Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 41

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хаанбанкны Сэлэнгэ салбарын /итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөтөл зээлийн төвийн захирал З.Үлэмжтөгс/-өөс гаргасан хариуцагч Ц.Хонгорзулыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Хүсэлт гаргагч Хаанбанкны Сэлэнгэ салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс/ шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Зээлдэгч Цэрэнпагма овогтой Хонгорзул нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6600000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн ЗГ/201843548612 тоот гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн төлбөрийг хэсэгчлэн үндсэн зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн байдлаар нийт үндсэн зээлд 316259.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 558631.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1413.71 төгрөг нийт 876304.82 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш графикт зээлээ төлөлгүй одоог хүртэл хугацаа хэтэрч байна. Зээлдэгч Ц.Хонгорзул нь Хаанбанкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2 дугаар баг, Гавшгай, 39 дүгээр байр 16 тоот хаягтай амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж , оршин суугаа газрыг тогтоож өгнө үү. Жич: зээлдэгч Ц.Хонгорзул нь зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 39 дүгээр байр 16 тоот хаягтаа амьдрахгүй байгаа. Одоо оршин сууж буй хаяг нь тодорхойгүй. Утас-99781112 банкны дуудлагыг аваад шууд утсаа салгадаг. Манайх хамгийн сүүлд ээж Цэрэнпагматай 98870037 утсаар холбогдсон. Ц.Хонгорзул нь Мөрөнд байдаг. Одоогоор Улаанбаатар хотод байгаа гэсэн хариу өгсөн гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ...Ц.Хонгорзул нь манай байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6600000 төгрөгийн цалингийн зээлийг сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ц.Хонгорзул нь зээлийн гэрээгээ зөрчиж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн хугацаа хэтэрсэн байгаа. Шүүхэд хүсэлт гаргасан өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар эргэн төлөгдсөн зээл, хүүгийн төлбөр нийтдээ 876304 төгрөгийг зээлдээ төлж барагдуулсан. Одоо Ц.Хонгорзулын үндсэн зээлийн үлдэгдэл 6283740 төгрөг байгаа. Тиймээс шүүхэд зээлдэгч Ц.Хонгорзулыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. Шүүхээс хариуцагчийн хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагч эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй гэж үзэв. Хүсэлт гаргагч Хаанбанкны Сэлэнгэ салбарын гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хонгорзулын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шарнууд овогт Цэрэнпагмын Хонгорзул /РД:РЭ86050806/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Хаан банкны Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.ЭРДЭНЭМӨНХ