийн орчимд тогшоод байх шиг сонсогдохоор нь би хаалгаа онгойлгоод хартал манай хөрш болох 53 тоотын 40 орчим насны залуу тогшиж байсан. Би өө хөрш айл байсан байна гэж хэлэхэд тус тоот хаалгыг тогшиж байсан залуу надад хандан юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлээд үгийн зөрүүгүй миний өмсөж байсан хувцаснаас зуураад нүүрэнд гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж миний зүүн нүдний доод зовхинд гэмтэл учруулсан. Тухайн үед манай эхнэр  гэрээс гарч ирээд юу болсон бэ гэж хэлээд намайг дагуулан гэр рүүгээ ороод цагдаагийн 102 дугаарт болсон хэрэг учралын талаар мэдэгдсэн. Миний нүүрэнд цохисон хүнийг би танихгүй. Миний нүүрэнд 2-3 удаа гараа атгаж байгаад цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Тухайн үед миний ард манай эхнэр , найзын эхнэр  нар байсан, намайг танихгүй залууд цохиулж байхыг харсан. Одоогийн байдлаар миний зүүн нүдний доод зовхинд 3 см орчим язарсан байна. Хохирсон хохирлоо төлүүлэх хүсэлтэй. Шалтгаангүйгээр миний биед гэмтэл учруулсанд маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

4. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр Хангал найз  хамт нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи хуваан уугаад талд нь орж байхад гэрийн хаалга цохиод байх шиг сонсогдсон. Би гэрийн хаалга онгойлгож харахад хажуу айлын хаалгыг нэг эрэгтэй хүн тогшоод зогсож байсан. Би манай хаалгыг цохиогүй юм байна гэж хэлээд сууж байхад дахиад хаалга цохиод байх шиг сонсогдсон. Гэтэл  манай хаалгыг цохиод байгаа юм биш үү гэж хэлээд хаалга онгойлгох гээд явсан. Миний нүүрэнд цохичихлоо гэж дугарахаар нь би  дээр очиход нүүрээ дараад доошоо тонгойчихсон, харин үснээс нь нэг хүн зулгаагаад доош нь дарсан байхаар нь би нөхөр Хангалыг дуудаж  үснээс зулгааж байсан залуугийн гарыг нь тавиулсан. Тус залууг цаанаас нь нэг эмэгтэй хүн гэр рүүгээ дагуулан орсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

5. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...эхнэр Даарийжав нь найз  бид хоёрт нэг шил 0.5 литрийн шилтэй Хараа нэртээ архи өгсөн.  бид хоёр хувааж ууж байхад 15 цагийн орчимд хаалга цохиод байх шиг чимээ сонсогдсон. Хэсэг хугацааны дараа хаалга тогших чимээ дуугүй болсон. Удалгүй дахиад хаалга тогших чимээ гарсан тул манай найз  манай хаалга биш байх би очиж үзчихээд ирье гэж хэлээд явсан. Удалгүй хүмүүс хоорондоо зодолдох чимээ гарахаар нь би найз  дээр очиход танихгүй залуутай зууралцаад зогсож байсан. Би дундуур нь ороод салгаад хоёр тийш нь болгоход манай найз  нүүрнээс нь цус гарч байсан. ...Намайг анх очиход  хөрш гэх танихгүй залуу нь  үснээс нь зулгааж доош нь дарсан байдалтай байсан. Би салгах гэж дундуур нь орох үед толгой руу нь 1 удаа цохиж байсан нь надад харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11115 дугаартай дүгнэлтэд:

-  биед зүүн нүдний ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн дэд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20/,

 

7. Шүүгдэгч н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би 14 цагийн орчимд ажлаасаа бууж гэртээ орох гэтэл манай гэрийн хаалга цоожтой байхаар нь хаалгаа ойролцоогоор 1 минут тогшсон. Манай хүү гэртээ унтсан байдалтай хаалгаа тайлахгүй байсан. Гэтэл манай хөрш болох 55 тоотын хаалга онгойж  гэх залуу гарч ирээд надад хандан дуугүй бай, битгий амгалан тайван байдал алдагдуулаад бай гэж хэлсэн. Би тус залууд хандан би танай гэрийн хаалгыг тогшоогүй, харин та нар 2 хоног шөнийн цагаар дуу чимээ гаргаад бид нарыг амраагүй биз дээ гэж хэлээд харилцан бие биенийхээ хувцаснаас зууралцсан. Би тус залуугийн нүүрэн тус газарт нэг удаа зүүн гараа атгаж байгаад цохиход миний өмсөж байсан хувцасны товч тасарч унасан, мөн гар утас газар унасан. Гэтэл цаанаас 2-3 хүн гэрээс нь гарч ирээд миний хувцаснаас зуурч өмсөж байсан хүрмийг толгой дээгүүр бүтээж гэр рүүгээ оруулах гээд татаж байсан. Тухайн үед 55 тоотоос гарч ирсэн  миний нүүрэнд гараа атгаж байгаад цохисон тул би зөрүүлээд тонгойж чирүүлж байхдаа баруун зүүн гараа атгаж байгаад 1-2 удаа савж цохисон. ...Манай хөрш болох  нүүрэнд учирсан гэмтлийг би учруулсан байж магадгүй. ...Би өөрийн гэм буруугаа ухамсарласан тул дээрх хэргийг яаралтай шийдэхийг хүсэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

8. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч н гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 53-57/,

 

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33-35/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

             Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч  нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60/1 дүгээр байрны орцонд хөрш  “бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх асуудлаас үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хохирогчийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

- 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32/,

 

- Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөрш айл болох 53 тоотын хаалгыг 40 орчим насны залуу тогшиж байхаар нь би өө хөрш айл байсан байна гэж хэлэхэд тус тоот хаалгыг тогшиж байсан залуу надад хандан юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлээд үгийн зөрүүгүй миний өмсөж байсан хувцаснаас зуураад нүүрэнд гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж миний зүүн нүдний доод зовхинд гэмтэл учруулсан.  ...миний зүүн нүдний доод зовхинд 3 см орчим язарсан байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

- Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь манай хаалгыг цохиод байгаа юм биш үү гэж хэлээд хаалга онгойлгох гээд явсан, ... миний нүүрэнд цохичихлоо гэж дугарахаар нь би  дээр очиход нүүрээ дараад доошоо тонгойчихсон, харин үснээс нь нэг хүн зулгаагаад доош нь дарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаалга тогших чимээ гарсан тул манай найз  манай хаалга биш байх би очиж үзчихээд ирье гэж хэлээд явсан. ...удалгүй хүмүүс хоорондоо зодолдох чимээ гарахаар нь...  дээр очиход танихгүй залуутай зууралцаад зогсож байсан.  ... нүүрнээс нь цус гарч байсан. ...Намайг анх очиход  хөрш гэх танихгүй залуу нь  үснээс нь зулгааж доош нь дарсан байдалтай байсан. Би салгах гэж дундуур нь орох үед толгой руу нь 1 удаа цохиж байсан нь надад харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11115 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/,

- Шүүгдэгч н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... гэх залуу гарч ирээд надад хандан дуугүй бай, битгий амгалан тайван байдал алдагдуулаад бай гэж хэлсэн. ...би тус залууд хандан “..танай гэрийн хаалгыг тогшоогүй, ...та нар 2 хоног шөнийн цагаар дуу чимээ гаргаад бид нарыг амраагүй биз дээ гэж хэлээд харилцан бие биенийхээ хувцаснаас зууралцсан. Би тус залуугийн нүүрэн тус газарт нэг удаад зүүн гараа атгаж байгаад цохисон. ... нь миний нүүр рүү гараа атгаж байгаад цохисон тул би зөрүүлээд тонгойж чирүүлж байхдаа баруун зүүн гараа атгаж байгаад 1-2 удаа савж цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд  шүүгдэгч  нь хохирогч  маргалдаж бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тус гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол, бие биенээ үл хүндэлсэн байдал, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа нь хэрүүл маргаан үүсэх нөхцөл болж гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 49/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч д ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба дүгнэлтийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН