Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 86

 

МАГАДЛАЛ

 

2018.01.03                                                     Дугаар 86                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ч.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02676 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н Ш Ш Г Г холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00088 шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005278 дугаар бүртгэгдсэн 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрыг нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилж тухайн байранд үнэлгээ тогтоосон. Уг байр хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, хотын төвд ордог, өндөр үнэтэй зарагддаг. Мөн миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 66 885 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Н ш ш г а-с тогтоосон үнэлгээ нь хэт бага, иргэн миний хувийн өмчийг хямдаар үнэлж намайг хохироож байгаа тул тус албанаас миний байранд өгсөн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 66 885 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Ч.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 05 дугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд орон сууцны үнэлгээний тухай нэхэмжлэлээ хүлээлгэн өгсөн. Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7372 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцаасан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7903 тоот шүүхийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцаасан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 8317 тоот захирамжаар нэхэмжлэлийг тус тус буцаасан байна. Ч.Н би нэхэмжлэлээ хуулийн хугацаанд 2017 оны 05 дугаар сарын 11-нд тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэл хүлээн авсан дэвтрийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Гэтэл нэхэмжлэлийг 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хураасан эд хөрөнгийг худалдан борлуулахад 2 сар, шинэ хуулиар 3 сарын хугацаанд худалдан борлуулахаар заасан байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хурааж аваад 8-9 сар болсон байна.

Ч.Н миний орон сууцанд үнэлгээ хийсэн компанийн үнэлгээг төлбөр төлөгч төлбөр авагч нарт албан ёсоор тусад нь мэдэгдэл өгөх ёстой байтал мэдэгдэл гардуулан өгөөгүй юм. “Л” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар тушаалаар олгосон боловч гэрчилгээний хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзнэ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Н Ш Ш Г Г холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрны үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00088 дугаар шийдвэрээр Ч.Н, Ч.Н нараас 33 026 163 төгрөгийг гаргуулан “Х б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцныг Н ш г а-с 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 04/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд өмчлөгч Ч.Н нь 200 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч “Х б” ХХК нь эс зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй байх тул эд хөрөнгийг үнэлүүлэхээр “Л” ХХК-ийг шинжээчээр томилсоныг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч Ч.Н үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэлд шинжээчийн үнэлгээ 66 885 000 төгрөг, 70 хувиар тооцон 46 819 500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар тодорхой дурдсан байна.

Н ш ш г г шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Н нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ