Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0694

 

 

 

 

Т.М*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.М*******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/146, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/151 тоот захирамжийг захиргааны хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0699 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0284/З

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.М*******аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/146, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/151 тоот захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0699 дүгээр шийдвэрээр: 

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л дэд заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8 дахь заалт, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.М*******ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/146, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/151 тоот захирамж захиргааны хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Үндэслэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О тайлбартаа “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 30 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс Хан-Уул дүүргийн Засаг даргын А/146, А/151 тоот захирамж гарч хайрганы тээвэрлэлт хийж байгаа машинуудыг тээврийн хяналтын хуудастай явуулах, хариуцлагын гэрээ байгуулах тухай заасан” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 90 тоот захирамжид Хан-Уул дүүргийн Засаг даргад энэ талаар даалгасан заалт байхгүй юм. Мөн 90 тоот захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй гэсэн байна. Энэ акт ХЗДХЯамд бүртгэгдээгүй 2024 оны нэгдсэн эмхэтгэлд нийтлэгдээгүй хүчин төгөлдөр бус юм.

Б.О маргаан бүхий актыг /146, 151 тоот/ захиргааны хэм хэмжээний акт мөн гэж хүлээн зөвшөөрсөн байна. Мөн “ганцхан Т.М******* ганцаараа гомдол гаргасан бусад нь гаргаагүй” гэжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Т.М******* болохоос олон жолооч энэ талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Т.М******* даац хэтрүүлж торгуулсан зүйл байхгүй.

Тээврийн хэрэгслийн стандарт даацыг мөрдөж ажилласан постод үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нэг жолоочоос 20000 төгрөг авч нэвтрүүлдэг. Үүнийг нь Т.М******* өгөөгүй, өгөхгүй гэснээс болж маргаан үүссэн. Энэ маргаанаас болж Техникийн хяналтын хуудас гэрээг олгохгүй явуулахгүй байгаа одоо тээвэрлэлт хийж чадахгүй хохирч байна.

Энэ 146 захирамжид техникийн хяналтын хуудасгүй тээвэрлэлт хийхийг хориглосон заалт орсон, 151 тоот захирамжид дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах, гэрээгүй бол тээвэрлэлт хийлгэхгүй хориглосон заалт орсон. Тээвэрлэлтийг өглөө 8:00-22:00 цаг хүртэл хийхээр зааж цагийн хязгаарлалт тогтоосон Нийслэлийн Засаг даргын 90 тоот захирамжид цагийн хязгаарлалт зааж өгсөн 141, 151 тоот захирамжид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэж зааж өгсөн. Ингэснээрээ 90, 146, 151 тоот захирамжууд захиргааны хэм хэмжээ акт болж байгаа юм.

Д******* С*******ийн бичсэн Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, хэрэглээ номд захиргааны актаас захиргааны хэм хэмжээний актын ялгагдах гол шинж нь тодорхой нэг этгээдэд бус бүлэг эсхүл тодорхой бус олон тооны этгээдэд хандаж гаргасан байдаг. Үйлдэл нь байнга давтагдах гэдэг нь нийтэд чиглэж тодорхой харилцааг зохицуулж байгаа тул нэг удаагийн биш давтамж зохицуулдгаар захиргааны актаас ялгагдана гэж номложээ.

Шүүхээс дээрх 146, 151 тоот захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 37.7-д заасан “нийтлэг шинжээр тодорхойлогддог эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашигласантай холбоотой захиргааны акт байж болно” гэж зааснаар захиргааны актын тусгай тохиолдол захиргааны акт гэж дүгнэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 37.7 дахь заалтад заасан энэхүү ойлголт нь шинэ бөгөөд нийтлэг шинжээр тодорхойлогддог эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд үйлчилсэн захиргааны актын жишээ нь замын тэмдэглэгээ, удаан зогсохыг эсхүл зогсохыг хориглосон зэрэг тэмдэглэгээ байна гэж заасан байна. Иймд 146, 151 тоот захирамж нь 37.7-д захиргааны акт биш юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шийдвэр гаргах боломжтой, мөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, мөн захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэнээр тухайн хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болохоор, харин энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байхаар, өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй байхаар, магадгүй хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцахаар тус тус зохицуулсан.

 

            Т.М*******аас анх Хан-Уул дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр захирамжийн үндэслэл болсон “…нийслэлийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” А/90 дүгээр захирамж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлгүй, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж өөрчилжээ.

 

            Гэвч нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашины бүх жинг “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартад зааснаар хязгаарлаж, тээврийн хугацааг өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл байхаар тогтоосон, харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/146 дугаар захирамжаар дээрх стандартыг мөрдүүлэх авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудсыг баталж, хяналтын хуудасны бүртгэл хөтлөн ажиллахыг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, тээвэрлэгч, тээвэрлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг болгосон, хяналтын хуудасгүй тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хязгаарлахаар, мөн 23-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/151 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

 

            2.Түүнчлэн MNS4598:2020 стандартын зорилгыг “авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино” гэж тодорхойлсон, нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын захирамжтай маргаагүй, гэхдээ маргасан эсэхээс үл хамаарч нийслэл, дүүргийн Засаг даргын дээрх захирамжууд нь бүхэлдээ Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.7-д зааснаар захиргааны акт бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Учир нь уг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж тодорхойлсон, гэтэл дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжууд нь үйлчлэх хүрээний хувьд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт, хамрагдах этгээдийн хувьд зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэгчид байх тул үүнийг хууль зүйн хувьд “нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн” захиргааны акт гэж үзнэ.

 

            Иймд захиргааны хэм хэмжээний бус харин захиргааны актад хамаарах захирамжуудад хэм хэмжээний актад тавигдах хуулийн шаардлага тавих үндэслэлгүй, мөн захиргааны актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэр гаргах эрх захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

 

            3.Түүнчлэн дүүргийн Засаг даргаас нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, стандартыг мөрдүүлэх зорилгоор гаргасан захирамжууд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Авто замын тухай болон Авто тээврийн тухай хуульд нийцсэн, түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас мөрдүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

            Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирын анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “…дүүргийн Засаг даргын захирамжууд хэм хэмжээний акт юм. …2 захирамж Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т зааснаар …захиргааны акт…” гэх зэргээр тайлбарласан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан ч үүнийг давж заалдах гомдолд дурдсанчлан “Б.О маргаан бүхий актыг захиргааны хэм хэмжээний акт мөн гэж хүлээн зөвшөөрсөн” гэж үзэхгүй, учир нь захирамжууд хэм хэмжээний акт уу, эсхүл захиргааны акт уу гэдгийг хэн нэгний аман тайлбараар бус зохицуулалтаар нь, баталсан субъектээр нь, мөн шинжээр нь тодорхойлох ёстой.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

           

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 699 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН