Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

 

 

 

 

 

   2022         04           04                                       2022/ШЦТ/251

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000286 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ***  дугаар сарын ***-ний өдөр ***аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн “Газар төлөвлөлт”-ийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл-1, ганцаараа *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

*** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, 120 мянгатын “Бродвэй” ресторанд барменаар ажиллаж байхдаа иргэн ***аас 255.000 төгрөгийн төлбөрийг авахдаа түүний *** тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2.550.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэх байдлаар хулгайлан авч бусдад 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***оос: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.

Хоёр: Эрүүгийн 2210000000286 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл (хавтас хэргийн 4 дэх тал), Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ***ын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уулын “Бродвэй” ресторанд найзуудын хамт суугаад орой гарсан. Гарахдаа би тооцоо хийх гээд өөрийн утасны интернэт банкаар тооцоо хийх болоод утсаар тэр рестораны хүлээн авагч болон *** гээд залууд утсаа өгөөд дансны дугаар тооцооны дүнгээ бичээд өгчих гээд өгсөн. Тэр залуу болсон ахаа мөнгө шилжсэн гэхээр нь би утсаа аваад гараад явсан. Тэрнээс хойш 4 хоногийн дараа интернэт банк руугаа ороод харахад 2.550.000 төгрөг гарсан байхаар нь гайхаад лавлахаас асуухад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед *** гээд хүний данс руу орсон байна гэсэн хуулга авч харахад тохирч байсан. Тэгээд би маргааш нь Хан-Уулын “Бродвэй” ресторанд *** гэдэг хүлээн авагч залуутай уулзахад төлбөрийн мөнгө нэхэгдээд байхаар нь авсан, би сургалтын төлбөртөө хийсэн, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цалин буухаар өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байна. Би Худалдаа хөгжлийн банкны *** гэсэн данс ашигладаг. Миний дансны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулганд Хаан банкны *** *** гэсэн данс руу 2.550.000 төгрөг орсон байна. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12-13 дахь тал),

- хохирогчоор дахин 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын мөнгө 2.295.000 төгрөг хүлээн авсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 15 дахь тал),

 

3. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, “Бродвэй” ресторанд барменаар ажиллаж байсан. Ажиллаж байхад 18 цагийн үед гурван ах орж ирж үйлчлүүлж байгаад 2 найз нь түрүүлээд гараад явсны дараа нэг ах нь ганцаараа үлдээд уух юм аа дуусгаад хэсэг байж байгаад гарахдаа тооцоо хийхээр ирсэн. Би бармен хийдэг учраас тооцоо авдаггүй, менежер байхгүй үед хүмүүс ирэхээр нь тооцоог хааяа нэг аваад өгдөг байсан. Тухайн үед менежер хаана байгаа нь мэдэгдэхгүй, нөгөө ах тооцоо нь программ дээр харагддаг учраас картаа өгөөрэй гэхэд карт байхгүй гэхээр нь интернэт банкаараа Q pay ашиглаад төлчих 250.000 төгрөгийн тооцоо гарсан байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө ах миний Q pay болохгүй байна гэхээр нь манайх бэлэн мөнгө болон карт уншиж тооцоо авна гэхэд надад бэлэн мөнгө, карт Qpay байхгүй учраас яаж тооцоогоо хий вэ гэж бухимдахаар нь “за тэгвэл та миний данс руу хийчих би картаа уншуулъя гэж хэлэхэд зөвшөөрөөд интернэт банк руу чадахгүй байна гэж хэсэг хугацаа өнгөрч байгаад ямар данс руу хийх үү гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5034895224 тоот дансны дугаарыг өгөхөд тэр ах шилжүүлчихлээ гэсэн. Тэр үед миний дансанд мөнгө байгаагүй, гар утасны цэнэг дууссан байхаар нь картаа уншуулаад болчихоор нь мөнгө нь орсон байна гэж бодсон. ...Маргааш нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр такси бариад мөнгө шилжүүлэхдээ илүү мөнгө шилжин орсныг мэдсэн. ...Мэдсэнийхээ дараа 2 хоног дансандаа байлгаж байгаад, нөгөө тооцоо хийсэн ах мэдэхгүй юм байна даа гэж бодоод мөнгийг зээлээ төлөхөд зарцуулсан. ...нөгөө ах ирж уулзаад илүү мөнгө орсон байна, мөнгөө авъя гэхээр нь хоёр хоног хүлээж байгаад үрээд өөртөө зарцуулсан гэж хэлэхэд чи ямар ч байсан ойрын хугацаанд олж өгөөрэй гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 27-28 дэх тал),

 

            4. Шүүгдэгч ***ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтас хэргийн 30-37), хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  (хавтас хэргийн 47-48), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч *** хүсэлт (хавтас хэргийн 52), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтас хэргийн 53-57), прокурорын ялын санал (хавтас хэргийн 55-56),

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтас хэргийн 40 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 44 дэх тал) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтас хэргийн 45 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтас хэргийн 46 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь гэм хорыг арилгасан хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

   Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах 120 мянгатын “Бродвэй” ресторанд барменаар ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн ***аас үйлчлүүлсэн төлбөрт  255.000 төгрөгийн төлбөрийг авахдаа түүний Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг *** тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2.295.000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг 5034895224 тоот данс руу шилжүүлэх байдлаар хулгайлан авч бусдад 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл (хавтас хэргийн 4 дэх тал), Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ***ын гаргасан өргөдөл (хавтас хэргийн 5 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гээд залууд утсаа өгөөд дансны дугаар тооцооны дүнгээ бичээд өгчих гээд өгсөн. Тэр залуу болсон ахаа мөнгө шилжсэн гэхээр нь би утсаа аваад гарсан. 4 хоногийн дараа интернэт банк руугаа ороход 2.550.000 төгрөг гарсан байхаар нь ...лавлахаас асуухад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед *** гээд хүний данс руу орсон байна гэсэн. ...Бродвэй ресторанд *** гээд хүлээн авагч залуутай уулзахад төлбөрийн мөнгө нэхэгдээд байхаар нь авсан би сургалтын төлбөртөө хийсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12-13 дахь тал),

-яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийнхөө Хаан банкны 5034895224 тоот дансны дугаарыг өгөхөд тэр ах шилжүүлчихлээ гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...илүү мөнгө шилжин орсныг мэдсэн. ...нөгөө тооцоо хийсэн ах мэдэхгүй юм байна даа гэж бодоод мөнгийг зээлээ төлөхөд зарцуулсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 27-28 дэх тал) болон түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, бусад баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь “Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгох”-ыг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч интернэт банк ашиглан төлбөрийн тооцоо хийхээр барменээр ажиллаж байсан ***од гар утсаа шилжүүлэн өгөхөд шүүгдэгч *** энэ байдлыг ашиглан өөрийн данс руу тухайн гарсан төлбөр, тооцооноос илүү мөнгийг өөрт шилжүүлэн авч хохирогчийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байх бөгөөд энэхүү өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *** үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч ***ын гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагыг хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нь хохирогчийн мөнгөн хохирлыг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 47-48 дахь тал), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ***од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохиролцсон бөгөөд тохиролцсон ялын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно” гэсэн  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс прокурортой тохиролцсон ялыг зөвшөөрч байгаа, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж тайлбарласан.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг төлсөн” -ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч ***од ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч *** нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруу, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

   Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүгдэгч ***ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.

              3. Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

              5. Шүүгдэгч ***од хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

              6. Шүүгдэгч ***од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН