Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/00232

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/00232

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: М.З-гийн нэхэмжлэлтэй,

  

   Хариуцагч: Ш.Т-д холбогдох,

  

   Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.З, хариуцагч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Т бид хоёр 2010 онд танилцаж, хамтран амьдарсан. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бидний дундаас хүү Т.Ттөрсөн. 2016 оноос зан харилцааны таарамжгүй байдлаас бид хоёр салсан. Би хүүгээ өөр дээрээ авч үлдсэн. 2016 оноос хойш би ажил хөдөлмөр эрхэлж хүүгээ цэцэрлэгт явуулж, харж хандаж, өсгөж байна. Хүү одоо ч гэсэн миний асрамжид байна. Хариуцагч хүүхэдтэйгээ уулзъя, харж хандъя гэж нэг ч удаа надад хандаж байгаагүй. Цаашид хүүхэд сургуульд орж мөнгөний хэрэгцээ их гарах тул хариуцагч Ш.Таас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Ш.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сард бид хоёр ажилгүй, боломжгүй байснаас таарч тохирохоо больж салсан. Би одоо ажилтай болсон цаашид хүүгээ харж хандана. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.З нь хариуцагч Ш.Тд холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Т.Тэлмүүнд хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.Т нь Т.Тэлмүүнийг өөрийн хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчид 2010 онд танилцаж, хамтран амьдарсан ба тэдний дундаас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү Т.Ттөрсөн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Хариуцагч нь Т.Тэлмүүний төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Т.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.Таар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 33.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 37.052 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,  

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Т.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.Таар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 33.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 37.052 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Ш.Таас улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ