Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/00336

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/00336

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчВ.Ч

Хариуцагч: Ш.Ж

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,280,000 /хорин нэгэн сая хоёр зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Ч оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч В.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ш.Ж бид хоёр харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төмс тариалах, хураах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ш.Ж нь өнөөдрийн байдлаар нийт 14,000,000 төгрөг төлөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүх төлбөр тооцоогоо дуусгана гэж амласан боловч өнөөдрийг хүртэл утсаа авахгүй таг чиг болсон. Мөн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан учир 14,000,000*0,5%=70,000 /нэг хоногийн алданги/, үүнийг нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 104 хоногт тооцон үржүүлж 7,280,000 төгрөгийн алданги, нийт 21,280,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Ер нь бол хариуцагчтай 2017 оноос мөнгөний тооцоо бий болсон. Тодруулж хэлвэл: Анх 2017 оны хавар би нөхөртэйгөө төмс зарах зар тавьж, зарын дагуу Ш.Жгийн нөхөр бид 2 руу утсаар ярьж төмс авахаар болоод, эхний ээлжинд 100 тн төмс авсан. 2017 оны 5 дугаар сард 14,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэхэд 14,000,000 төгрөгийг эцсийн байдлаар төлж барагдуулна гэж Ш.Ж гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ш.Жгаас мөнгөө авахаар хайсан боловч олдоогүй. Энэ үед ажилчдын цалин тавих гээд яаралтай мөнгө хэрэгтэй байсан тул манай нөхөр Дарханы Капитрон банк ХХК-иас зээл авахаар болсон. Ингээд бид 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг руу явах замдаа осолдож манай нөхөр, машин барьж явсан жолооч болон жолоочийн хүү газар дээрээ нас барсан. Охин маань хүнд гэмтэж одоо группд байдаг. Одоо охин маань группд байдаг. Энэ талаар Ш.Жд хэлэхэд манай нөхрийн 49 хоногийн дотор мөнгө өгнө гэж хэлээд алга болсон. 2018 оны 4 дүгээр сард төмс угаадаг тоног төхөөрөмжийг Ш.Жд бараг зүгээр шахуу өгсөн. Ингэхдээ нотариат дээр очиж гэрээг бичгээр байгуулж, баримтжуулж авсан ба, тохирсон хугацаандаа мөнгөө төлөхгүй бол алданги тооцно гэж тухайлан зааж, үүнийг ч Ш.Ж хүлээн зөвшөөрөөд гэрээг байгуулж, тоног төхөөрөмжийг авсан. Алдангид шаардсан 7,280,000 төгрөгийн 280,000 төгрөгийг хассан. Учир нь алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй үнийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасан байдаг юм байна. Үүнийг хасаад шаардаж байгаа мөнгөө тэгшитгэж гэрээний үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг Ш.Жгаас гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч Ш.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Шагдар овогтой Жаргалмаа би нэхэмжлэгч В.Чын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч В.Ч нь хариуцагч Ш.Жгаас гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 14,000,000 төгрөг, алданги 7,280,000 төгрөг, нийт 21,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 7,280,000 төгрөгийн 280,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлээ 21,000,000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч Ш.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 14,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх боловч, алданги төлөхөөс татгалзаж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр В.Чын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Төмс тариалах, хураах зориулалт бүхий тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч В.Ч нь худалдан авагч Ш.Жд төмс тариалах, хураах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг шилжүүлэх, худалдан авагч нь тоног төхөөрөмжийн үнэ 25,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 хувааж хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээн, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ худалдан авагч биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 3/

Хэдийгээр талууд гэрээг ...зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон боловч, гэрээний талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол зүйл буюу хүү тооцохоор гэрээнд тусгаагүй, энэ талаар харилцан тохиролцоогүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн, уг гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээний дагуу төлвөл зохих 25,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 14,000,000 төгрөг төлөөгүйг нэхэмжлэгч шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд, худалдан авагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч В.Ч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 14,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Жгаас шаардах эрхтэй.

Хариуцагч Ш.Ж нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийн төлбөрийг төлөхөөс татгалзсан боловч, талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд Худалдагч талд гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо хийж дуусгаагүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож худалдагч талд алданги төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцсэн тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу алданги шаардах эрхтэй байна.

Тийнхүү алдангийг шаардахдаа гэрээний дагуу төлбөр төлөх сүүлийн өдөр болох 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх 104 өдөрт, гүйцэтгээгүй үүрэг болох 14,000,000 төгрөгийн 0,5% буюу нэг хоногийн 70,000 төгрөгөөр тооцон 7,280,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаас 280,000 төгрөгийг хасч алдангид 7,000,000 төгрөг болгон нэхэмжлэлээ багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг мөн хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Ш.Жд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч В.Чын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Жгаас 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Чд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,350 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ш.Жгаас 262,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Чд олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА