Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Энхжаргал (томилолтоор), иргэний хариуцагч Л.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Д.Майдри нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00245 0327 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Н.О, 1984 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл зургаа, эхнэр, гурван хүүхэд, хадам эхийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.О  нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 52 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салаа, *** хүнсний дэлгүүрийн хойд талын замд “Kia Bongo Frontier” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч ...чиг өөрчлөх, ...зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, явган зорчигч Я.М дарагдан, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Н.О  нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 52 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салаа, *** хүнсний дэлгүүрийн хойд талын замд “Kia Bongo Frontier” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч ...чиг өөрчлөх, ...зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, явган зорчигч Я.М дарагдан, амь нас хохирсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээсээ бараагаа ачаад Зүүн салаа руу буулгахаар явж байсан. Тэгээд явж байтал *** дэлгүүрийн хойшоо зүүн гар тийшээ эргээд ортол тухайн гудамжны үзүүрт 2 хүн, мөн тэр дэлгүүрийн хойно нэг хүн бие засаж байсан. Гудамжны үзүүрт байсан 2 хүн согтуу байсан ба гуйвж яваад машины урд руу ороод ирэх вий гэж сэрэмжлээд толь руугаа хараад явж байтал цаана ганцаараа байсан хүн нь гүйгээд ирсэн. Би хашаанд тулаад зогсъё гээд хашаа руу тулгах гэтэл машин онхолдоод доор нь хүн дарагдчихсан. Би хаалгаа онгойлгож гараад тусламж хүсэхэд дэлгүүрээс нэг эгч гарч ирээд түргэн тусламж дуудаж өгсөн. Тэр хүнийг аврах гээд доторх бараагаа гаргасан. Цөмөрчихсөн амбаараар харахад тэр хүн амьсгаа хураачихсан байдалтай байсан. Ийм зүйл хийсэндээ үнэхээр гэмшиж байна. Би нэхэмжлэлийн хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан. Сүүлд өгсөн 5 сая төгрөгийг компаниасаа урьдчилж авсан байгаа..” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Ажил дээрээ байхад миний хамтран амьдрагч болох Н над руу залгаад талийгаачийг автын осолд орсон талаар хэлсэн. Би ажлаасаа гараад түгжирч явсаар байтал орой 4-5 цагийн үед очсон. Очиход тухайн зам дээр юу ч байгаагүй. Тэгэхээр нь тээврийн цагдаагийн газар очиход жолооч ирчихсэн байгаа, буяныхаа ажлыг хөөцөлд гэж хэлсэн. Оршуулгын хохирлыг шүүгдэгч өгсөн. Шүүхэд хандаж хэлэхэд шүүгдэгчийн хувьд нэгэнт буруугаа хүлээгээд гэмшиж байна, ар гэрийн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж,

Иргэний хариуцагч: “Энэ машин нь манай байгууллагад хамгийн удаж байгаа машин юм, бүрэн бүтэн байгаагүйг хүлээн зөвшөөрч байна..” гэж тус тус мэдүүлцгээв.

Дээрх мэдүүлгүүд болон улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 05 дугаар сарын 06, 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-13, 17-23 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М-ийн “... Талийгаач ахын үр хүүхдүүд, хамтран амьдрагч Н нар намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрсөн болохоор би оролцож байна..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал), иргэний хариуцагч Л.Н-ийн "...хохирлыг барагдуулах үүрэгтэйг ойлгож мэдсэн..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал), гэрч Ж.Ц-ийн "...машин унахдаа 1 согтуу хунийг дараад уначихсан.... гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-98 дахь тал), гэрч Г. О-ийн “жолооч нь уйлаад, орилоод машин доор нэг хүн орчихлоо, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Утас байна уу, дуудлага өгөөч гээд хэлэхээр нь би өгсөн... гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-101 дахь тал), гэрч Э.Б-ийн “... машин талийгаачийг хараад баруун дарахад баруун тийшээ машины бүхээг нь хүчтэй савлаад, буцаад зүүн тийшээ савлах үед талийгаачийг дарж унасан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1341 дугаартай цогцост үзлэг хийсэн: "...талийгаач Я.М-ын цогцост цээж хэвлийн дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлт, хоёр талын олон хавирганы дан ба давхар хугарал, хоёр уушгины ар гадаргуугийн няцралт, зовхи, уруулын салстад цэгчилсэн цус харвалт, баруун нүдний гадна булан, эрүү, баруун мөрөнд зулгаралт, баруун доод зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тээврийн хэрэгсэлд дарагдах, шахагдах үед нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Я.М нь цээж хэвлий дарагдсаны улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ..." гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 181-189  дахь тал), Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22/28 дугаартай, техникийн шинжээчийн "...жолооч Н.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", мөн дүрмийн 10.1-д заасан "Жолооч ...чиг өөрчлөх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэснийг тус тус зорчсон байх үндэслэлтэй..." гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 226-228  дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм. 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Я.М нь  цээж хэвлий дарагдсаны улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Н.О нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч ...чиг өөрчлөх, ...зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Н.О-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.О-ыгавто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Н.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 17,574,629 төгрөгийг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “миний ах нь 12 сард тэтгэвэртээ гарах хүн байсан. Гэм хорын хохирлыг компаниас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Н.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар шүүгдэгч Н.О-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 5,000,000 төгрөгийг *** ХХК-аас гаргуулахаар тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн олох байсан цалин орлого, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа болгоомжгүй үйлдлээр хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Уг ослын дараа хохирогчид туслах оролдлого хийсэн боловч хохирогч аль хэдийн амьсгал хураасан байсан. Мөн цагдаа, эмнэлэг дуудсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг дээрээ маргаагүй, төлбөрөө төлж барагдуулсан. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн Н.О нь бичиг үсэг мэдэхгүйн улмаас хуульд заасны дагуу заавал өмгөөлөгчтэй оролцох ёстой бөгөөд өмгөөлөгч миний бие өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа гэдгийг дурдъя. Н.О-ын зан харилцааны хувьд дутагдалгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, хорт зуршилгүй, гэр бүлээ тэжээхийн тулд, үр хүүхдүүдээ авч явахын тулд ганцаараа ажил хийдэг хүн. Иймд хэрэг болсон өдрийн нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч Б болон С ангилалтай, осол аваар гаргаж байгаагүй хариуцлагатай жолооч юм. Иймд жолоодох эрхийг 3 жилээр хасаж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 19 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 32-41 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн өөрийн нэр дээд үлд хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй боловч эрхэлсэн тодорхой ажилтай, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалд үнэлэв.

Шүүхээс шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Н.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж, түүний 495707 дугаартай B,С ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэв.

2.3      Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Н.О-т оногдуулсан гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.О-т сануулсугай.

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар шүүгдэгч Н.О-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 5,000,000 төгрөгийг иргэний хариуцагч хуулийн этгээд болох *** ХХК-д хариуцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн олох байсан цалин орлого, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шүүгдэгч Н.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B,С ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ                                          Б.БАТАА