Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 75

 

2016 оны 11 сарын 14                       Дугаар 75                                  Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, 

Улсын яллагч Д.Энх-Амар, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр, Х.Эрдэнэбаатар, 

Хохирогч Э.Баттунгалаг,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч Г.Лхагвадорж, Ц.Ариунболд нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Лхагвадорж, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ариунболд нарт холбогдох эрүүгийн 201617000243 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, тус багийн Хайлаастын 7-729 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овгийн Гантулгын Лхагвадорж /РД:ЛЮ94083015/.

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 1994 оны 10-р сарын 23-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн харьяат, тус багийн нутаг “Гохсой” гэх газар оршин суух, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овгийн Цогтбаатарын Ариунболд /РД:ЖЯ94102319/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/

 

          Яллагдагч Г.Лхагвадорж нь ялтай байхдаа иргэн Ц.Ариунболдын эзэмшлийн 19-61 СҮЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг согтуугаар жолоодон 2016.08.14-нөөс 15-нд шилжих шөнө 03.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд Цагдаагийн газрын баруун талаар хойш яваад зүүн тийш тойрдог хэсэг рүү хойноосоо шороон зам нийлдэг хэсэгт зам хаах зорилгоор асгасан шороог мөргөснөөс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох үнэмлэхтэй байна” 2 дугаар бүлгийн 2.7-ийн а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн 2 дугаар бүлгийн 2.3-ын в-д заасан “ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчиж явсан Э.Баттунгалагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан, 

           яллагдагч Ц.Ариунболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-ийн б-д заасан “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, сансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Г.Лхагвадоржид жолоогоо шилжүүлсэний улмаас Г.Лхагвадорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж иргэн Э.Баттунгалагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Лхагвадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг Баттунгалагийнд байхад “манай хэдэн дүү нар ирээд, ямаа бооё” гээд Хайлааст мод гэх газар явсан. Тухайн үед 2 литрийн пиво 2, 0.75 граммын Сүхбаатар нэртэй архи 1, Улаанбаатар нэртэй 0.5 граммын архийг ямаа боохдоо хэрэглэсэн. Ямаа боож идчихээд наашаа хөдлөхөөр болж, Ариунболдыг согтуу болохоор мотоциклийг нь би барьсан. Баттунгалаг миний ард сундалсан. Торны хашлага дагаж хойшоо явж байгаад, цагдаагийн хажуу талын 4 дүгээр тойргийн зам дээр явж байгаад ойчсон. Овоолсон шороог тулгамдаж хараад, тоормос гишгэсэн боловч тоормос гүйцэд гишгэгдээгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Надад мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй Тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, хамгаалалтын малгай өмсөх талаар мэднэ. Ариунболдыг согтуу байхаар нь санаа зовоод мотоциклийг нь унасан. Ариунболд “мотоциклио бариулахгүй, өөрөө бариад явъя” гэж хэлсэн. Ариунболдыг дарамталсан асуудал байхгүй. Эмчилгээний зардалд сая гаруй төгрөг төлсөн. Хагалгаанд ороход хоногийн мөнгө, хагалгааны багажны 600.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн төлбөрийг өөрөө ажил хийж байгаад төлнө гэж хэлсэн... гэв. 

 

- Шүүгдэгч Ц.Ариунболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Амартүвшин, Мөнхтөмөр нар надтай нэг оны цэргүүд. Тэгээд бид нар Хайлааст гэх газар ямаа боохоор явсан. 0.75 граммын нэг архи, 2 пиво уусан. Тэндээс явах болоход Лхагваа “би мотоциклийг чинь унаад явъя, чи машинд суугаад явчих” гэсэн. Ах нь уначихъя гээд хөдлөөд явсан. Лхагвадорж намайг дарамталсан зүйл байхгүй. Лхагваа мотоцикль унаад, түүний ард Баттунгалаг сундлаад хөдлөхөд араас нь машинтай хөдөлсөн. Золбаярын машинтай араас нь Лхагваа явахад ширүүн явж байсан. Машиныхаа гэрлээр дохио өгсөн боловч мотоциклийн аль нь ч зогсоогүй. Цагдаагийн хойд зам дээр мотоциклийн бензин дуусаад зогсоход би өөрөө очиж асаагаад, мотоциклио унах гэтэл “одоо ердөө ойрхон байна би унаад явъя” гэж Лхагваа хэлээд унаад хөдөлсөн. Миний эзэмшлийн мотоцикль, Мөнх-Очир гэх хүнээс худалдаж авсан. Мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Хөдөө ойр зуур юманд явдаг. Мотоциклийн хувьд техникийн үзлэгт орсон. Тухайн үед бүгд архи уусан байсан. Ухаанаа алдтал уусан зүйл байгаагүй. Би өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Хамт байсан хүмүүс өөрт нь мотоциклийг бариул гэж хэлж байсан. Мотоцикль тээврийн хэрэгслийн үзлэгт орсон. Хамгаалалтын малгай хүртэл байсан. Гарандаа өлгөөтэй байсан. Тухайн үед мотоциклийн хамгаалалтын малгай байсан ч өөрсдөө өмсөөгүй. Цагдаагийн хашаанд байхад хамгаалалтын малгай байсан. Лхагвадоржийг А ангиллын үнэмлэхтэй гэдгийг сайн мэдэхгүй. Мотоциклийн бензин дуусаж зогсоод, буцаад мотоциклийг асааж өгчихөөд, машинтай араар нь хөдлөөд 500 метр явсан. Машины гэрлийн үзүүрт мотоцикль ойчсон байсан. Баттунгалаг замын цаана замын хашлагын наана унасан байсан. Лхагваа дэргэд нь очсон байсан. Жолоогоо бусдад шилжүүлснээс болж ийм асуудал үүссэн, миний буруу... гэв. 

 

- Хохирогч Э.Баттунгалаг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нийт 3.178.131 төгрөг нэхэмжилж байна. Өмнө нь 1.262.770 төгрөг өгсөн. Өмнөх шүүх хурлаас хойш 800.000 төгрөгийг төлсөн. Эмнэлэгт  9 хоног хэвтсэн. Хот явж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хотод ажил хийдэг ах эгч хоёр ирж намайг сахисан. Эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр зөөсөн шатахууны баримтууд байгаа. Ах, эгч хоёр ажлаасаа цалингүй чөлөө аваад ирж сахисан. Лхагвадоржоос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...гэв.  

 

- Гэрч Г.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 08 сарын 14-ний орой 22 цаг өнгөрөөгөөд Хайлаастын модруу явж ямаа боосон юм. Тэгээд тэндээ очоод ямаагаа боогоод 1 шил 0,75 литрийн Сүхбаатар нэртэй архи, 2.5 литрийн боргио пиво хоёрыг бүгд хувааж ууцгаагаад 03 цагийн үед аймаг руу явахаар болсон. Хөдлөхдөө 19-61 сүз улсын дугаартай улаан өнгийн мустанг мотоциклийг Лхагвадорж бариад ард нь Баттунгалаг суугаад явсан. Тэгээд араас нь 75-51 сүа улсын дугаартай саарал өнгийн прадо машиныг Зулбаяр бариад Хэрлэн, Ариунболд бид нар суугаад явсан. Мөнхтөмөр нь өөрийнхөө улсын дугааргүй мотоциклио жолоодоод ард нь Баярбилэг суугаад явсан. Бид нарыг хөдлөхөөс өмнө Мөнхтөмөр хөдлөөд араас нь Лхагвадорж хөдөлсөн. Тэгээд аймгийн зүүн талын ногоон хашлаганы гарцаар ороод хойгуураа тойроод манайх руу явсан. Тэгтэл 5 дугаар тойргийн шороон замын баруун үзүүрт Лхагвадорж мотоцикльтой зогсож байхаар нь Ариунболд бид 2 буугаад  асааж өгөөд Ариунболд мотоцикль дээрээ мордоод явах гэтэл Лхагвадорж нь ах нь бариад явъя гээд буулгаад өөрөө мордоод Баттунгалаг араар нь суугаад урагш чиглэлтэй уруудаад явсан. Тэгээд араас нь машинтайгаа хөдлөөд явж байтал шороон замын төгсгөл засмалтай нийлдэг хэсэгт машины гэрэлд Лхагвадоржийн мотоцикль ойчсон байсан. Тэгэхээр нь Ариунболд бид 2 буугаад яваад очтол овгор шорооны цаад талд засмал зам дээр мотоцикль нь унасан. Цаана замын тавиагүй боржурын хажууд Баттунгалаг газар хэвтсэн, Лхагвадорж хажууд нь суугаад толгойг нь барьсан байдалтай байсан. Тэгээд сандраад Лхагвадорж бид 2 Баттунгалагийг өргөж машины арын суудалд суулгаад Хэрлэнг эмнэлэг рүү дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/

 

- Гэрч Г.Мөнхтөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 08 сарын 14-ний орой 22 цаг өнгөрөөгөөд Хайлаастын мод руу явж ямаа боосон юм. Тэгээд тэндээ очоод ямаагаа боогоод 1 шил 0,75 литрийн Сүхбаатар нэртэй архи, 2.5 литрийн боргио пиво хоёрыг бүгд хувааж ууцгаагаад 03 цагийн үед аймаг руу явахаар болсон. Хөдлөхдөө 19-61 сүз улсын дугаартай улаан өнгийн мустанг мотоциклийг Лхагвадорж бариад ард нь Баттунгалаг суугаад явсан. Тэгээд араас нь 75-51 сүа улсын дугаартай саарал өнгийн прадо машиныг Зулбаяр бариад Хэрлэн, Ариунболд Амартүвшин нар суугаад явсан. Би өөрийнхөө улаан өнгийн даюунг маркийн улсын дугааргүй мотоциклио жолоодоод ард найз охин Баярбилэгийг суулгаад түрүүлээд хөдөлсөн. 5 дугаар тойргийн замаар баруун тийшээ тойроод урагшаа яваад 4 дүгээр тойргийн засмал замын асгасан шорооны хажуугаар гараад зүүн тийшээ засмал замаар яваад Амартүвшингийн гадаа очиж байж байгаад нөгөө хэдээ ирэхгүй болохоор нь эргээд ирсэн мөрөөрөө яваад очтол засмал болон шороон зам нийлсэн хэсэгт Лхагвадорж ахын мотоцикль ойччихсон Баттунгалагийг машин руу Амартүвшин, Лхагвадорж ах 2 өргөөд оруулаад хөдөлж байсан. Ариунболд нь ойчсон мотоциклийг босгоод надтай хамт Амартүвшингийн хашаанд мотоциклио тавиад 06 цаг өнгөрөөгөөд эмнэлэг рүү явган очиход Лхагвадорж ах Баттунгалагийн цаад талд хүлээн авахад унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

 

- Гэрч Б.Зулбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 08 сарын 14-ний орой 22 цаг өнгөрөөгөөд Хайлаастын мод руу явж ямаа боосон юм. Тэгээд тэндээ очоод ямаагаа боогоод 1 шил 0,75 литрийн Сүхбаатар нэртэй архи, 2.5 литрийн боргио пиво хоёрыг бүгд хувааж ууцгаагаад 03 цагийн үед аймаг руу явахаар болсон. Хөдлөхдөө 19-61 сүз улсын дугаартай улаан өнгийн мустанг мотоциклийг Лхагвадорж бариад ард нь Баттунгалаг суугаад явсан. Тухайн үед Ариунболд нь өөрөө барих гэсэн чинь Лхагвадорж нь би баръчихая чи согтуу байна гээд Ариунболдод хэлээд байсан. Тэгээд араас нь 75-51 сүа улсын дугаартай саарал өнгийн прадо машиныг би бариад Хэрлэн, Ариунболд, Амартүвшин нар суугаад явсан. Мөнхтөмөр нь өөрийнхөө улаан өнгийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклио жолоодоод ард нь Баярбилэгийг суулгаад түрүүлээд хөдөлсөн. 5 дугаар тойргийн замаар баруун тийшээ тойроод явж байтал урд явж байсан Лхагвадорж, Баттунгалаг нар мотоциклиосоо буучихсан зогсож байхаар нь очоод зогсоод уулзтал бензин дуусчихлаа гэж байсан. Тэгээд Ариунболд, Амартүвшин нар буугаад асааж өгөөд Лхагвадорж, Баттунгалаг нар нь  мотоцикльтойгоо хөдлөөд явсан. Бид нар араас нь явж байтал 5 дугаар тойргийн зам урагшаа яваад 4 тойргийн засмал зам нийлдэг хэсэг дээр мотоцикль ойчсон байхаар нь Ариунболд, Амартүвшин нар бууж очоод Баттунгалагийг Амартүвшин, Лхагвадорж нар өргөөд машин руу оруулж арын суудал дээр хэвтүүлээд түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд Хэрлэн нь түргэн дуудаад бид нар эмнэлэг рүү хөдөлсөн. Ариунболд нь ойчсон мотоцилио асааж хөдөлгөөд Амартүвшингийн гэр лүү явсан...”гэх мэдүүлэг /хх-27-28/

 

- Гэрч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...19-61 сүз улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоциклийг 2012 онд худалдаж авч бүртгэлд оруулсан...унаж хэрэглэж байгаад 2015 оны 07 сард 700,000 төгрөгөнд Ц.Ариунболдод зарсан, уг мотоцикль нь одоо болтол миний нэр дээр явдаг юм байна. Бидний дунд одоо ямар нэгэн маргаан байхгүй, мотоциклийн төлбөрийг бүрэн барагдуулж дууссан байгаа...” гэх мэдүүлэг /хх-34-35/

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн бүдүүвч.2016.08.15 /хх-05-06/

 

- Гэрэл зургийн үзүүлэлт.2016.08.15 /хх-11-12/

 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-15-16/

 

- Эд зүйлийн үнэлгээ /хх-17/

 

- Техникийн шинжээчийн 2016.08.18-ны өдрийн №5 дугаартай дүгнэлтэнд:1. 1961 СҮЗ улсын дугаартай Мустанг маркийн улаан өнгийн мотоциклийн жолооч Г.Лхагвадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. жолооч Г.Лхагвадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох үнэмлэхтэй байна”, 2.7-ийн а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3-ын в-д “ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 4. 19-61 СҮЗ улсын дугаартай Мустанг маркийн улаан өнгийн мотоциклийн эзэмшигч Ц.Ариунболд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 5. 19-61 СҮЗ улсын дугаартай Мустанг маркийн улаан өнгийн мотоциклийн эзэмшигч Ц.Ариунболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн б-д “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна ” гэжээ/ хх-41/ .

 

 - Шүүх химийн шинжээчийн 40 тоот дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Лхагвадоржоос авсан гэх цусанд 0.8 промилли илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна /хх- 46/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 363 дугаартай актын дүгнэлтэнд: 1. Э.Баттунгалагийн биед духанд зулгаралт, зүүн гарын шуу, нуруунд зулгаралт, гавал тархины зүүн талын хатуу хальсны гадна ясан дор цусан хураа, гавал ясны зүүг талын чамархайн хэсэгт цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Э.Баттунгалагийн биед учирсан духанд зулгаралт, зүүн гарын шуу, нуруунд зулгаралт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, гавал тархины зүүн талын хатуу хальсны гадна ясан дор цусан хураа, гавал ясны зүүг талын чамархайн хэсэгт цууралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэжээ /хх- 74/.

 

- Э.Баттунгалагийн өвчний түүх № 0003007 /хх- 52- 73/

 

- Э.Баттунгалагийн хохирлын баримт /хх- 115- 147, 159- 163, 165/

 

-  Г.Лхагвадоржийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 96/

 

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоол /хх- 102- 105/

 

- Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, технологийн төвийн 2016.11.07-ны өдрийн 15/2456 дугаартай албан тоот 

 

- Захиргааны хяналт зогсоох тухай тогтоол.2015.11.04

 

- Ц.Ариунболдын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 108/ 

 

- Ц.Ариунболдын Жолоочийн үнэмлэх/ хх- 111/

 

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ № 000701919 /хх- 113/ зэрэг болно.

 

          

          Шүүгдэгч Г.Лхагвадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох үнэмлэхтэй байна”, 2.7-ийн а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3-ын в-д “ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин 2016.08.14-нөөс 15-нд шилжих шөнө 03.00 цагийн үед иргэн Ц.Ариунболдын эзэмшлийн 19-51 СҮЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг согтуугаар жолоодон, зорчигч Э.Баттунгалагийг сундалж яваад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд Цагдаагийн газрын баруун талаар хойш яваад зүүн тийш тойрдог хэсэг рүү хойноосоо шороон зам нийлдэг хэсэгт зам хаах зорилгоор асгасан шороог мөргөж, давж унан осол гаргаж зорчигч Э.Баттунгалагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан, 

         шүүгдэгч Ц.Ариунболд нь 2016.08.15-ны шөнө 03.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өөрийн эзэмшлийн 19-51 СҮЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн б-д “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж согтуурсан этгээд Г.Лхагвадоржид жолоогоо шилжүүлсэний улмаас Г.Лхагвадорж нь Баруун-Урт сумын төвд Цагдаагийн газрын баруун талаар хойш яваад зүүн тийш тойрдог хэсэг рүү хойноосоо шороон зам нийлдэг хэсэгт зам хаах зорилгоор асгасан шороог мөргөж давж унан  осол гарган зорчигч Э.Баттунгалагийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Баттунгалаг, гэрч Г.Амартүвшин, Г.Мөнхтөмөр, Б.Зулбаяр, Б.Мөнх-Очир нарын мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх- 5-10/, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 11-12/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Техникийн шинжээчийн 05 тоот дүгнэлт, Шүүх химийн шинжээчийн 40 тоот дүгнэлт, Шинжээчийн 363 тоот дүгнэлт 171 тоот акт,  00701919 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн нөхцөл байдлыг судлавал, шүүгдэгч Г.Лхагвадорж нь мотоцикль жолоодох буюу тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй атлаа, мөн согтуурсан үедээ бусдын эзэмшлийн мотоциклийг унаж, шөнө оройн цагт хурдыг тохируулаагүй явснаас хөдөлгөөнд аюул саад болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж чадалгүй, зам хаах зорилгоор асгасан шороог давж унасан, өөрөө болон зорчигчид хамгаалах малгай өмсгөөгүй явснаас хохирогч Э.Баттунгалаг унахдаа толгойдоо хүнд гэмтэл авсан, шүүгдэгч Ц.Ариунболд нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж болохгүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглох зэрэг хууль, дүрмээр хүлээсэн үүргээ мэдсээр атлаа согтууруулах ундаа уусан Г.Лхагвадоржид жолоогоо шилжүүлсний улмаас  Г.Лхагвадорж нь осол гарган зорчигч Э.Баттунгалагийн бие махбодид хүнд гэмтэл учирсан нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Г.Лхагвадоржийн “ Тухайн үед 2 литрийн пиво 2, 0.75 граммын Сүхбаатар нэртэй архи 1, Улаанбаатар нэртэй 0.5 граммын архийг ямаа боохдоо хэрэглэсэн. Ариунболдыг согтуу болохоор мотоциклийг нь би барьсан. Баттунгалаг миний ард сундалсан. Торны хашлага дагаж хойшоо явж байгаад, цагдаагийн хажуу талын 4 дүгээр тойргийн зам дээр явж байгаад ойчсон ” гэх, хохирогч Э.Баттунгалагийн “Г.Лхагвадорж нь мотоцикль бариад түүний ар талд би сундлаад хөдөлсөн юм, тэгээд аймагруу орж байснаа санаж байна, тэгээд яагаад мотоцикльтойгоо унаж ойчих болсон, яаж ойчсон эсэхээ огт санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт эмчлүүлж байсан. Хэн хэн нь хамгаалалтын малгай өмсөөгүй байсан “ гэх мэдүүлэг зэргээр хэрэгт нотлогдоно. 

Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Лхагвадоржийн тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй атлаа, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон, шүүгдэгч Ц.Ариунболдын тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд  жолоогоо шилжүүлсэн гэм буруутай үйлдэлтэй холбоотой хийгээд уг ослын талаар гарсан Техникийн шинжээчийн 05 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Лхагвадорж, Ц.Ариунболд нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Г.Лхагвадоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, хорих ял оногдуулах, шүүгдэгч Ц.Ариунболдыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Г.Лхагвадоржийн согтуурсан үедээ, мөн ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10-т, Ц.Ариунболдын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д тус тус заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хохирогч Э.Баттунгалаг эмчилгээний болон бусад зардалд нийт 3.230.901  төгрөг нэхэмжилснээс гэмт хэргийн улмаас учирсан шууд зардалд хамааралгүй шашны зан үйлтэй холбоотой лүйжэн тавиулсан 30.000 төгрөг / хх- 118 /, ном айлтгасан 3000 төгрөг/хх- 147/, мөн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 54.000 төгрөг/ хх-122/, нэр зөрөөтэй, тамгагүй баримттай 60.000 төгрөгийн/хх-148/, нийт 147.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн дээрх нэхэмжлэлээс эмийн үнэ 350.000 төгрөг / хх- 137/, 101.200 төгрөг /хх- 138/, шатахууны үнэ 34.650 төгрөг/ хх- 132/, 275.000 төгрөг/ хх- 159/, 520.000 төгрөг/хх- 165/, нийт 1.189.750 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Учир нь дээрх нэхэмжлэлийн тооцоог шууд гаргах бололцоогүй хийгээд холбогдох хүмүүсийг гэрчээр асууж, тодруулах, нэмэлт материал зайлшгүй шаардлагатай байна. Иймд хохирогч нь энэ нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэв.

Харин хавтаст хэргийн 117, 119-121, 123-131, 133-136, 139-146, 160-163 дугаар хуудасны 935.914 төгрөг, 165 дугаар хуудасны Ган-Дөш дэлгүүрийн 3.200 төгрөг, Энэрэлтбаясгалант ХХК-ны 224.00 төгрөгийн, нийт 1.439.114 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал хийгээд нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Лхагвадоржоос гаргуулах үндэстэй гэж үзэв. Шүүгдэгч Г.Лхагвадорж нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.262.770 төгрөг төлсөн байх тул үүнийг хохирлын 1.439.114 төгрөгөөс хасаж, үлдэх 176.344 төгрөгийг хохирогч Э.Баттунгалагт олгоно. 

 

Шүүх өмгөөлөгч Т.Хүдэрийн “ Шатахууны зардал, хонины мах авсан зардал Э.Баттунгалагийн эмнэлэгт хэвтсэнтэй холбоогүй тул Г.Лхагвадорж хариуцахгүй “ гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэсгүй гэж үзнэ. Учир нь шүүгдэгч Г.Лхагвадоржийн буруутай үйлдлийн улмаас хохирогч тархиндаа гэмтэл авч мэс ажилбар хийлгэн эмнэлэгт 15 хоног хэвтэж эмчлүүлсэн бөгөөд уг хүнсний зүйлийн зардал нь түүний эргэлтийн хоол хүнс, эмчилгээ сувилгаанд зарцуулагдсан болох нь хохирогч Э.Баттунгалагийн “ гэмтэлд орсноос хойш байнга эмчилгээ хийлгэж байгаа, эм тариа, эмчилгээний төлбөрт мөнгө төгрөг их орж байгаа” гэх мэдүүлгээр нотлогдоно.

 

Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Баттунгалаг нь шүүгдэгч Ц.Ариунболдоос хохирол нэхэмжлээгүй бөгөөд Ц.Ариунболд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн 19-61 СҮЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгоно.     

 Өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын “ Ц.Ариунболд Г.Лхагвадоржид тээврийн хэрэгслийг сайн дураараа өгсөн зүйл харагддаггүй, жолоогоо дур мэдэн шилжүүлээгүй, сайн дураараа өгөөгүй, Г.Лхагвадорж өөрөө унаад явсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Ц.Ариунболдын хувьд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна ” гэж шүүгдэгч Ц.Ариунболдын гэм буруугийн талаар мэтгэлцэж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзнэ. 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлд заасан жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, болгоомжгүйн аль аль хэлбэрээр үйлдэгдэж болдог ба шүүгдэгч Ц.Ариунболд нь Г.Лхагвадоржийн А ангилалд тохирох тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар шилжүүлсэн, А ангилалд тохирох тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг мэдэлгүй, шалгаж үзэлгүй болгоомжгүйгээр шилжүүлсний аль аль нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн Хорин дөрөвдүгээр буюу “ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг “ бүлэгт тогтоосон “ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, үйл ажиллагаа явуулах эрх “ нь агуулгын хувьд адил ойлголт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1-д  заасан “ үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял “ бөгөөд бүх ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхэд хамааралтай зохицуулалт хийгээд  хуулинд тээврийн хэрэгслийн ангиллыг тусгайлан заагаагүй болно. 

 

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 292 дугаар зүйлийн 291.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Боржигон овгийн Гантулгын Лхагвадоржийг ялтай байхдаа, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Хатгин овгийн Цогтбаатарын Ариунболдыг согтуурсан үедээ согтуурсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01 / нэг/ жил 08 / найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Г.Лхагвадоржид оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Лхагвадоржоос 176.344 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн иргэн Э.Баттунгалагт олгож, 147.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Хохирогч Э.Баттунгалаг нь энэ тогтоолоор хэлэлцэхгүй орхисон 1.189.750 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

           6. Ялтан Г.Лхагвадорж нь хохирогч Э.Баттунгалагт эмчилгээний зардалд 1.122.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Баттунгалаг нь шүүгдэгч Ц.Ариунболдоос хохирол нэхэмжлээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан ялтан Ц.Ариунболдын өмчлөлийн 19-61 СҮЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 29-ний өдрийн Мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Лхагвадорж, Ц.Ариунболд нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН