Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 57

 

С.Атар-Эрдэнэ, Г.Мэндбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                  Ерөнхий шүүгч                Б.Батзориг

                                          Шүүгчид                           Г.Давааренчин                                  

                                                                           Д.Буянжаргал

                                

                                    Оролцогчид

                                                 Прокурор                             Г.Энхмаа

                                                 Шүүгдэгч                              С.Атар-Эрдэнэ

                                                 Шүүгдэгч                              Г.Мэндбаяр

                                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч   Б.Буманзаяа, Т.Эрдэнэзаяа

                                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч   Д.Оюун-Эрдэнэ

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын гомдлоор Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Гэрэлийн Мэндбаярт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 21.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Содномнамжилын Атар-Эрдэнэ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1825006870460 дугаартай, 4 хавтас хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, барилгын өрлөгчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Жаргалант харвест ХХК-д туслах ажилтан хийж байсан, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 29-7 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.

          -Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

          -Орхон аймгг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Буурал овогт Содномнамжилын Атар-Эрдэнэ РД/ФВ-91112719/

          Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 4-10 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан.

           -Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 18-нь өдрийн №129 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.

          -Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №145 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр суллагдсан.

          -Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №161 дүгээр шийтгэх тогтоолоор /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Иөншөөбү овогт Гэрэлийн Мэндбаяр. РД/ДБ-82081315/

 

          Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.Атар-Эрдэнэ, Г.Мэндбаяр нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 39-01 тоотод Д.Сэргэлэнбатын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний дуураймал мөнгөн бүс 2 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар авч 880000 төгрөгийн хохирол,

          -2018 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 86-04 тоотод оршин суух хаягтай, Н.Барсболдын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 1247081 төгрөгийн хохирол, -2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-10 тоотод оршин суух, Г.Төмөрчөдөрийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, гартааман хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 970000 төгрөгийн хохирол, -2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 11-02 тоотод оршин суух, Н.Тогтохбаярын байшинд нэвтэрч 41 инчийн хэмжээний зурагт, орны бүтээлэг, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж 665000 төгрөгийн хохирол,

          -2018 оны 10 дугаар сарын 10-аас 10 дугаар сарын 15-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 27-11 тоот Б.Ламгомбын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 120000 төгрөгийн хохирол тус тус учруулсан. -Яллагдагч С.Атар-Эрдэнэ нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 10-аас 11-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 9-5 тоотод Б.Зоригтбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 625000 төгрөгийн хохирол,   

          -2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 2-1 тоотод Л.Баярхүүгийн байшинд нэвтэрч хазаарны мөнгөн тоноглолыг нууцаар хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол,

          -2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангалуун” доогийн газарт нэвтэрч архи, пиво, вино, тамхи, боль, самар, шоколад, кофе, пүүз зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 227000 төгрөгийн хохирол, -2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тарианланчдын 1-2 тоот Т.Саранчимэгийн байшинд нэвтэрч хөөрөг, монетон гинж, дуран, бугуйн цаг, төмөр шанага, алаг салат, хөлдөөсөн бууз зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 317000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.

          -Яллагдагч С.Атар-Эрдэнэ нь яллагдагчаар татгагдан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байр руу хуяглан хүргэх явцад автомашинаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор:

          -Шүүгдэгч Буурал овогт Содномнамжилийн Атар-Эрдэнийг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, яллагдагчаар цагдан хориглосон үедээ оргон зайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          -Шүүгдэгч Иөншөөбү овогт Гэрэлийн Мэндбаярыг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          -Шүүгдэгч С.Атар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-д зааснаар 07 жил /долоо/-ийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил/нэг/-ийн хугацаагаар хорих ялаар,

          -Шүүгдэгч Г.Мэндбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил/хоёр/-ийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Атар-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 07/долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 08/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Атар-Эрдэнэ оногдуулсан 08/найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.Мэндбаярт оногдуулсан 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

          -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэндбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч С.Атар-Эрдэнэд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

         

          Шүүгдэгч С.Атар-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хорих 437 дугаар ангиас суллагдсан юм. Төрсөн дүү болох С.Алдарболдтой яриад Төгөл худалдааны төв дээр уулзахаар болсон.  Зах дээр буугаад алхаж явтал Г.Мэндбаяртай таарсан. Г.Мэндбаяр нь ял эдэлж байхад хамт хоригдож байгаад 2018 оны 10 дугаар сард хугацаа нь дуусаж суллагдсан байсан юм. Бид хоёр уулзаад хамт Төгөл худалдааны төв рүү алхаж тэнд намайг хүлээж байсан дүүтэйгээ уулзаад хамт манайх руу явсан. Би нэг шил архи авч Мэндээ бид хоёр манайд уусан. Архи ууж байх үед Мэндээ эхнэрээсээ бүр салчихсан, одоо нагац эгчийндээ байгаа гэж хэлэхээр нь манайд найзтайгаа цуг байхгүй юу гэж хэлэхэд Мэндээ зөвшөөрч хамт байхаар болсон. Маргааш нь өглөө нь Мэндээ эгчтэйгээ уулзаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд өдөр нь орж ирэхдээ хар өнгийн зурагт тэвэрсэн орж ирсэн, би юун зурагт болох талаар асуухад миний зурагт байгаа юм, авгайгаас салахдаа нагац эгчийнд орхисон байсан юм, хоёулаа үүнийг ломбарданд тавьчихъя, надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед надад бичиг баримт байхгүй байсан тул өөрийн ломбарданд тавиулж, мөнгийг нь Г.Мэндбаярт өгсөн. Манай дүү надаас юун зурагт болох талаар асуухад Мэндээгийн зурагт гэж хэлж байсан. Мэндээг мөнгөө авсны дараа бид караоке орсон, Отгоо гэдэг найзыгаа дуудаж, Заяа гэдэг найзыгаа мөн дагуулж ирсэн, ингээд бид дөрөв дуулж байгаад Заяагийнд хоносон. Маргааш нь манайд очоод бид хоёр манайд хоносон. Өглөө нь Мэндээ дэнж орно гээд гараад явсан. Тэр өдрийнхөө 16 цагт над руу залгаж Гордод хүрээд ир гэхэд би очиход хүнээс мөнгө авчихлаа, одоо нөгөө зурагтаа авъя гэхээр нь би дүүгээ дуудаж зурагтыг нь авч өгсөн. Мэндээ танайх зурагтгүй байгаа юм чинь энэ зурагт танайд байж байг гэж хэлсэн. Ингээд бид гурав манайх руу явж Мэндээ бид гурав хоёр шил архи хувааж уусан. Архи ууж байхад Отгоо над руу залгаад ажлаа тараад явж байна уулзах юм уу гэхээр нь би тэгье гээд Гордод уулзахаар болсон бид хоёр манайхаас гараад явж байтал Эрхэм-Учрал гэдэг найз маань залгаад уулзъя гэхээр нь Төгөл дээр хүрээд ир гэсэн. Ингээд Мэндээ бид хоёр Учралтай байж байхад Отгоо, Заяа хоёр ирсэн, бид хэд ярилцаж байгаад караоке орсон, дараа нь баар орсон, дараа нь Отгоо бид хоёр муудалцаад Отгоо, Заяа хоёроос салаад явсан. Дараа нь Учралын таньдаг охинтой уулзахаар болсон. Бид гурав Мэнд-Амар дээр ирж Учралын таньдаг охинтой уулзсан. Тэр охин хоёр найзтайгаа гурвуулаа явж байсан. Бид манайд очиж гурван ширхэг том шар айраг хувааж уугаад гарахаар болсон. Мэндээ тэр үед унтаад өгсөн. Ингэж явж байхад Мэндээ миний өгсөн пүүзийг өмсөж явсан. Тухайн үед манай найз энэ пүүзийг надад өгсөн гэж хэлж байсан. Ингээд бид манайхаас гараад явж байхад Мэндээ араас гүйж гарч ирээд чи намайг хаяж явлаа, энэ муусайн янхнуудаас болж хаяж байгаа юм уу чи ийм хулгайч байсан юмуу гэх зэргээр над руу дайрч давшилсан. Бид хоёр нилээн удаан маргалдсан. Мэндээ маргалдаж байгаад яваад өгсөн. Бид хоёрыг муудалцаж байхад нөгөө хэд яваад өгсөн байсан. Би тэндээс гэрлүүгээ буцсан. Ингээд Мэндаа манайхаар ирэхээ больсон. Би зурагтын зар харж байгаад авто гражны засвар хийхээр болсон. Хэд хоногийн дараа Мэндээ манайд ирсэн. Би цуг ажил хийе гээд бид хоёр тэр засварын ажил дээр хоёр хоног ажилласан. Тухайн үед засвар хийлгэж байсан хүн маань заавал компаниар хийлгэнэ гээд бид хоёр 2 хоног ажиллаад больсон. Мэндээ манайд байхаа больж эгчийндээ байдаг болсон. Ингээд би 2018.10.19-ний орой Эрдэнэт хотоос 10 хоногийн гэрээгээр өвс, төмс очиж буулгахаар явсан намайг очоод 9 хонож байхад 2018.10.29-ний орой үл таних хоёр хүн орж ирээд намайг асууж надтай уулзъя гэсэн, би юун хүмүүс яагаад байна гэж асуухад цагдаагаас явж байна гээд намайг Орхон аймаг руу аваад явсан. Цагдаа дээр ирээд намайг хулгай хийсэн гэж хэлсэн. Эрүүгийн төлөөлөгч Эрдэнэ-Ундрах бүх юм тодорхой гэрээс чинь зурагт мөн чиний гутлын мөр илэрсэн, хэргээ хүлээ гэж хэлсэн. Би хийгээгүй гэж бүх үнэн учраа хэлсэн боловч над руу дайрч, зодож энэ хэргийг хүчээр тулгасан би 2018.10.29-ний өдрөөс 2018.10.31-ний өдрийг хүртэл Эрдэнэ-Ундрахын өрөөнд байсан би тухайн үед өмгөөлөгч авъя гэж хэлсэн боловч авч өгөөгүй. Мөн хоёр өдөр хоол ундгүй хэцүү байсан тэр үед хэргийг нь хүлээж байцаалт өгсөн. Тэгээд 2018.10.31-ний орой цагдан хоригдсон. Миний бие Атар-Эрдэнэ нь одоо үйлдсэн гээд байгаа таван удаагийн хулгайн үйлдлийг хийгээгүй яагаад сум дундын шүүх дээр би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд одоо би хийгээгүй гээд юм гэхээр хэргээ хүлээчих юм бол хөнгөн ял оногдуулна, хэргээ хүлээхгүй бол өндөр ял авна одоо чамд хэн итгэх юм бэ гэж хэлж байсан учраас Анхан шатны шүүх хурал дээр хөнгөн ял авахын тулд хүлээсэн юм. Тухайн үед би өөрийн бодлогогүй үйлдлээс болж оргон зайлах гэмт хэрэгт холбогдсон байсан. Тэгээд одоо надад хэн итгэх билээ гэж бодоод энэ хэргийг хүлээн зөвшөөрч хөнгөн ял авна гэж бодож байсан юм. Одоо миний бие хийгээгүй хэргээ цагаатгуулж хийсэн гэмт хэрэг дээрээ ял авмаар байна. Иймд хэргийг дахин шалгахаар буцааж өгнө үү гээд давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна гэв

 

         Шүүгдэгч Г.Мэндбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Миний бие Гэрэл овогтой Мэндбаяр нь надад оногдуулсан 1.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хамтрагч болох С.Атар-Эрдэнээс огт мөнгө авч байгаагүй. Надад мөнгөө өгөхгүй гэртээ түлээ түлш, хоол унд, гурил будаа авна гээд явдаг байсан. Энэ ногоон пүүзийг намайг өмсөж хулгай хийдэг гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн нь надад багтахгүй С.Атар-Эрдэнийн өөрийнх нь пүүз юмаа. Миний нэр дээр барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйлс тавьж байгаагүй алт, мөнгө, монет гэх эд зүйлүүдийг би мэдэхгүй. Харин дүү Алдарболдын нэр дээр зурагт барьцаалж байсан.

          2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдсан, төгөл дээр явж байгаад С.Атар-Эрдэнэтэй тааралдаад гэрт нь очиж нэг шил архи хувааж уугаад тэндээ хоносон. Тэр ногоон өнгийн nike пүүзийг би өмсөж явж байсан, би С.Атар-Эрдэнэд жаахан гомдож явж байсан болохоор мэдүүлэг өгөхдөө С.Атар-Эрдэнийг өмсөж явж байсан гээд хэлчихсэн юм гэв.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: .Мэндбаяр нь давж заалдах гомдолдоо ... надад ямар нэгэн пүүз өгөөгүй энэ бол миний пүүз биш гэж ...хэлсэн байдаг Гэтэл сая шүүх хуралдаанд тайлбар хэлэхдээ .. энэ бол миний пүүз би өмсөж явсан гэж хэллээ... мөн С.Атар-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр суллагдан бид хоёр таараад 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өмсөж гараад зурагт аваад ороод ирсэн гэж ярьсан. Гэтэл энэ зуратг 2018 оны 10 дугаар сарын 09-10-ны өдөр хулгайлагдсан гээд хавтас хэрэгт тусгасан байдаг. Тиймээс  үйлчлүүлэгч Г.Мэндбаяраас сайн тодруулга хийн давж заалдах гомдолоо гаргамаар юм байна гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн удаа дараагийн үйлдэл байдаг. Хэрэгт шалгахдаа хууль бус үйлдэл гаргасан, нотлох баримт шинжлэн судлуулж, шүүгдэгч нарын давж заалдсан гомдлоо дэмжин оролцоно гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Эрдэнэзаяа  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ХХ-ийн 59,60,61,62 дахь хуудсанд тухайн пүүз нь Г.Мэндбаярт таарахгүй байгаа тэмдэглэл фото зургаар баталгаажуулан, тухайн үед туршилт хийхэд хөндлөнгийн гэрч, миний бие, мөрдөн байцаагч, прокурор нар байлцан оролцсон юм. Гэтэл өнөөдөр яагаад гэнэт би өмсөж явж байсан миний пүүз гэж мэдүүлээд байгааг нь ойлгохгүй байна. Бодвол энэ хоёр хоёулаа нэг газар цагдан хоригдож байгаа, цагдан хорих байрнаас хоёулаа нэг машинд цуг Сэлэнгэ аймаг руу 2 удаа шүүх хуралд оролцохоор явж байгаа тэр хугацаандаа С.Атар-Эрдэнэ Г.Мэндбаярт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.Мэндбаярын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байгаа гэв.

 

           Прокурор шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан, хууль зөрчсөн үйлдэл байхгүй, мөрдөн шалгах ажлыг Орхон аймгийн цагдаагийн ажилтан Оюунболд шалгасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гарсан, шийдвэрийг дэмжиж оролцож байна. ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хор хохирлын хэмжээг харгалзан хууль ёсны шийдвэр байх тул шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.        

ТОДОРХОЙЛОХ нь:

          С.Атар-Эрдэнэ, Г.Мэндбаяр нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 39-01 тоотод Д.Сэргэлэнбатын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний дуураймал мөнгөн бүс 2 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар авч 880000 төгрөгийн хохирол, 2018 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 86-04 тоотод оршин суух хаягтай, Н.Барсболдын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 1247081 төгрөгийн хохирол, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-10 тоотод оршин суух, Г.Төмөрчөдөрийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, гартааман хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 970000 төгрөгийн хохирол, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 11-02 тоотод оршин суух, Н.Тогтохбаярын байшинд нэвтэрч 41 инчийн хэмжээний зурагт, орны бүтээлэг, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж 665000 төгрөгийн хохирол, 2018 оны 10 дугаар сарын 10-аас 10 дугаар сарын 15-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 27-11 тоот Б.Ламгомбын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 120000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

          С.Атар-Эрдэнэ нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 10-аас 11-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 9-5 тоотод Б.Зоригтбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 625000 төгрөгийн хохирол, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 2-1 тоотод Л.Баярхүүгийн байшинд нэвтэрч хазаарны мөнгөн тоноглолыг нууцаар хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангалуун” доогийн газарт нэвтэрч архи, пиво, вино, тамхи, боль, самар, шоколад, кофе, пүүз зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 227000 төгрөгийн хохирол, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тарианланчдын 1-2 тоот Т.Саранчимэгийн байшинд нэвтэрч хөөрөг, монетон гинж, дуран, бугуйн цаг, төмөр шанага, алаг салат, хөлдөөсөн бууз зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 317000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Яллагдагч С.Атар-Эрдэнэ нь яллагдагчаар татгагдан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байр руу хуяглан хүргэх явцад автомашинаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Орхон аймгийн Прокурорын газраас С.Атар-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар, С.Мэндбаярийн үйлдссэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг хянан хэлэлцээд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор  С.Атар-Эрдэнэ, Г.Мэндбаяр нарыг дээрхи гэм хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Атар-Эрдэнэд нийт 08 жилийн хугацаагаар хорих ял, Г.Мэндбаярт 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Г.Мэндбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч С.Атар-Эрдэнэд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Атар-Эрдэнэ, Г.Мэндбаяр нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Атар-Эрдэнэ, Г.Мэндбаяр нарт холбогдох эрүүгийн 1825006870640 дугаартай  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:                            

Шүүгдэгч Г.Мэндбаярын давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн ...Хавтаст хэрэгт авагдсан хулгайн гэмт хэргүүдийг би ганцаар үйлдсэн юм. Тухайн үед С.Атар-Эрдэнэтэй муудалцаж, таарамжгүй харилцаатай байсан тул түүнтэй хамтарч хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн гутлыг би гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан. Мөрдөн байцаалтын шатанд туршилт хийхэд би ...багтахгүй байна... гээд албаар өмсөж үзүүлээгүй юм. Одоо би эд мөрийн баримтаар хураагдсан гутлыг өмсөж үзүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг болон өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн гаргасан хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 1, 2, 3,   39.1 дүгээр зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар туршилт явуулахад Г.Мэндбаяр нь уг гутлыг өмсөх боломжтой буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр  хийсэн туршилтыг  /2-р хх-ийн 59-61-р ху/   үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.    Хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтууд харилцан зөрүүтэй, эдгээр баримтуудаас аль нэгийг нь авах боломжгүй буюу заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын зөрүүг арилгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоосны  эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг ...байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн заалтыг хууль тогтоогч шинээр эрүүжүүлсэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 01-нээс хойш үйлдэгдсэн хэргүүдэд хамаарах ёстой болно.

          Гэтэл С.Атар-Эрдэнэ нь  Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр суллагдсан, түүнээс хойш үйлдсэн гэх хулгайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д ...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасны дагуу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлгүй болохыг анхаарах нь зүйтэй байна.  

          Мөн  анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 3 иргэдийн төлөөлөгч оролцуулсан нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхэд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул энэ талаар магадлалд дурдаж, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаарзүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

          2.Хэргийг прокурорт очтол С.Атар-Эрдэнэ, Г.Мэндбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

        

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ