| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2019/00268/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2019-04-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 377
| 2019 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2019/00377 | Төв аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум, Билүүт 5 дугаар багт оршин суух Бэйс овгийн Дондогдоржийн Түвшинтөгс /ВЗ82012337/
Хариуцагч: Төв аймаг, Угтаалцайдам сум, 2 дугаар баг, Асгат ууш 5 гудамж, 213 тоотод оршин суух Бэсүд овгийн Лхагважавын Уранхайч /НТ87060703/
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Түвшинтөгс, хариуцагч Л.Уранхайч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Л.Уранхайчтай гэр бүлээ батлуулж, 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Т.Энх-Эрдэнэ, 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Т.Эрдэнэболд нар төрсөн. Эхний жилүүдэд сайхан амьдарч байсан боловч 2013 оноос ажил төрлийн шаардлагаар тусдаа амьдрах болсноос хойш харьцаа хөндийрч, хамт амьдрах боломжгүй болсон. Миний хоёр хүүхэд одоо ээж Д.Загарзүсэмийнд амьдраад 3 жил болж байна, бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, би өөр хүнтэй амьдарч дундаасаа хүүхэдтэй болсон, тусдаа амьдраад удсан байдлыг харгалзан үзэж, бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээнэ үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Д.Түвшинтөгстэй гэр бүлээ батлуулж, хоёр хүүхэдтэй болсон, 2013 оноос хойш зан авир таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байна. Хоёр хүүхдээ 16 нас хүртэл нь Д.Түвшинтөгсийн асрамжид үлдээж, сургуулийн амралт бүрээр өөр дээрээ авч байх хүсэлтэй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, тусдаа амьдраад удаж байгаа тул эвлэрүүлэн зуучлалаар оруулалгүйгээр гэр бүл цуцалж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс хариуцагч Л.Уранхайчид холбогдуулан гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2008 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Т.Энх-Эрдэнэ, 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Т.Эрдэнэболд нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Хариуцагч Л.Уранхайч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхэд эцэгтээ илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж хүү Т.Энх-Эрдэнэ, хүү Т.Эрдэнэболд нарыг эцэг Д.Түвшинтөгсийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч Д.Түвшинтөгс, хариуцагч Л.Уранхайч нар хүүхдүүдийн өмнө адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх үндэслэлтэй болно.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бэйс овогт Дондогдоржийн Түвшинтөгс, Бэсүд овогт Лхагважавын Уранхайч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.Энх-Эрдэнэ, 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.Эрдэнэболд нарыг эцэг Д.Түвшинтөгсийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг Д.Түвшинтөгс, эх Л.Уранхайч нарт үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Уранхайчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Түвшинтөгсөд олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР