Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/00358

 

 

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/00358

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 13б байрны 123 тоотод оршин суух, эмэгтэй, 46 настай, ОЮ72051502 регистртэй, Бурдаг овогт Ширнэнгийн Батчулуунд холбогдох,

Гэрээ цуцлан, 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, төрийг төлөөлж Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс иргэн Ш.Бтай эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг олгосон. Гэрээний эргэн төлөх хуваарь 2019 оны 6 дугаар сар хүртэл хугацаатай байсан ба, энэхүү зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцоогүй юм. Зээлдэгч гэрээний дагуу төлбөр төлж эхлэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул гэрээний 2.7-д заасны дагуу гэрээг цуцалж, хариуцагч Ш.Баас эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч Ш.Быг төлбөр төлөхийг шаардахаар удаа дараа холбогдоход утсаа авдаггүй, ажлаа тайлагнадаггүй. Гэрээний хугацааг дуустал төлбөрөө төлөхөөр эвлэрэх санал гаргасан байсан боловч өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй учраас эвлэрэх боломжгүй, шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүсч байгаа гэв.

Хариуцагч Ш.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Ширнэн овогтой Батчулуун миний бие Баянгол дүүргийн нийгмийн халамжийн хэлтсээс авсан 3,000,000 төгрөгөө төлж дуусгана. Тэгэхдээ зээл авсан хугацаандаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны дотор төлж дуусгана. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Г.Ганхөлөг гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг би өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзээд төрийг төлөөлөн оролцож байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь иргэн Ш.Бтай эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан байна. Дээрх гэрээндээ эргэн төлөгдөх нөхцлөө заан өгч, гэрээ байгуулсан талууд нь хүсэл зоригоо илэхийлж, хариуцагч Ш.Б гарын үсгээ зурсан байна. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь иргэн Ш.Бы бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараар батлагдаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, гэрээг цуцлан, иргэн Ш.Баас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /цаашид БГДХХҮХ гэх/ нь хариуцагч Ш.Бд холбогдуулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ш.Б 3,000,000 төгрөгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөх боловч, гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүйгээр талуудын тохиролцсон хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна.

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр №26 тоот Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч БГДХХҮХ нь зээлдэгч Ш.Бд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хүү, алданги тооцохгүйгээр шилжүүлэх, зээлдэгч нь тийнхүү шилжүүлэн авсан мөнгийг 24 сарын дотор буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний 1 дүгээр хавсралтад тусгасан Эргэн төлөлт хийх хуваарь-ийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн байна. /хх 4, 5/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдүүлэгч нь 3,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгч, тэдний хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд, хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөрөөс огт төлбөр төлөөгүй болохоо хариуцагч Ш.Б хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлвөл зохих 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч Ш.Б дээрх төлбөрийг гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулах тухай тайлбар гаргаснаар нэхэмжлэгчийн шаардсан 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боловч маргаан бүхий гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын байгуулсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болон удаа дараагийн зөвлөгөө шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж зээлдүүлэгч талын эрх, үүргийг тодорхойлон заажээ.

Нэхэмжлэгч БГДХХҮХ нь хариуцагч Ш.Быг гэрээний эргэн төлөгдөх хуваарьт заасны дагуу төлбөр төлж эхлэх 2017 оны 10 дугаар сараас хойш 15 сарын турш огт төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалан цаашид үр дүн гарахгүй хэмээн үзэж, гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлэн маргаан бүхий дээрх гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүх БГДХХҮХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 133,150 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Ш.Баас 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 133,150 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/ оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА