Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00646

 

     2019 оны 03 сарын 19 өдөр

              Дугаар 183/ШШ2019/00646

                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А-т холбогдох,

         

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 141.808.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: .................. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК нь А-тай 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ..........дүгээр “Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох манай компани нь .......... тоот хаягтай, 2 давхар, 201 м.кв талбайтай орон сууцыг гаражийн хамт барьж хүлээлгэж өгсөн. А- нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэр бүлийн хамт тус орон сууцанд амьдарч байгаа. Гэвч гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй биднийг хохироож байна. Иймд орон сууцны үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч А-ын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бид түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу А- нь 201 м.кв талбайтай байрны үнэд 462.300.000 төгрөг, гаражийн үнэд 30.000.000 төгрөг, нийт 492.300.000 төгрөг төлөхөөс 150.000.000 төгрөгийг төлөөд үлдсэн 342.300.000 төгрөгийг бартераар төлье гэж тохирсон байдаг. Одоо А- нь 141.808.000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А- нь “С” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ..........дугаар “Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч тал .......... тоот хаягтай, 2 давхар 201 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэх, А- нь 150.000.000 төгрөгийг урьдчилж бэлнээр төлөх, үлдэгдэл 342.300.000 төгрөгийн төлбөрийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. “С” ХХК болон А- нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр анх тооцооны үлдэгдлийн баталгааг гаргасан байдаг. Энэ баталгааг 210.270.042 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь хавтаст хэрэгт байгаа баримтаар авагдсан. Гэрээний 1.1-д зааснаар урьдчилгаа төлбөрийг төлснөөр тухайн орон сууцыг өмчлөлдөө оруулах эрхийг эдлэх бөгөөд захиалга гүйцэтгэгч тал нь тухайн байрыг бусдад зарах, захиалга давхардуулахгүй хадгалахтай холбоотой харилцааг зохицуулна гэсэн байдаг. Орон сууцыг өмчлөлдөө оруулах эрхийг захиалагч тал урьдчилгаагаа төлсөн бол өмчлөх эрхтэй байсан. Тэгэхэд А-ын зүгээс энэ эрхээ эдлэх гэж өмнө нь хандаж байсан боловч боломжгүй, танайх төлбөрөө төл гэж байсан. Мөн тус  гэрээний 2.1-д урьдчилгаа төлбөр болох 150.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 342.300.000 төгрөгийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. А-ын зүгээс бартераар төлөхөд татгалзах зүйл байхгүй. А- бартераар төлье гэхэд “С” ХХК хүлээж авдаггүй. Гэтэл төлбөрийг бэлнээр нэхээд байгаа нь үндэслэлгүй, гэрээний дагуу төлбөрийг бартераар төлөх ёстой байсан. Мөн 40.000.000 төгрөгт автомашиныг “С” ХХК-д өгсөн гэдгийг гэрчийн мэдүүлгээр нотлох байсан. “*******” ББСБ-аас ******* үндсэн зээлдэгчээр ороод хүү болон үндсэн зээлийг А- төлснийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй. Хавтас хэргийн хүрээнд уг зээлд 75.835.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэхдээ А-ын зүгээс 78 сая гаруй төгрөгийг төлсөн гэж өөрөө хэлдэг. Эдгээр төлбөрийг 210.270.042 төгрөгөөс хасах ёстой байсан, гэтэл хасаагүй байгаа юм. “С” ХХК-иас үлдэгдэл төлбөрийг бэлнээр төл гэж байгаа нь үндэслэлгүй, анхнаасаа бартераар төлнө гэж тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А-т холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 141.808.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            А-, “С” ХХК-ийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ..........дүгээр “Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-ээр “С” ХХК нь ................д байрлах, амралтын орон сууцны зориулалттай 201 м.кв талбайтай байрыг гаражийн хамт барьж, 2014 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөх, А- нь нэг м.кв-ын үнийг 2.300.000 төгрөгөөр тооцож, байрны үнэд 462.300.000 төгрөг, гаражийн үнэд 30.000.000 төгрөг, нийт 492.300.000 төгрөгийн 150.000.000 төгрөгийг төлж, үлдэх 342.300.000 төгрөгийг бартераар төлөх, урьдчилгаа төлбөр төлснөөр өмчлөлдөө шилжүүлэх эрх эдлэхээр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.

 

            Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “С” ХХК нь .......... тоот хаягт байрлалтай, 201 м.кв талбайтай 2 давхар зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаражийн хамт барьж, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А-ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн, захиалагч А- нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 210.270.042 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан төлбөрийн тооцооны үлдэгдэл болох 210.270.042 төгрөгөөс “................ ББСБ болон Х, А- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ......... дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний дагуу олгогдсон 55.000.000 төгрөгийг” хасаж тооцох талаар зохигчид маргаагүй, мөн нэхэмжлэгч “С” ХХК нь “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлэхэд бодогдсон алдангид 11.826.841 төгрөгийг” хасаж тооцон, нэхэмжлэлийн шаардлагаа багасган 141.808.000 төгрөг болгосныг хариуцагч А-аас гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцэхээр байна.

 

Хариуцагч талын “...тооцоо нийлсэн 210.270.042 төгрөгөөс ................ ББСБ болон Х, А- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ......... дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 72.000.000 төгрөгийг хасаж тооцно гэж талууд амаар тохиролцсон, мөн А-ын эцгийн автомашиныг 40.000.000 төгрөгт тооцон авсан” гэсэн хариу тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

 

Түүнчлэн, хариуцагчийн “...гэрээний 1.1-д захиалагч нь урьдчилгаа төлбөрийг төлснөөр тухайн орон сууцыг өмчлөлдөө оруулах эрх эдлэнэ гэж заасны дагуу “С” ХХК-иас өмчлөлд шилжүүлээгүй, гэрээний 2.1-д төлбөрийг бартераар төлнө” гэж заасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Талуудын хороонд байгуулагдсан гэрээний 3.5-д “захиалагч талаас байрны төлбөрийг 100 хувь төлөгдөх хүртэл байрны хууль ёсны өмчлөгч нь С ХХК байна” гэж заасан байх бөгөөд мөн гэрээнд “...төлбөрт юуг харилцан тооцох талаар заагаагүй” болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А-аас 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ..........дүгээр “Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 143.443.201 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч А-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 141.808.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 867.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-аас улсын тэмдэгтийн хураамжид 866.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д  олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД