Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Ундрах (томилолтоор), шүүгдэгч/хохирогч Т.Ж, Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1122 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *** овгийн Т.Ж , 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2.Монгол Улсын иргэн, *** овгийн Т.Э, 1980 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Ж, Т.Э нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт байрлах хашааны гадна хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Т.Ж , *** овгийн Т.Э  нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2022 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт байрлах хашааны гадна хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож шүүгдэгч Т.Ж нь хохирогч Т.Э-ын бие махбодод “зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвууны ядам хуруу, зүүн гуянд хазагдсан шарх баруун чамархайн хуйх, зүүн сарвууны алга, дунд хуруунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Т.Э нь хохирогч Т.Ж-н бие махбодод “дух, зүүн хөмсөг, хоёр хацар, хамар, хүзүү, зүүн бугалга, шуу, хоёр тохой, зүүн сарвууны 3-5 дугаар хуруу, хоёр өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн дал, баруун гуянд цус хуралт, завжинд язрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн  гэмтэл тус бүр санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Т.Э-ын “ … Тухайн өдөр *** дэлгүүрийн эзэн М, эхнэр У нартай юм ярьж сууж байгаад дэлгүүрээ хаах гээд М-ын хамт өөрийн *** дэлгүүр лүү орсон. Тэгээд манай дэлгүүрт байсан 0.75 граммын Тундра нэртэй архийг хувааж уусан. Т.Ж 01 цаг өнгөрч байхад 1 шил  вино бариад орж ирсэн. 02 цаг өнгөрч байхад М, Т.Ж, У нар манай дэлгүүрээс гараад явсан. 30 орчим минутын дараа Т.Ж манай дэлгүүрийн хаалгыг нүдэлж эхэлсэн. Тэгээд дэлгүүрийн үнэ болон хоорондын өрсөлдөөний талаар маргаан үүсгэж, над руу салаавч гаргаж улмаар намайг 1 удаа зүүн нүд рүү цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал), хохирогч Т.Ж-н “... 2022 оны 05 дугаар сарын 14-ний орой би өөрийн дэлгүүрээ хаачхаад байж байтал *** дэлгүүрийг ажиллуулдаг Т.Э  гэх залуу дуудсан. Тэгээд бид нар нийлээд 2 шил Тундра нэртэй архи уусан. Нэг мэдэхэд дэлгүүрийн цаана байрлах гуанзны буланд Т.Э-д зодуулж байсан. М биднийг салгаж байсан...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), гэрч Н.М-ын “...Т.Э  орж ирээд ганц нэг пиво ууя гээд бид хоёр манай дэлгүүр лүү орж сууж байгаад Т.Ж-г дуудсан...Т.Ж  босож ирээд Т.Э-той муудалцаж байгаад гадаа зодолдсон. Би тэр хоёрын дундуур орж салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч А.Ш-ын "..Т.Э  ахад Т.Ж  ах 2 удаа цохиулсан. Гуанзны урд талын буланд Т.Ж  ах Т.Э  ахыг нэг удаа цохиж хариуд нь Т.Э  Т.Ж-г жийж унагаасан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7216 дугаартай " ... Т.Ж-н биед дух, зүүн хөмсөг, хоёр хацар, хамар, хүзүү, зүүн бугалга, шуу, хоёр тохой, зүүн сарвууны 3-5 дугаар хуруу, хоёр өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн дал, баруун гуянд цус хуралт, завжинд язрал гэмтэл тогтоогдлоо. 2-3 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7208 дугаартай: “... Т.Э-ын биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвууны ядам хуруу, зүүн гуянд хазагдсан шарх, баруун чамархайн хуйх, зүүн сарвууны алга, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь хохирогчийн хувиар: “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэцгээв.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Ж, Т.Э нар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй ...” гэж (хавтаст хэргийн 42, 54 дэх тал) мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэцгээв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Э, Т.Ж нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрсдийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7208  дугаар дүгнэлтээр хохирогч Т.Э-ын биед,  2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7216 дугаар дүгнэлтээр хохирогч Т.Ж-н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Э , Т.Ж нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Т.Э Т.Ж нарын харилцан зодолдсон үйлдэл болон тэдний биед учирсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд ахуйн хүрээнд архидан согтуурсан, харилцан бие биеэ хүндлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга ухаан дутсан, уур бухимдлаа тогтоон барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Э , Т.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хувьд Т.Э , Т.Ж нар нь харилцан бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул тэднийг шүүгдэгчийн хувиар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Э , Т.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч нар: “хэлэх саналгүй” гэцгээв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Э , Т.Ж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 84-86 дахь тал), иргэний үнэмлэхийн мэдээлэл (хавтаст хэргийн 83 дахь тал), эд хөрөнгийн мэдээлэл (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э-ын хувийн байдлыг,

-шүүгдэгч Т.Ж-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), зээлийн мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 63-65 дахь тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 88-90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж-н хувийн байдлыг тус тус тогтоов.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж, Т.Э нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.          

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Т.Ж , *** овгийн Т.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж, Т.Э нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Ж ,  Т.Э нарт оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Ж ,  Т.Э нарт сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж ,  Т.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА