| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/00290/И |
| Дугаар | 155/ШШ2019/00290 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2019/00290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Төрийн банкны Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, З.Б-д холбогдох
Зээлийн өр 7.005.777,72 төгрөг, хүүгийн төлбөр 1.147.677,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.841,44 төгрөг, нийт 8.169.297,08 /найман сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2018/01599/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч З.Бн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирал С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б нар нь Төрийн банкны Хөвсгөл салбарын харъяа Тосонцэнгэл тооцооны төвийн Төрийн банкнаас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 201100152015 тоот зээлийн гэрээ байгуулан хамтран зээлдэгчийн үүрэг хүлээж 7.568.256,78 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан болно. Зээлдэгч М.Н нь 2017 оны 10 дугаар сард нас барсан. З.Б нь зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлэхгүй 263 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 7.005.777,72 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1.147.677,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 15.841,44 төгрөг, нийт 8.169.297,08 төгрөгийг З.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 11-05 тоотод оршин суух, Төрийн банкны Хөвсгөл салбарын Тосонцэнгэл тооцооны төвийн захирал ажилтай, Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н нь Төрийн банкны Хөвсгөл салбарын харъяа Тосонцэнгэл тооцооны төвийн Төрийн банкнаас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 201100152015 тоот зээлийн гэрээ байгуулан 7.568.256,78 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан бөгөөд хамтран зээлдэгчээр З.Б, М.У нар оролцсон байгаа. Зээлдэгч М.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нас барсан боловч хамтран зээлдэгч З.Б гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул банкны санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, түүнээс зээлийн үндсэн төлбөр 7.005.777 төгрөг, хүү 1.147.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.841 төгрөг, нийт дүн 8.169.297 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг дэмжиж байна. Би саяхан ажлаа хүлээж авсан болохоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэд хоногоор яаж тооцсон талаар мэдэхгүй байна. З.Бат-Эрдэнэ нь өмнөх зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгч байсан, бас талийгаач М.Н-н гэр бүлийнх нь хүн болохоор хариуцагчаар татсан. Харин нэмэлтээр 700.000 төгрөгийн зээл авахад М.У нэмэгдэж гарын үсэг зурсан байна. Зээлдэгч талийгаач М.Н сүүлийн зээлийн гэрээг байгуулахдаа З.Б-н гарын үсгийг дуурайлган зурсан байгаа нь тогтоогдсон. Гэвч шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээн дээр зурсан гарын үсэг З.Б биш гэж тогтоогдсон ч анх хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болохоор 8.169.297 төгрөгийг З.Б-с гаргуулахаар нэхэмжилж байгаа. Үндсэн зээлээс 500.000 гаруй төгрөг төлсөн байсан гэв.
Хариуцагч З.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хэзээ ч банкнаас зээл авч байгаагүй. Ажил төрөл хийдэггүй учир надад ямар ч банк зээл өгдөггүй. Юун 8.169.297 төгрөг төлөх вэ. Би М.Н хамтран амьдарч байсан нь үнэн. Гэхдээ М.Н нь зээл авсан талаар огт мэдэхгүй. Би Төрийн банк дээр очиж хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж зээл авч байгаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг огт зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд өгч, мөн зээлийн гэрээнд зурагдсан гарын минийх биш тул шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Үүний дагуу дүгнэлт гаргуулахад З.Б-ний гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Төрийн банкны 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 201100152015 дугаар барьцаат зээлийн гэрээг зээлдэгч М.Н, хамтран зээлдэгч З.Б, М.У нар оролцсноор байгуулсан байна. Гэвч энэ гэрээнд З.Б ямар ч хамааралгүй, уг зээлийн гэрээний оролцогч биш, хамтран зээлдэгчийн үүрэг хүлээгээгүй этгээд юм. Цалин барьцаалсан зээл тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой учир зээлдэгч М.Н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан тул энэ өдөр зээлийн гэрээ дуусгавар болж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой. Нэмэлтээр зурагт, DDISH-ийн иж бүрэн хэрэгсэл бүхий 680.000 төгрөгийн эд зүйлийг барьцаалсан боловч 500.000 гаруй төгрөг төлсөн тул уг барьцаанд байгаа хөрөнгийн үнийг төлсөн байна. Төрийн банк болон З.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй учраас зээлтэй холбоотой зээлийн гэрээний үүргийн шаардлагыг түүнээс нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч З.Б холбогдуулан зээлийн өр 7.005.777,72 төгрөг, хүүгийн төлбөр 1.147.677,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.841,44 төгрөг, нийт 8.169.297,08 /найман сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь М.Н-тэй хамтран амьдарч байсан нь үнэн. Гэхдээ зээл авсан талаар огт мэдэхгүй, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж зээл авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь З.Б хамтран зээлдэгч мөн бөгөөд М.Н-ийн гэр бүлийн хүн тул түүнээс зээлийн төлбөрийг гаргуулж авна гэж маргаж байна.
Төрийн банкны Хөвсгөл салбар, зээлдэгч М.Н, хамтран зээлдэгч З.Б, М.У нар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 6.868.256,78 /зургаан сая найман зуун жаран найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 700.000 /долоон зуун мянга/ төгрөг авахаар нийт 7.568.256,78 /долоон сая таван зуун жаран найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй барьцаат зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь 201100152015 дугаар барьцаат зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэргээр тогтоогдлоо.
Банк болон зээлдэгчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 3.2.4-т “Монгол улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах” гэж заасан байх ба энэ тохиолдолд хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэг адил зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэг хүлээхээр тохиролцсон байна.
Гэвч зээлдэгч М.Н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд түүний банкинд төлөх ёстой зээлийн өр 7.005.777,72 төгрөг, хүүгийн төлбөр 1.147.677,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.841,44 төгрөг, нийт 8.169.297,08 /найман сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг хамтран зээлдэгч З.Б төлөх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 201100152015 дугаар барьцаат зээлийн гэрээнд З.Б гарын үсэг зураагүй болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “...1. Төрийн банкны Хөвсгөл салбарын Тосонцэнгэл тооцооны төв болон М.Н, З.Б, М.У нарын хооронд хийгдсэн гэх 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 201100152015 дугаартай барьцаат зээлийн гэрээнд зурсан гарын үсэг, бичиглэл нь З.Б-ний бичсэн гэх гарын үсэг болон гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна” гэх бичилттэй 57 дугаар шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Төрийн банкны Хөвсгөл салбар, М.Н нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд З.Б хамтран зээлдэгчээр оролцоогүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...З.Б нь өмнөх зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгч байсан, бас талийгаач М.Н-ийн гэр бүлийнх нь хүн болохоор хариуцагчаар татсан... Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээн дээр зурсан гарын үсэг З.Б-нх биш гэж тогтоогдсон ч анх хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болохоор 8.169.297 төгрөгийг З.Б-ээс гаргуулахаар нэхэмжилж байгаа...” гэх тайлбар гаргаж байгаа боловч тэрээр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, тэрээр нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тодорхой, ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байгаа болно.
Иймд З.Б-ээс зээлийн өр 7.005.777,72 төгрөг, хүүгийн төлбөр 1.147.677,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.841,44 төгрөг, нийт 8.169.297,08 /найман сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.658,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч З.Б-д холбогдох зээлийн өр 7.005.777,72 төгрөг, хүүгийн төлбөр 1.147.677,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.841,44 төгрөг, нийт 8.169.297,08 /найман сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.658,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА