Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 127

 

МАГАДЛАЛ

 

2018.01.05                                                     Дугаар 127                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ч.П нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03519 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.П нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, Улсын бүртгэлийн Ү-2204042255 дугаарт бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Б Х 416-р байрны 104 тоот, 71.8 м.кв 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгож, 71.800.000 төгрөг гаргуулах,

Г.Т-ын сөрөг нэхэмжлэлтэй Ч.П холбогдох ах Б-ийн авч өгсөн автомашины үнэ 13.000.000 төгрөг, эмчилгээний зардалд эгч Г.Н-с өгсөн мөнгө 28.500.000 төгрөг, нийт 41.500.000 төгрөгний тавин хувь 20.750.000 төгрөг /PRIUS/ приус автомашин худалдан авсан зээлд 2015-01-28-ны өдрөөс 2015 оны 11-р сар хүртэл зээлийн төлөлт 4.239.000 төгрөг төлсөний 50 хувь 2.119.500 төгрөг, нийт 22.869.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч : Г.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Үр хүүхэдтэй болохгүй байсан, бидний амьдралд ах, эгч нар оролцдог, зөрчил ихтэй байсан. Х банкинд байраа тавьсан нь салах шалтгаан болсон. Манайхаас байр авахад хэдэн төгрөг өгч чадах вэ гэхээр нь манай гэр бүл хуралдаад 30.000.000 төгрөгийг өгч чадна гээд аав, ээж Д хотод байсан байраа зарж миний ээж 30.000.000 төгрөгийг Т-ын эгч Н-ийн дансруу шилжүүлсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулна, орон сууц авахад өгсөн 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2005 онд танилцаж, Д хотод П-ын гэр бүлийхэнтэй хамт амьдарч байсан. 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Үр хүүхэдтэй болох гэж их оролдсон боловч бүтээгүй. Солонгос улсад П эмчилгээ хийлгэсэн. 2012 онд миний эгч Н 106.982.000 төгрөгийг төлж, гэрээг хийж Б хорооллын 416-р байрны 104 тоотод 2 өрөө орон сууцыг авч өгсөн. 30.000.000 төгрөг байр авснаас хойш эгч Н-д өгсөн юунд хэрэглэснийг мэдэхгүй. Ч.П гэр бүл хурал хийснийг нь би мэдэхгүй. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бусдыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г.Т-с сөрөг нэхэмжлэлдээ: Ах Б-ийн авч өгсөн /PRIUS/ приус автомашины үнэ 13.000.000 төгрөг, Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэх зардалд Н эгчээс өгсөн 28.500.000 төгрөг, нийт 41.500.000 төгрөгний тавин хувь болох 20.750.000 төгрөг, 2015-01-28-ны өдөр Х банкнаас авсан зээлд 4239000 төгрөгийг төлсөн тал хувь 2.119.500 төгрөг, нийт 22.869.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Эмчилгээ хийлгэхэд тухайн үед 3 сая төгрөгний асуудал л яригдаж байсан. Одоо яагаад 20 гаруй сая төгрөг болсоныг ойлгохгүй байна. Ах Б нь /PRIUS/ приус машиныг өгсөн, Т унаж хэрэглэдэг байсан, зээлийн хувьд би өөрөө цалингийн зээл авч төлж байсан, хамт амьдарч байх хугацааны зардлыг би цалингаасаа төлж байсан учир 22.869.500 төгрөгний сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж овогт Ч-ын П, Ө овогт Г-ийн Т нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2, 126.2.4, 128-р зүйлийн 128.1, 128.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П хариуцагч Г.Т холбогдох 30.000.000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2204042255-рт бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Б хорооллын 416-р байрны 104 тоот, 71.8 м.кв 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Х банканд барьцаанд тавьсан 143.600.000 төгрөгний тал хувь болох 71.800.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1 дэх эхэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-ын сөрөг нэхэмжлэлтэй Ч.П холбогдох 22.869.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П-оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 601400 төгрөг, хариуцагч Г.Т-аас төлсөн 48862 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П-оос 293700 төгрөг, хариуцагч Г.Т-аас 223436 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа хариуцагч Г.Т-аас шүүхэд ирүүлсэн Е0538476 паспортыг буцаан олгож, баримт үйлдэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.П, Г.Т нар нь хамтран амьдрах хугацаандаа буюу 2012 оны 04 сард Баянзүрх дүүргийн 26-р хороо, Б Х /13311/, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байрны 104 тоот хаягтай, 71,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч амьдарч ирсэн байдаг. Орон сууц худалдан авахад Ч.П ээж З.Б 30 сая төгрөг, Г.Т-ын эгч Г.Н 70 сая 600 мянга төгрөгийг тус тус гаргасан бөгөөд гэр бүл болсонд нь зориулж үр хүүхдүүдээ худалдан авч өгсөн байдаг. Гэтэл Г.Т нь хамтын өмчлөлийн орон сууцаа Ч.П огт мэдэгдэлгүйгээр эгч Г.Н-гийн компани болох Б орд ХХК-ийн Х банкнаас авсан зээлийн барьцаанд барьцаалж, хожим зээлийн төлбөрт тооцон Х банкны өмчлөлд орон сууцыг шилжүүсэн байдаг. Дээр бүх нөхцөл байдлуудаас шалтгаалж Ч.П зүгээс шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудьгг гаргасан. Үүнд, Гэрлэлт цуцлуулах, Улсын бүртгэлийн Ү-2204042255 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Б Х /13311/, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байрны 104 тоот хаягтай, 71,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгож, өөрт ногдох хувийг тодорхойлуулах, Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, бусдад дур мэдэн шилжүүлсэн үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу дундьга өмч хөрөнгөөс өөрт ногдох хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргуулах. Гэтэл, шүүх гэрлэлт цуцлахаас бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож тайлбарлан шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэрийг гаргаад байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.П зүгээс хариуцагч Г.Т-тай эвлэрэхээр бол 30 сая төгрөгийн дүнгээр эвлэрье, эвлэрэхгүй гэвэл хуулийн дагуу хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцнаас өөрт ногдох хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулж авья гэдэг байдлаар тайлбарласан. Гэтэл шүүх дээрх шаардлагуудаас гадна нэмж 30 сая төгрөг гаргуулах шаардлага гаргасан мэтээр ойлгож шийдвэрлэсэн нь буруу болсон. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсьш тэмдэгтийн хураамжид нийт 601,400 төгрөгийг буюу хуульд заасан хэмжээнээс илүү дүнгээр төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Ч.П шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан мэтээр дүгнэж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчээс 293,700 төгрөг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.П нь хариуцагч Г.Т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, Улсын бүртгэлийн Ү-2204042255 дугаарт бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Б Х 416-р байрны 104 тоот, 71.8 м.кв 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгож, 71 800 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ах Б-ийн авч өгсөн автомашины үнэ 13 000 000 төгрөг, эмчилгээний зардалд эгч Г.Н-с өгсөн мөнгө 28 500 000 төгрөг, нийт 41 500 000 төгрөгний тавин хувь 20 750 000 төгрөг /PRIUS/ приус автомашин худалдан авсан зээлд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэл зээлийн төлөлт 4 239 000 төгрөг төлсөний 50 хувь 2 119 500 төгрөг, нийт 22 869 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06509 дүгээр шийдвэрээр шийдвэрлэснийг хариуцагчийн гомдлыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 251 дүгээр магадлалаар хянаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэлийн шаардлага бүрийн үндэслэлийг тодруулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг шийдвэрлээгүй, “...143 600 000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсаныг хангасан үндэслэл тодорхойгүй...” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Тухайн үед нэхэмжлэгч нь хариуцагчаас 43 080 000 төгрөг гаргуулах, Г.Т, Г.Н, Г.Б болон Х банкны хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5001169772-01 тоот Баталгаат ипотекийн гэрээний Г.Т болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 416-104 тоот үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Х банк болон “Б о” ХХК нарын хооронд байгуулсан 15/15-017 тоот төлбөр барагдуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж, Х банкинд олгогдсон 2204042255 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 000454402 тоот гэрчилгээг хүчингүй болгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнийг дундын өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс гаргуулах гэсэн шаардлагуудыг гаргаж байжээ.

Улсын Дээд Шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/хт2017/00465 тоот тогтоолоор дээрх 251 дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Түүнээс хойш нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, өөрчилсөн гэх баримт хэрэгт авагдаагүй учир дээрх шаардлагуудыг шүүхийн магадлал, тогтоолд зааснаар тодруулаагүй нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй байгаагаас давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл бүрэн тогтоогдоогүй байна. Шүүхийн дээрх алдааг залруулах боломжгүй юм.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03519 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 293 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

                                                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

               ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ