| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02404/и |
| Дугаар | 102/ШШ2019/00366 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2019/00366
| 2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2019/00366 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Э-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХЦГ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 43 тоот хаягт байрлах, 56.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Газрын тосны газар ажиллаж байхдаа байгууллагын хөнгөлөлттэй нөхцөлтэй ХЦГХХК-ийн барих орон сууцанд 2014 онд захиалга өгсөн. Байр 2 жил хагасын хугацаанд баригдсан. Байрны захиалга өгөхдөө 30 хувийн урьдчилгаа төлсөн. Үлдэх төлбөрийг барилгын гүйцэтгэлийн явцад төлөх байсан ч ажил зогссон учраас заасан хугацаанд төлөөгүй. Байр ч гэрээний хугацаанд ашиглалтад ороогүй. 2017 онд барилгын ажил үргэлжилж, 2018 онд байр ашиглалтад орсон. Би 2017 оны сүүлээр үлдэгдэл 30 хувийн төлбөр төлж, 2018 онд 40 хувь төлж, байрны төлбөрийг 100 хувь төлсөн. Байрныхаа үл хөдлөхийн гэрчилгээ авахаар Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар материал бүрдүүлж хандсан. Гэтэл ХЦГХХК-ийн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжилсэн байна гэсэн. Би байрны төлбөрийг 100 төлж, худалдаж авсан тул үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ХЦГХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. 2014 онд талууд орон сууц ашиглалтад оруулах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Л.Э 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. ХЦГХХК үл хөдлөхийн гэрчилгээ гаргахад өөрөөс шалтгаалах бүх бичиг баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч байрныхаа улсын бүртгэлийн гэрчилгээ авахаар холбогдох газар хандсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ХЦГХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь иргэн н.Туулд олгох 500.000.000 төгрөгийн шийдвэр, Батгүен ХХК-д олгох 250.656.500 төгрөгийн шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн. 2014 онд талуудын байгуулсан гэрээгээр 2018 онд Л.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж дууссан тул байрны өмчлөгч Л.Э болохыг хүлээн зөвшөөрч байна. ХЦГХХК-иас 43 тоот байрыг бусдад барьцаалсан барьцаалбар байхгүй. Шийдвэр гүйцэтгэл дээр 43 тоотоос гадна 5-6 байр битүүмжлэгдсэн байгаа гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч ХЦГХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 43 тоот хаягт байрлах, 56.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь төлбөрөө бүрэн төлсөн тул Л.Э өмчлөгч мөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Э нь ХЦГХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан ба ХЦГХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Газрын Тосны газрын ажилчдын орон сууцны барилгын 1 дүгээр орцны 43 тоот хаягт байрлах, 57.48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж, 2015 оны 2 дугаар улиралд уг орон сууцыг ашиглалтанд оруулах, нэхэмжлэгч Л.Э нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу 77.598.000 төгрөгийн хөлсийг төлөхөөр харилцан тохирчээ /хх 4,5 дугаар хуудас/.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хэдийгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй байх боловч шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Л.Э нь ХЦГХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүрэн төлсөн, хариуцагч тал ажлын үр дүн буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Газрын Тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 43 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг барьж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан ба Л.Э 2018 оны 5 дугаар сараас хойш уг орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.3-т Тухайн орон сууцны төлбөр 100 хувь хийгдэж дуусах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ХЦГХХК байна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн нөхцлөөр өмчлөх эрх шилжих талаар гэрээндээ тохиролцсон байна.
Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны байшин болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтаар 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн үлдэгдэл 10.400.000 төгрөгийг төлж дуусгаж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэхээр хариуцагчаас холбогдох баримтыг авч, бүртгэлийн байгууллагад хандсан болох нь нотлох баримтаар тогтоогдлоо.
Уг орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 1/8029 тоот баримтаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээс өмчлөх эрхийг бүртгээгүй байна.
ХЦГХХК нь Л.Эы захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийг бусдын төлбөрт барьцаалаагүй болох нь талуудын тайлбар болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдож байна.
Дээрх байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байх тул Л.Эы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтыг баримтлан ХЦГХХК-ийн өмчлөлд байгаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 43 тоот хаягт байрлах, 56.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Эыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ