Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Мижиддорж (томилолтоор), шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00826 0701 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Х.Д , 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, дүү, 1 нас 5 сартай хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.П-т “монетон бөгж зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банкны *** дугаартай данс руу 280,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч, *** овгийн Х.Д  нь 2022 оны 01 дугаар 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.П-т "Монетон бөгж зарна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банкны *** дугаартай данс руу 280,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.П-ын: "... 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байтал Давхар дэлгүүрийн автобусны буудлаас 20 орчим насны нэг эмэгтэй суугаад хорооллын бичил оръё гэсэн. Бичилд очиход тэр эмэгтэй ломбардуудаар яваад байсан. Тэгэхээр нь би чи яах гээд ломбард болгоноор ороод яваад байгаа юм бэ, яг хаана буух вэ гэж асуухад “би монетон бөгж тулсан үнээр нь тавих гээд байгаа юм аа” гэхээр нь бөгжийг нь харахад гайгүй бөгж байхаар нь таксиныхаа мөнгөтэй нийлүүлээд 300,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэр эмэгтэй “за тэгье, хоёулаа тэгвэл буцаад ханын материал руу явъя” гэж хэлсэн. Тэгтэл тэр ханын материал явж байх замдаа шөнийн захын хажуу талд байх Чухаг дэлгүүрийн гадаа зогсоогоод “ахаа та мөнгөө бэлгээр өгөх юм уу шилжүүлэх юм уу” гэж асуухаар нь би “шилжүүлчихье” гээд *** дугаарын данс руу 280,000 төгрөг Интернэт банкаар шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлсний дараа тэр эмэгтэй би гялс дэлгүүр орчхоод ирье гэчхээд алга болчихоор нь араас нь ороход дэлгүүрийн худалдагч бие засаадахъя гээд арын хаалгаар гараад явсан гэж хэлсэн. Би тэр охиноос бөгжийг нь авч чадалгүй мөнгө шилжүүлж залилуулсан, тэр эмэгтэйг харвал шууд танина. Мөн тэр эмэгтэй миний гар утсаар найз залуугийнхаа *** дугаарын гар утас руу залгаж ярьсан болохоор нь уг дугаар луу залгахад өөрийнх нь дугаар гэж надад хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), Х.Д-ы Хаан банкны *** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 33-44 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Х.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар: “... Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын автобусны буудлаас таксинд суугаад 3,4-р хороолол орно гэж хэлээд явж байсан...Бөгжийг ломбардад тавьж, хүүхдэдээ сүү болон хоол хүнсийг нь авч өгье гэж бодоод явж байсан. Таксины жолооч ах надаас ...чи ломбардад юу тавих гэж байгаа юм гэж асуухад нь би нөгөө олсон бөгжөө үзүүлээд “ахаа энэ монетон бөгж мөн үү” гэхэд нөгөө ах барьж үзээд “мөн байх шиг байна” гэж хэлсэн. Таксины жолооч “ах нь наад бөгжийг чинь авъя, ломбард ороод хэдэн төгрөгөөр авахыг нь мэдчих” гэж хэлсэн. Би Гандан, Бичил, 3,4-р хороолол орчмын ломбардуудаар орж үзэхэд 300,000 төгрөгөөр авна гэхээр нь таксины жолоочид хэлэхэд “280,000 төгрөгийг шилжүүлчихье” гэсэн. Ингээд миний Голомт банкны *** гэсэн данс руу 280,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг миний данс руу шилжүүлсний дараа таксины жолооч намайг гэр лүүгээ харих гэтэл өөр зүг рүү буюу Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын зүг рүү чиглээд яваад байсан. Ах нь залуудаа хулгай хийдэг байсан гэх мэт зүйлсийг яриад өөр зүг рүү яваад байсан. Тэгээд би айгаад дэлгүүрийн ойролцоо зогсооч гэж хэлж байгаад нэг дэлгүүр ороод нойл асуухад “хойно хашаанд байгаа” гэж хэлээд зааж өгөхөөр нь гарч нойлд нь орчхоод нэлээн согтуу байсан учраас бөгжөө өгөөгүй гэдгээ мартаад хойд талын хашааных нь хаалгаар гараад зам дагаад алхаад явсан. Дараа нь монетон бөгжөө Гандангийн замын урд талд байрлах ломбардад 300,000 төгрөгөөр тавьсан....” гэж (хх-ийн 14-16 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “...Тухайн өдөр би ломбард хайгаад явж байтал жолооч ах “ах нь бөгжийг чинь авчихъя” гээд байсан. Би найдвартайгаар нь ломбардад тавина гэж хэлсэн чинь гуйгаад шалгаагаад байхаар нь зөвшөөрөөд зарахаар болсон. Тэгээд тэр ах над руу шууд мөнгөө шилжүүлсэн. Би бөгжөө өгөөгүй байсан. Би харих гэж байхад тэр ах машинтайгаа буцаад 21-рүү яваад байсан. Гадаа бас харанхуй болж байсан болохоор би айсандаа зугтсан. Харин дараа нь л бөгжөө өгөөгүй байснаа мэдсэн...” гэж мэдүүлсэн болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Д-ы үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Д-ыг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 280,000.0 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Х.Д-оос 280,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Б.П-т олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, 280,000 төгрөгийн төлбөртэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Д-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт хавтаст хэргийн 31 дэх тал), Х.Д-ы Хаан банкны *** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 32-44 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 45 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй, бага насны хүүхэдтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, бага насны (1 нас 5 сар) хүүхэдтэй хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Х.Д-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Д-оос  280,000.0 төгрөг гаргуулан хохирогч Б.П-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА