Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2019/00385

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3 дугаар баг, Баянсуудал 2-4 тоотод оршин суух Боржигон овогт Гүрбазарын Энхжаргал /НЮ82020768/

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт жаргалан 10 байр в тоотод оршин суух Боржгон овогт Дашзэвэгийн Цагаандолгор /НС77121279/

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхжаргал, хариуцагч Д.Цагаандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Цагаандолгортой цуг ажиллаж байгаад 2004 оноос үерхэж улмаар 2004 оны 09 дүгээр сарын 26-нд хүү Ц.Цагаанжаргалыг төрүүлсэн. Гэр бүлээ 2007 онд батлуулсан боловч үзэл бодол таарахаа больж 2008 оноос тусдаа амьдарч, хүүгээ би өөрөө авсан. Одоог болтол хүү минь миний асрамжинд байдаг. 2008 онд салах өргөдлөө шүүхэд гаргасан боловч эвлэрэх эрх үүсгэн хойшлуулсан. Түүнээс хойш салаад 11 жил болж бид тусдаа амьдралтай болсон. Д.Цагаандолгор нь архи уудаг, гадуур хонодог байсан, тэгээд салсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ц.Цагаанжаргалыг миний асрамжинд үлдээж, тэтгэлэгийг хуулийн дагуу эцэг Д.Цагаандолгороос гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Д.Цагаандолгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2008 оноос хойш тусдаа амьдарч байна. Г.Энхжаргал нь өөр хүнтэй суучихсан юм чинь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө, асрамжийн талаар маргахгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Энхжаргал хариуцагч Д.Цагаандолгорт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн тухай:

Гэрлэгчид 2004 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /хх-6/ бүртгүүлжээ.  

Зохигчид 2008 оноос хойш 11 жил тусдаа амьдарсан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, гэрлэлт цуцлуулах талаар хоорондоо тохиролцсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Г.Энхжаргал, Д.Цагаандолгор нарын гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар цуцалж шийдвэрлэлээ. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно.

 

            Хоёр: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн тухай:

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2004 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ц.Цагаанжаргал төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хх-5/ тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу эцэг Д.Цагаандолгороор хүү Ц.Цагаанжаргалыг хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулах бөгөөд 2019 оны байдлаар Сэлэнгэ аймагт амьжиргааны доод түвшин 187 100 төгрөг байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хүү Ц.Цагаанжаргал 15 нас хүрсэн тул хариуцагч Д.Цагаандолгороос хүүхдийг 11-16 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн 100 хувь буюу сар бүр 187 100 төгрөг гаргуулан хүүхдийн  тэтгэлэгт өгөх үндэстэй болно.

 

Хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхэд төрсөн цагаас эхийн асрамжид байсан, эхдээ илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Ц.Цагаанжаргалыг эх Г.Энхжаргалын асрамжид үлдээх үндэстэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цагаандолгороос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 2 245 200 төгрөгт / 187 100 х 12 сар = 2 245 200/ ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 873 төгрөг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Гүрбазарын Энхжаргал, Боржгон овогт Дашзэвэгийн Цагаандолгор нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.Цагаанжаргалыг эх Г.Энхжаргалын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Ц.Цагаанжаргалыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Цагаандолгороор тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Цагаандолгороос 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 2 245 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 873 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100140000957 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Д.Цагаандолгор сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХТӨР