Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Буянтынхан овогт ******* *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, **** цогцолбор, 00А байрны 00 тоотод оршин суух Сартуул овогт ******* *******,

Хариуцагч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Соёмбо хотхон, 00 дүгээр байрны, 0 тоотод оршин суух Жалайр овогт ******* ******* нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагч Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Буманзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 2006 онд Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга хийж байсан *******ас Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны, 10 тоот 1 өрөө орон сууцыг манай эхнэрийн ах Д.Бат-Орхоноор зуучлуулж 2.500.000 төгрөгөөр худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байна. Тухайн үед ******* нь байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй ба өөрийнхөө найз болох *******оос байрны гэрчилгээг нь авч өгнө гэдэг байсан. Харин ******* нь 2006 оны 11 дүгээр сард уг байрыг зуучилж надад авч өгсөн Д.Бат-Орхонд та Гантулга гэж хүнээс нэг өрөө байр аваа юу...ордер нь надад байгаа би танд өгнө гэж, 2007 оны 05 сард тэр ордерийг чинь шийдэж өгнө гэхдээ их төвөгтэй болоод байна. Манай дүүгийн нэр дээр байсан авгай нь салахдаа устгасан байх магадлал их өндөр болоод байна тус тус ярьсан байдаг. 2013 оны 06 дугаар сарын дундуур Д.Бат-Орхон ах бид хоёрыг явж байхад 42-р точек дээр *******, ******* хоёр нэг машинтай хамт явж таарсан бөгөөд байрны гэрчилгээ юу болж байна нэхэхэд ******* нь *******доо энэ юмныхаа учрыг ол хүнд юм зарчихаад ингэж болохгүй гэхэд ******* ойлгож байна. Бид хоёр нэг уяан дээр морь уяж байгаа. Наадмын дараа ордерийг чинь шилжүүлээд өгье гэж байсан. Ийнхүү ******* нь байрыг дамжуулан худалдагдсан хэргийг хангалттай мэдэж байсан ба 2015 оныг хүртэл байр, байрны гэрчилгээг өгнө, шатаасан тул дахиж авахад хэцүү байна гэдэг байснаас биш *******тай байрны талаар маргаантай, байрны гэрчилгээг өгөхгүй гэж огт хэлж байгаагүй. Хэрвээ байрны гэрчилгээг өгөхгүй гэж хэлсэн бол би тухайн үед нь *******ас мөнгөө аваад өөр байр худалдаж авах байсан. Ийнхүү миний бие *******ын өөрийнх нь ярианд итгэж гэрчилгээгээ шилжүүлээд өгчих байлгүй гэж итгэсээр 2015 оны хүргэсэн. Миний бие нь уг худалдаж авсан байрандаа 2006 оноос хойш оршин сууж байгаа бөгөөд энэ хугацаанд намайг байрны гарах шаардлагыг огт тавьж байгаагүй атлаа 2016 онд ******* уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний 52 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01751 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэвээр үлдээсэн. Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд

******* нь 2002 онд 17 сая төгрөгөөр гурилын үйлдвэрийн хамт маргаан бүхий орон сууцыг *******д худалдсан байх ба орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан боловч тухайн үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй /шатсан гэж ярьдаг/ байсны улмаас өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдсон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг. Гэтэл худалдан авагч ******* нь үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч худалдагч ******* нь 2013 оныг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж амлаж байсан боловч гэрчилгээ байхгүй гэх шалтгаанаар баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй 2015 оныг хүргэсэн ба 2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинээр авснаар, хуульд заасан худалдагчийн эрх үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл нь арилсан байна. Мөн Иргэний хуулийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар батлуулж, 109.1-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ худалдагч тал болох ******* биелүүлээгүйн улмаас ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэх хүсэл зориг байвч энэ үүргээ ******* миний өмнө биелүүлэх боломжгүй болсон нь нотлох баримтаар тогтоогдсон. Уг байрыг худалдан авсан ******* миний бие нь байрны эрхийн догодлыг арилгахыг *******, ******* нараас ******* нь *******оос шаардсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл энэ шаардлага биелэгдээгүй байна. Иймд худалдагч тал үүргээ гүйцэтгээгүйн улмаас худалдан авагч тал болох миний бие хохирох нь шударга ёсонд нийцэхгүй тул маргаан бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоож, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, 10 дугаар байр 10 тоот 1 өрөө орон сууцыг *******ын өмчлөгчөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийг хэлтэст даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар анх хөдөө амьдардаг байсан. 2006 онд манай охин сургуульд орох болчихоод төв суурин газар нэг өрөө байр авахаар болоод Бат-Орхон ахаар дамжуулж Гантулга гэдэг хүнээс 2006 оны 08 сарын эхээр худалдаж авч байсан. Тухайн үеийн ханш болох 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсныхаа дараа байрны гэрчилгээ яасан гээд Бат-Орхон ахаас асуухад Гантулгад хэлчихсэн 11 сард тариа будааны ажил дуусахаар зохицуулж өгнө, хүний нэр дээр байдаг янзалж өгнө гэж хэлсэн. 2006 оны 11 сард Ганболд гэдэг хүн Бат-Орхон ахынд адуу хайж яваад өөрөө сууж байгаад гарахынхаа өмнө та Хөтөлийн 10-10 тоот байрыг худалдаж авсан юм уу гэсэн. Тэгэхэд Ганболд гуай наад байрны чинь гэрчилгээ надад байдаг юм. Та худалдаж авсан юм бол би танд шилжүүлж өгнө гэж хэлсэн. 2007 оны 06 сард Орхон сумын Илчин гэх газар би аавындаа очиход Ганболд гэдэг хүн манай аавын ардхан талд байна гэж сонсоод би өөрөө очиж уулзаж байсан. 10-10 байрыг худалдаж авсан хүн нь би байгаа юм. Та гэрчилгээг нь гаргаж өгөх боломж байна уу гэхэд Ганболд гуай энэ байрны гэрчилгээ алга болж устчихаад байгаа юм. Дүүгийн нэр дээр байж байгаад авгай нь салаад явахдаа бүх бичиг баримтаа устгачихаад байгаа юм. Ах нь олж өгнө гэж байсан. Би итгэж байсаар байтал 2013 оны 06 сард манай гэрийн ардхан талд Бэлэндалай өртөөнд би Бат-Орхон ахтай хамт явж байхад Ганболд Гантулга нар УБӨ 1286 дугаартай хаалган дээрээ улаан судалтай Пикап маркийн машинтай явж байсан. Бид хоёр буугаад машиных нь ард очиход Гантулга гуай машин барьчихсан. Ганболд гуай ард нь суучихсан байсан. Бат-Орхон ах Гантулгаа чи энэ байрны гэрчилгээг шийдэж өг гэж хэлэхэд Гантулга гуай Ганболд руу хандаж чи янзалж өг арай хэтэрч байна. Олон удаа хэллээ гэж миний нүдэн дээр хэлж байсан. Тэгэхэд Ганболд гуай одоо морь мал уяж байна. Морь мал уяж байхад элдэв хэрүүл уруулаар яахав. Наадам өнгөрөөгөөд би янзалж өгнө гэж хэлсэн. 2015 оны 12 сард манайхаас байр нэхэж шүүхэд хариуцагчаар өгөх хүртэл би тэр байранд 9 жил амьдрахад нэг ч удаа хүн ирж энэ миний байр гэсэн юм ярьж байгаагүй. Манай охин 2006 онд энэ байранд ороод 11 жил сургуульд сураад одоо хотод оюутан болчихсон байж байгаа. Тэр байрны оршин суугчид ч намайг амьдардаг байсныг гэрчилж мэдүүлэг өгсөн байгаа. Тиймээс би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ Ганболдын өмчлөлөөс өөрийн өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын захиргаанд даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох, *******ын өмчлөлд Буджавын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Нэхэмжлэгч бол нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө ярилаа. Нэхэмжилж байгаа нь хуульд заасан үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. 2001 онд Ганболд Гантулга гэдэг хоёр хүний хооронд худалдах наймаа хийгдсэн байдаг. Иргэний хуульд зааснаар худалдагч нь уг байрыг хүлээлгэж өгөх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэгтэй байдаг. Тухайн үед нь байрны үнийг бүрэн төлчихсөн. Гурилын үйлдвэрийг тоног төхөөрөмжтэй нь хамт авсан байдаг. Ганболд нь Гантулгатай бодитойгоор байрыг эзэмшүүлсэн мөртлөө түүний дагалдах бичиг баримт буюу үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй явсаар 2006 онд зарсан байдаг. 2006 онд Гантулга нь Буджавт байрыг зарсан. Энэ нь УДШ-н 2018 оны 1751 дугаартай тогтоолоор шийдэгдсэн. Хэдийгээр Гантулга нь тухайн үед энэ байрыг эзэмших эрхгүй этгээд байсан ч Ганболд Буджав нарыг уулзуулсан байдаг. Ганболд нь хүлээн зөвшөөрсөн. Байрны гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн байдаг. Энэ нь ганцхан Буджавын хэлж байгаагаар бус хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт буюу гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Ганболд нь анх зарахдаа байрны бичиг баримтыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл үнийг төлөөд авчихсан Буджав байраа өмчлөлдөө авч чадахгүй явж байна. Тиймээс шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ нэхэмжлэл улсын дээд шүүхээр сөрөг нэхэмжлэл хэлбэрээр үг үсгийн алдаагүйгээр яваад хэрэгсэхгүй болгосон. Би энэ асуудлыг улсын дээд шүүх шийдвэрлэсэн асуудал гэж үзэж байгаа. Дээд шүүх энэ тогтоолоо гаргахдаа Буджав Гантулга нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлт хийсэн. Энэ бол үнэн. Учир нь орон сууцны өмчлөгч Ганболд Буджав нар хоорондоо уулзаж гэрээ хэлцэл хийгээгүй, төлбөр мөнгө өгч авсан асуудал байхгүй. Тиймээс энэ нэхэмжлэл бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 39.1-д Иргэний эрх үүргийг өөрчлөх, шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ хэлцэл Ганболд Буджав нарын хооронд байгаагүй. Нэхэмжлэл дээр өөрөө Гантулгаас худалдаж авсан гээд байгаа. Ганболд гэсэн үг байхгүй. Надад Бат-Орхон ах зуучилж авсан гэж байгаа. Бас нэг нотлох баримт энэ байгаа. Мөнгийг Бат-Орхонд өгсөн гэж яриад байгаа. Ганболд мөнгө аваагүй. Бат-Орхон ах Ганболд Гантулга нартай тааралдаад гээд байгаа юм. Энэ хамаагүй шүү дээ. Буджав өөрөө тааралдах ёстой шүү дээ. Хэлцэл хийгдээгүй гэдгийг нотлоод байгаа юм. Иргэний хуулийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө талд түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн байгаа. Нэхэмжлэгч ийм хүсэл зоригоо Ганболдод илэрхийлээгүй. Ганболд түүнийг хүлээн аваагүй. Тиймээс 40.1-ээр үгүйсгэгдэх үндэслэлтэй. 83.1-д аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан байгаа. Тэгэхээр эрхийг нь олж аваагүй байж Буджав бусдад байгаа эрхийг шаардаад байгаа юм. Хэлцэл хийгээгүй байж шаардаж болохгүй шүү дээ. Тэгэхээр 83.1 дэх заалттайгаа бас зөрчилдөж байгаа юм. Иргэний хуулийн 101.1-д өмчлөгч нь хуульд буюу бусад этгээдэд гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээг өөрийн үзэмжээр чөлөөлтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах хэрэгтэй гэж байгаа. 10-10тоот орон сууцанд Ганболдын өмчлөлд байгаа учраас энэ хуулийн дагуу өөрийнхөө өмчлөх эрхийг хамгаалах эрхтэй. Энэ эрхийг яачихаад шууд шилжүүлэх юм болж байна аа. Хэлцэл хийгдэж үнэ мөнгө нь төлөгдөөгүй байгаа. Сая нэхэмжлэгч Ганболд хүлээн зөвшөөрсөн гэж байна. Хаана хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ? Ямар баримт байгаа юм бэ? Ингэж худлаа болоогүй явдлыг болсон мэт ярьж үнэмшүүлж байх шаардлага байхгүй. Аль хуулиар шаардаад байгаа нь ойлгомжгүй байгаа. 243-т биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн байгаа. Эрхийн доголдолтой хүний өмчийг авна гээд байдаг чинь юу гэсэн үг вэ? Миний хараад байгаа хуулиудаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдэх гаргалгаа байхгүй юм шиг харагдаад байна. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа юм. Энэ хэргийг сөрөг нэхэмжлэл байхад нь Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх бүгдээрээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гурилын үйлдвэрийн хамт зарсан гэж байна. Гурилын үйлдвэрийг Гантулгад худалдсан. Тэрийг тариалан эрхлэлтийг дэмжих сан авсан юм байна лээ. Түүнээс маргаан бүхий орон сууцыг худалдаагүй шүү дээ. Гантулга энэ орон сууцанд түр оршин сууж байя гээд түлхүүрийг нь авчихаад тэр чигтээ худалдсан байсан. Ийм хэлцэл огт хийгдээгүй. Бат-Орхон Ганболд хоёрын хооронд ч ийм яриа үүсээгүй. Тэр шатаасан гэдэг яриа бол Гантулгаас гарсан яриа юм шиг байгаа юм. Энэ талаар гэрчийн мэдүүлгүүд зөндөө байгаа. Нэхэмжлэлдээ ...Ганболдоос шаардсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага биелэгдээгүй гээд байгаа. Ганболдтой Буджав уулзаж байгаагүй хүн шүү дээ. Шүүх хуралдаан дээр нүүр тулж байсан хүмүүс чинь яахаараа шаардаад яваад байдаг юм. Ганболдын өмчлөлөөс Буджавын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж байгаа. Өмчлөх эрхийг яаж Ганболдоос салгах гээд байгаа юм бэ? ДЗШШ хоёр удаа хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Учир нь өмчлөх эрх нь Ганболдод байна гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэн хуульд зааснаар хүний хууль ёсоор олж авсан хөрөнгийг авч болохгүй шүү дээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2001 онд Гантулга гурилын үйлдвэрийг худалдаж авсан. Нэхэмжлэгч хариуцагчаас яг юу нэхэмжлээд байгаагаа тайлбарласангүй. Энэ байр угаасаа Ганболдын нэр дээр байгаа. 2015 онд ордерыг авсан байдаг. Ганболд нь орон сууцыг Гантулгад 2001 онд худалдсан боловч гэрчилгээг үрэгдүүлснээс өмчлөх эрхийг шилжүүлээгүй бөгөөд уг орон сууцыг Гантулга 2006 онд бусдад худалдсанаас хойш 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх шалтгаанаар шинээр өөрийн нэр дээр авсан нь баримтаар тогтоогдож байна гэсэн байгаа. Тэгэхээр дээд шүүх юу гэж үзсэн юм бэ гэхээр орон сууцыг Гантулгад 2001 онд худалдсан юм байна. Гантулга нь 2006 онд бусдад худалдсан байна гэж үзсэн. Бат-Орхон Гантулга нарын хооронд хэлцэл хийгдсэн харагддаг. Иргэний хуулийн 43.1.1-д зааснаар эхлээд Ганболд Гантулга нар худалдах, худалдан авах аман хэлцэл хийсэн байдаг. Дараа нь Гантулга Бат-Орхон нар 2.500.000 төгрөгөөр худалдан авсан нь тогтоогддог. Энэ асуудал дээр аль, аль тал одоо ч гэсэн маргаагүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа байр Гантулгад хамааралтай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Гол нь Иргэний хуулийн 43.1.1-д зааснаар Ганболд Гантулга нарын хооронд аман хэлцэл хийгдсэн юм байна гэдгийг дээд шүүх дүгнэсэн. Дараа нь Гантулга Буджавтай дахиад гэрээ хийсэн юм байна гэдгийг дүгнэсэн байгаа. Тийм болохоор Гантулга Буджав хоёрын хоорондын асуудлыг л шийдвэрлэх гэж байгаа болохоос Гантулгад энэ байдал хамааралгүй байгаа. Гантулга Ганболдоос худалдаж аваад Бат-Орхонд 2.500.000 төгрөгөөр зарсан гэдэг нь харагддаг. Ямар нэгэн байдлаар Буджавтай аман хэлцэл гэрээ хийсэн асуудал харагддаггүй. Нэгэнт худалдсан учраас Буджавт эзэмшүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг Гантулга гаргаж байгаа юм гэв.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт орших 10 дугаар байрны 10 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагч *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Улсын эрхийн бүртгэлийн Сэлэнгэ аймгийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж зөвшөөрч байна гэсэн бол хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2006 онд Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга хийж байсан *******ас өөрийн эхнэрийн ах Д.Бат-Орхоноор зуучлуулан 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбар, хариуцагч Ч.Гантулгын ...******* миний бие нь иргэн *******оос 2004 оны үед Сайхан сум дахь гурилын үйлдвэрийг нь мөн сум дахь 10 дугаар байрны 10 тоот нэг өрөө байрны хамт бэлэн мөнгөөр худалдан авсан. Дараа нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Д.Бат-Орхоны хүсэлтээр 10 дугаар байрны 10 тоот нэг өрөө орон сууцыг 2.500.000 төгрөгөөр зарсан... гэх тайлбар-/хх-44/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь 2006 оноос өнөөдрийг хүртэл энэ байрыг эзэмшин амьдарч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан айл өрхийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх-61/, Хөтөл өргөө СӨХ-ны тодорхойлолт/хх-62/, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ний Хөтөл салбарын тодорхойлолт /хх-62 ар тал/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай ус ХХК-ний тодорхойлолт /хх-65/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газрын тодорхойлолт /хх-65 ар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

Хариуцагч ******* нь өмчлөх эрхийн зөрчилтэй байрыг *******т худалдаж 2.500.000 төгрөгийг авсан байдал нь тогтоогдсон ба байрны өмчлөх эрхийг шилжүүлээгүйгээс нэхэмжлэгч ******* өнөөдрийг хүртэл байраа өмчилж чадаагүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч *******ас биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч тал шаардаж байна.

Хариуцагч *******, ******* нарын хооронд байр худалдсан байдал нь маргаантай өмчлөх эрх *******оос *******д шилжээгүй болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-37/-ээр тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь орон сууцыг *******д 2001 онд худалдсан боловч гэрчилгээг үрэгдүүлсэн шалтгаанаар *******д шилжүүлээгүй. 2006 онд ******* аман хэлцлээр *******т худалдсан. Энэ тал дээр маргаан байхгүй учир өмчлөх эрхийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэж тайлбарлаж байгааг

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч үл зөвшөөрч : *******, ******* нарын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй гэдэг нь нотлогдож байна. ******* бол *******ын байрны өмчлөгч биш. Гэтэл Гантулга хүний байранд сууж байснаа хүний байрыг Бат-Орхонд зарсан асуудал бий цаад гаргасан мөнгө нь *******ынх байгаа. Яагаад ******* *******ын өмчийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөөд байдаг юм. ******* тухайн үед ордер олдохгүй байгаа юм шатчихсан юм шиг байгаа юм. Дараа асуудлыг шийдье гэж байсан. Ордероо олоогүй байхад байр зарагдчихдаг. ...*******оос өмчлөх эрхийг нь яаж салгах гээд байгаа юм бэ? гэж тайлбарлаж байгаагаас *******, ******* нарын хооронд байр зарсан асуудал нь бүрэн шийдвэрлэгдээгүй маргаантай хэвээр байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй дараах хоёр үндэслэл тогтоогдож байна.

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 10 байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй *******ас *******т өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй.

2.Хариуцагч *******, ******* нарын хооронд байр зарсан асуудал маргаантай хэвээр байхад *******оос өмчлөх эрхийг *******т шилжүүлж, Сайхан сумын улсын эрхийн бүртгэлийн тасагт ч шилжилт хөдөлгөөн хийлгэхийг даалгах үндэслэлгүй байна. /Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хийлгэхийг даалгах шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчилж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гэж өөрчилсөн болно./

 

Шүүх хуралдаанд зохигчдын шинжлэн судлуулсан нотлох баримтуудаас Улсын дээд шүүхийн 1751 дугаартай тогтоол /хх-6-8/, нэхэмжлэгч *******ын эзэмшин суугаа 10 дугаар байрны 10 тоот байрны хэрэглээний зардлуудыг төлж байсан талаарх Хөтөл өргөө СӨХ-н тодорхойлолт /хх-62/, Гавшгай-Ус ХХК-ийн тодорхойлолт /хх-64/, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ хувьцаат компанийн Хөтөл салбарын тодорхойлолт /хх-62 ар тал/, цахилгаан эрчим хүчээр хангах, төлбөр тооцоо хийх тухай гэрээ /хх-63/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000363424 дугаартай гэрчилгээ /хх-37/зэргийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд хэргийн оролцогчдын хүсэлтээр гэрчийг шүүх дуудаж мэдүүлэг авна гэж заасан журмыг зөрчсөн гэрч Ч.Очгэрэл, гэрч С.Ганхуягийн мэдүүлэг, гэрч В.Оюунцэцэгийн мэдүүлэг, хариуцагч Ч.Гантулгыг гэрчээр асуусан тэмдэглэл, Н.Цогыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Бусад нотлох баримт болох давж заалдах шатны шүүхийн магадлал, хойшилсон шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан захирамж, үнэлгээний комиссын акт, шүүхийн шийдвэр, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн магадлал, Ганболдын улсын бүртгэлд гаргасан өргөдөл зэрэг нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд байна гэж үзлээ.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар гаргасан нэхэмжлэгч *******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын улсын бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 10 дугаар байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг биелүүлэх, түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн. Энэ арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хэргийг шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байх болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар гаргасан нэхэмжлэгч *******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА