Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/597

 

 

 

 

 

 

    2022          08           31                                       2022/ШЦТ/597

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000000 0885 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын *** -ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын угсралтын мэргэжилтэй, хувиараа барилгын мужаан хийдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 423 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 5 хоногийг хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан.

*** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд баригдаж байгаа барилгын талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** “нутаг усаараа дээрэлхлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, цээжин хэсгээс нь зуурч чирэн эрүүл мэндэд нь хэвлий, баруун гуянд шарх, баруун шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хэвлийд зулгаралт, дээд уруулд язралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 2210000000885 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд баригдаж байгаа барилгын талбайн бригадын хүмүүстэйгээ хоол унд хийж идээд орой нь 5-6 шил 0,75 граммын архи хувааж уусан. Бид нар түр хугацаанд байрлаж ажиллах гэр дотроо суугаад тасарч унах нь унаад, унтах нь унтаж, би нутгийн ах *** миний нутгийн ах гээд юм яриад орон дээр сууж байтал *** ах “нутаг ус яриад байх юм, би чиний ах биш юм уу” гэхээр нь “таны ах гэж юу байсан юм” гэж хэлсэн чинь нутаг усаараа дээрэлхлээ гэж уурлаад босож ирээд намайг орон дээрээс түлхэж газарт унагасан. Миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон, өмсөж явсан хувцасны захнаас зуураад намайг үүд рүү чирсэн, ...чирсэн чигээрээ гадна гаргасан. Тэр үед миний нуруу хэсэг маш их хорссон мэдрэмж төрсөн. Тэгээд намайг гадагш гаргаад намайг газарт хэвтсэн чигээрээ байж байхад *** ах гэр лүү буцаад орчихсон. Би хэсэг хэвтэж байгаад гэрт ортол миний нуруу хэсэгт өвдөөд байхаар нь хартал миний баруун бөөрний хэсэгт урагдаад арьс нь ангайчихсан байсан. Түргэн дуудаж эмнэлэгт үзүүлээд 36 оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

3. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай бригадын баг ажлаа эртхэн дуусгачхаад хоол унд хийж идээд бага зэрэг архи уусан. Ойролцоогоор 3-4 шил 0,75 граммын архи уусан. Бид нар эрт ажилтай тул амрах гээд байж байгаад *** намайг нутгийн ах гээд орилоод байсан. Тэгсэн *** “адилхан ах нар чинь байхад яах гэж ингэж байдаг юм” гэхэд *** “энэ хоёр бол манай нутгийн ах шүү” гэсэн. Тэндээс тэр хоёр маргалдсан юм шиг байгаа юм. Хоёулаа архи уучихсан согтуу архины халуундаа бие биедээ агсарч байсан. *** тэр хоёр өөд өөдөөсөө харсан орон дээр сууж байгаад *** босож ирээд ***ын нүүр лүү хоёр удаа алгадсан чинь *** газар унасан. *** түүн рүү эсэргүүцэл үзүүлсэн чинь *** түүний хувцаснаас угзарч татаад газар чирэх маягтай татсан. Тэр хоёрыг би салгаад байж байтал *** “ахаа энийг хардаа” гээд нуруугаа харуултал нуруун нь зүсэгдчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №9314 дугаартай хүний биед хийгдсэн:

-*** биед хэвлий, баруун гуянд шарх, баруун шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хэвлийнд зулгаралт, дээд уруулд язралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

5. Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд хувь хүний хаус дээр ажиллаж байгаа мужааны бригад өдрийн ажлаа дуусгачхаад нойроо хүргэх зорилготой 2-3 шил Соёрхол гэх 0,75, 0,5-тай архи уусан. Гэгээ тасраад бүрэнхий болж, бид нар өндөрлөөд унтах гэж байхад *** Батсайханыг миний ах намайг чи юу юм гэх мэтээр үг хаяад байсан. Ах дүү гэж явж байсан мөртлөө намайг ах гэж хүндэлсэнгүй гээд гомдож уурлах зэрэгцээд сууж байсан газраасаа босоод ***ын нүүр лүү 2-3 удаа алгадсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад би ***ыг газар түлхээд унагачихсан. Түүний өмссөн байсан хувцаснаас нь угз татсан. Тэгээд л тухайн үед байсан хүмүүс биднийг салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

6. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч ***ы бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 39 дэх тал), хохирогч *** гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 40 дэх тал), хялбаршуулсан журмаар  хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн   26 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), таслан шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 31-36 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад яллагдагч зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч ***ы үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын аманд баригдаж байгаа барилгын талбайд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ *** “нутаг усаараа дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, хувцаснаас нь татаж чирэн бие, эрүүл мэндэд нь хэвлий, баруун гуянд шарх, баруун шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хэвлийд зулгаралт, дээд уруулд язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...*** ах ...нутаг усаараа дээрэлхлээ гэж уурлаад босож ирээд намайг орон дээрээс түлхэж газарт унагасан. Миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон, өмсөж явсан хувцасны захнаас зуураад намайг үүд рүү чирсэн, ...чирсэн чигээрээ гадна гаргасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),          

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...*** босож ирээд ***ын нүүр лүү хоёр удаа алгадсан чинь *** газар унасан. *** түүн рүү эсэргүүцэл үзүүлсэн чинь *** түүний хувцаснаас угзарч татаад газар чирэх маягтай татсан. ...би салгаад байж байтал *** “ахаа энийг хардаа” гээд нуруугаа харуултал нуруун нь зүсэгдчихсэн байсан ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №9314 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

-Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...***ын нүүр лүү 2-3 удаа алгадсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад би ***ыг газар түлхээд унагачихсан. Түүний өмссөн байсан хувцаснаас нь угз татсан. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж тодорхойлсон.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл  шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх тул эдгээр шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.

Шүүгдэгч, хохирогч нар архидан согтуурсан байсан нь, нэгнээ үл хүндэтгэсэн харилцаа бий болж, улмаар маргаан үүсэж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нөхцөл болжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

Иймд шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирол, хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогчоор мэдүүлэхдээ “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн талаар (хавтаст хэргийн 8, 40 дэх тал), бичгээр гаргасан хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шилжүүлсэн тул   тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан,  шүүгдэгч ялын саналыг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** нь Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтууд авагдсан байх бөгөөд мөн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 423 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 5 хоногийг хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан ялын хугацаа дуусгавар болсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч *** нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН