Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1244 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***овгийн Б.Э , 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: *** урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 198 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Таван шарын автобусны буудал дээр байрлах зайрмагийн ТҮЦ-нд худалдагч хийж байсан иргэн Б.Т-ийн эзэмшлийн айфоне экс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ***овгийн Б.Э  нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Таван шарын автобусны буудал дээр байрлах зайрмагийн ТҮЦ-нд худалдагч хийж байсан хохирогч Б.Т-ийн эзэмшлийн “iPhone X” маркийн rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал), хохирогч Б.Т-ийн : “...Би зуны амралтаараа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын автобусны буудалд шар өнгийн зайрмагийн ТҮЦ-д 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа юм. 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 55 минутад нэг үл таних залуу зайрмаг авах гэхээр нь би утсаа ар талд байх хөргөгч дээр тавьчхаад зайрмаг авах гэж байсан хүнд зайрмагаа өгчхөөд эргээд хартал миний утас байхгүй байсан. Тэгээд би хажуу талын ТҮЦ-ээс камер шүүж үзтэл саарал өнгийн футболктой хар өнгийн өмдтэй хүн миний утсыг аваад халаасандаа хийгээд явж байгаа нь харагдсан. Миний алдсан гар утас нь iphone X маркийн хар өнгөтэй, өнгөгүй резин гэртэй, шилэн наалтгүй, 1 сим ордог гар утас байсан. Би алдсан гар утсаа л олж авмаар байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), гэрч Т.Л-ын: “...Би 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.Э  гэх найзтайгаа гэртээ жорлон барьж байсан юм. Тэгээд өдөр цемент авах шаардлагатай болоод Б.Э  дүү рүүгээ холбогдож бид хоёрыг манай гэрээс авч Эмээлт явахаар болсон. Б.Э-ын дүү нь мөнгөлөг өнгөтэй Пробокс загварын автомашинтай бид хоёрыг ирж авсан. Манай гэрээс Эмээлт рүү явж байх замдаа 5-н шарын автобусны буудал дээр Эмээлт явах хүн авъя гэж хэлээд түр зогссон. Б.Э  машинаас түрүүлж буугаад Эмээлт явах хүн хайж автобусны буудал дээр орилсон. Би болохоор машины урд талд сууж байсан бөгөөд Б.Э  автобусны буудал дээр орилж байгаад машин дээр буцаж ирээд Эмээлт явах хүн хамтдаа ольё гэж хэлсэн. Би машинаас буугаад Б.Э  цаана Эмээлт явах хүн хайгаад орилж байх хугацаанд ТҮЦ-ээс Улаан шонхор нэртэй тамхи авчхаад буцаж автомашиндаа суусан юм. Тэгсэн Б.Э  удалгүй ирээд шууд Эмээлт рүү хөдөлсөн. Эмээлтээс 6 ширхэг цемент авчхаад буцаж манай гэрт ирсэн бөгөөд Б.Э-ын дүү нь гэх эмэгтэй бид хоёрыг манай гэрт буулгачхаад явсан. Тэгсэн Б.Э  манайд юм янзалж байгаад надад нэг гар утас байгаа хамтдаа яваад зарчихъя гэж хэлсэн. Бид хоёр Хархорин зах ороод Б.Э-ын зарах гэж байсан гар утсыг зарах гэж гар утасны ченж нарт үзүүлэхэд авахгүй байсан. Тэгсэн 50 орчим насны эмэгтэй гар утас худалдан авахаар явж байгаад Б.Э-ын зарах гэж байсан гар утсыг 120,000 төгрөгт зарчихсан. ...Би хар өнгийн малгайтай цамцтай, улаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмдтэй, пүүз өмсөж байсан. Харин Б.Э  дээгүүрээ цагаан өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, ботинктой байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “алдсан гэх iPhone X маркийн rap утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн тайлан (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архи уусан үедээ архины мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Хархорин захын үүдэнд утас авна гэсэн хүнд 120,000 төгрөгөөр зарсан бөгөөд би өөрөө мөнгийг үрчихсэн. Би хохирлыг бүрэн барагдуулсан байгаа...” гэж (хавтаст хэргийн 37 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэх шаардлагагүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох   iPhone X маркийн rap утсыг 600,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 600,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б.Э ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Т нь Би өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Э нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Э-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал), тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51-61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

2.2.       Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.***овгийн Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын биечлэн эдлэх хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА