Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/00728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Н-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Т.Б-д холбогдох,

 

            Гэм хорын хохиролд 22.170.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагчийн өмгөөлөгч Б, иргэдийн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатайгаар Т.Б-д олгосон. Ингээд Т.Б- нь зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй, намайг хуурч мэхэлсэн болохыг мэдээд Д аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Ингээд миний гаргасан гомдлын дагуу цагдаагийн газраас шалгаад бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд улмаар Т.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолоор намайг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан байдаг. Гэсэн хэдий боловч Т.Б- нь одоог болтол учруулсан хохирлоо төлөхгүй зайлсхийж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан тул шүүхээр эрэн сурвалжлуулан олсон. Иймд Т.Б-гээс эрүүгийн хэрэгт өмгөөлөгч хөлсөлсний зардал 2.000.000 төгрөг, шүүхээр эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 20.000.000 төгрөг, нийт 22.170.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

            Хариуцагч Т.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Н нь анх хийсэн хэлцлээсээ буцаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ялтан болгох гэж үзлээ, одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж эрсдэлээ төлүүлэх гэж зүтгэж байгааг ойлгохгүй байна. Би 2015 онд Д аймгийн Д сумын Ц багийн Х хэмээх газарт хүмүүсийн ухаж сэндийлсэн газрын тодорхой хэсэгт олборлолт явуулж, нөхөн сэргээх агуулга бүхий гэрээг эрх бүхий байгууллагатай хийсэн. Тухайн газарт 20.000.000 төгрөгийн татварыг төрийн санд тушаах ёстой байсныг С.Н- нь би хөрөнгө оруулах боломжтой, 20.000.000 төгрөгийг өгье, харин алтныхаа 15 хувийг өдөр болгон өгч бай гэж тохиролцсон. Ингээд С.Н- нь 20.000.000 төгрөгийг төлсөн. Гэтэл орон нутгийн захиргаанаас уг ажлыг зогсоож, 15.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Д аймгийн цагдаагийн газраас С.Н-ын гомдлыг шалгаад Өршөөлийн тухай хууль гарсантай холбогдуулж бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Н-ын нэхэмжлэлтэй, Т.Б-д холбогдох, гэм хорын хохиролд 22.170.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .........дугаар Прокурорын тогтоолоор “...яллагдагч Т.Б- нь ......... аймгийн Д суманд алт ухсан газрын нөхөн сэргээлтийн ажил хийхээр тус сумын Засаг даргатай гэрээ байгуулах дэнчингийн мөнгө зээлэх нэрийдлээр хохирогч С.Н-аас 20.000.000 төгрөг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдож байна. Яллагдагч Т.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, түүнчлэн Т.Б-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамрагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг удирдлага болгон эрүүгийн 201510000264 дугаартай Т.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн талаар зохигчид маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгч С.Н-ын эд хөрөнгөнд 20.000.000 төгрөгийн гэм хор учруулсан болох нь дээрх Д аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .........дугаар Прокурорын тогтоолоор нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагч Т.Б-гээс гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Мөн нэхэмжлэгч С.Н-ын “...Т.Б-гээс гэм хорын хохиролд 22.000.000 төгрөг гаргуулахаар Д аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Т.Б-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ......... дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “..С.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж зааснаар тогтоогдож байх тул хариуцагч Т.Б-гээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т олгох нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасантай нийцжээ.

Харин нэхэмжлэгч талын “...эрүүгийн хэрэгт өмгөөлөгч хөлсөлж, өмгөөлөгчийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлснийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Б-гээс гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 20.070.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс хариуцагч Т.Б-д хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Т.Б-гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н-ын хүсэлтийг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Б-гээс гэм хорын хохиролд 20.070.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 268.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 258.301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД

 

                        ШҮҮГЧИД                                                           Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                            Б.САРАНТУЯА