Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01114

 

 

                                         “Э Т Э с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00598 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дүгээр магадлалтай,

“Э Т Э с”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жемнэт” ХХК

Төлбөрт илүү төлсөн 448,782,800 төгрөгийг гүйцэтгэх хуудсанд заасан 937,695,315 төгрөгийн төлбөрт тооцуулж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар “Э Т Э с”  ХХК нь “Жемнэт” ХХК-д интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 932,873,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4,822,315 төгрөг, нийт 937,695,315 төгрөгийг төлөхөөр болсон. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.01.11-ний өдөр уг магадлалын дагуу гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба “Э Т Э с”  ХХК нь төлбөр авагч “Жемнэт” ХХК-д сар бүр төлбөл зохих интернетийн үйлчилгээний төлбөр дээрээ илүү төлөлт хийж явсаар 2019.06.30-ны өдрийн байдлаар 448,782,800 төгрөгийг илүү төлсөн буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөөс 448,782,800 төгрөгийг төлсөн байна. Манай компани шүүхийн шийдвэрт зааснаас хойш 2016.09 дүгээр сараас 2019.06.30-ны өдрийг хүртэл 2,775,249,800 төгрөг төлсөн. Эндээс дүгнэхэд дээрх 2016.10.01-ний өдрөөс 2019.06.30-ны өдрийг хүртэлх хугацаанд 2,326,467,000 төгрөгийн үйлчилгээг “Жемнэт” ХХК-иас авч 2,775,249,800 төгрөгийг төлсөн буюу 448,782,800 төгрөгийн илүү төлөлттэй байна. Уг 448,782,800 төгрөгийг шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан 937,695,315 төгрөгөөс хасч тооцвол 488,912,515 төгрөгийг төлбөр төлөгчид төлөх ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас одоогийн байдлаар нийт 517,493,315 төгрөгийг манай байгууллагын харилцах данснаас болон бэлнээр хураан авсан. Өөрөөр хэлбэл “Жемнэт” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр зохих 937,695,315 төгрөгийг бүрэн төлөөд дуусчихсан буюу сайн дураар “Жемнэт” ХХК-д төлсөн 448,782,800 төгрөг дээр хураан авсан 517,493,315 төгрөгийг нэмэхэд 966,276,115 төгрөг болно. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан төлбөл зохих төлбөрөөс 28,580,800 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг албадан гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар “Э Т Э с”  ХХК-иас 932,873,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4,822,315 төгрөг, нийт 937,695,315 төгрөгийг гаргуулж “Жемнэт” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2018.01.11-ний өдөр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч “Э Т Э с” ХХК-ийн дансыг битүүмжилж 205,337,315 төгрөгийг дансны хасалтаар төлүүлсэн бөгөөд төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлсөн гэх баримт ирүүлээгүй. Төлбөр авагчийн зүгээс 448,782,800 төгрөгийг аваагүй талаар тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаартай шийдвэр манай байгууллагад ирээгүй. Давж заалдах хугацаа дуусаагүй” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жемнет" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “...”Эс Ти Экс ситинет” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Энэхүү иргэний хэрэг нь “Э Т Э с”  ХХК-иас “Жемнэт” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөр барагдуулах үйл ажиллагаанд саад учирч байгаа болно...” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00598 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалыг албадан гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай “Э Т Э с”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар “Э Т Э с”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018.01.30-ны өдрийн 18300139/01 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч талыг Улаанбаатар хотын банкны 2617001560 тоот дансанд төлбөрөө 2018.02.05-ны өдрийн дотор сайн дураар шилжүүлэхийг мэдэгдэж, “Э Т Э с”  ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Батдорж гарын үсэг зурж эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулахаар хүлээн авсан ч төлбөрөөсөө төлөөгүй тул 2019.07.22-ны өдрийн 18300139/125 дугаар тогтоолоор “Э Т Э с”  ХХК-ийн арилжааны банк дахь дансуудыг битүүмжилж, хасалт хийсэн. Төлбөр төлөгч “Э Т Э с”  ХХК нь 2016 оноос хойш “Жемнэт” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгийг шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрт тооцуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар оролцуулан нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг шүүхэд хянан хэлэлцэж байх үеийн байдлаар /2020.01.13/ 493,721,315 төгрөгийг “Э Т Э с”  ХХК-ийн арилжааны банк дахь дансуудаас хасалт хийн төлбөр авагчийн данс руу шилжүүлсэн. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18300139/01 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөөр байтал төлбөрөө шилжүүлээгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлал гарахаас талуудын хоорондох төлбөр тооцооны гүйлгээг шүүхийн шийдвэрт тооцох боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх "...Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 403,926,006 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болохыг тогтоож шийдвэрлэсэн баримт байна, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэх  тайлбарыг талууд гаргасан тохиолдолд анхан шатны шүүх энэ баримтын талаар тодруулж, тухайн маргааны зүйлтэй холбоотой асуудлаар өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд тухайн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлэх, эсхүл мөн хуулийн 65.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзвэл энэ хуулийн 117 угаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байжээ..." гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь "Эс Ти Экс ситинет" ХХК нь 2017.08.18-ны өдрийн 1871 дугаартай магадлал хүчин төгөлдөр болохоос өмнөх хугацааны өр төлбөртөө шилжүүлсэн мөнгийг тус шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 937,685,315 төгрөгөөс хасуулж тооцуулахаар шаардлага гарган маргаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, "Жемнет" ХХК нь давж заалдах гомдол гаргасан талаар тайлбарласан, мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээ зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэн тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд хандах эрх нь нээлттэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/1111112020/00598 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Э Т Э с”  ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт илүү төлсөн 448,782,800 төгрөгийг гүйцэтгэх хуудсанд заасан 937,695,315 төгрөгийн төлбөрт тооцуулж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, Шүүхийн тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.14-ний өдрийн 182/ШШ2017/00793 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар “Э Т Э с”  ХХК-иас нийт 937,695,315 төгрөгийг гаргуулж “Жемнет" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч 2018.01.11-ний өдрийн 18300139 дугаар тогтоолоор шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөх хугацаа тогтоох, төлбөр төлөгчийн харилцах дансыг битүүмжилж, түүний данснаас 554,535,315 төгрөгийг хураан авч төлбөр төлөгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь “Жемнет" ХХК-иас 2016.10.01-ний өдрөөс 2019.06.30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2,326,467,000 төгрөгийн үйлчилгээг авч 2,775,249,800 төгрөг төлсөн буюу илүү төлсөн 448,782,800 төгрөгийг шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан 937,695,315 төгрөгийн төлбөрт тооцох ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хариуцагч төлбөр авагч “Жемнет" ХХК-иас төлбөр төлөгдсөн талаар тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах талаар нэг бүрчлэн зохицуулан хуульчилжээ.

Хэрэгт төлбөр авагч “Жемнет” ХХК-ийн 2019.10.17-ны өдрийн 19/214 тоот “Төлбөр төлөгч “Э Т Э с”  ХХК нь 2016.10 дугаар сараас 2019.08 дугаар сарын хооронд төлсөн гэх төлбөр нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөөний интернет урсгал болон сувгийн түрээсийн дагуу төлсөн үйлчилгээний төлбөрийг харуулсан жагсаалтыг гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгдөөгүй байна” гэсэн албан бичиг авагдсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.22-ны өдрийн 4/736 дугаартай “...Талуудын хооронд байгуулагдсан 2015.09.01-ний өдрийн ЖН-15/025, 2018.01.01-ний өдрийн ЖН-18/003 тоот Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар болон 2016-2019 онуудад төлбөрийн гүйлгээний жагсаалтыг гаргуулан тулгахад гүйлгээний утганд “Интернетийн төлбөр” төлсөн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу төлөлт хийсэн гэх баримт байхгүй байна” гэсэн албан бичгийг  “Э Т Э с”  ХХК-д хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх төлбөр төлөгч “Э Т Э с”  ХХК шүүхийн шийдвэрийн дагуу 448,782,800 төгрөгийн төлөлт хийгээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох боломжгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасантай нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дүгээр шийдвэрээр “Э Т Э с”  ХХК “Жемнет" ХХК-д төлөх 937,695,315 төгрөгөөс 403,926,006 төгрөгийг төлж, 403,926,001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхийг талуудаас тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлэх, эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.02.18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эрхгүй.

Түүнчлэн “Жемнэт” ХХК-иас шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу “Э Т Э с”  ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар шүүхэд илэрхийлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч дуусгавар болгох боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын гомдлыг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.СОНИНБАЯР

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ    

                           ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ